СУРВАЛЖИЛГА: Гацуур шатаж, орон сууцад гарсан галыг унтрааж байсан аврагч амиа алдсанаас хойш худалдаачид галын хамгаалалттай гацуур зарах болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 4 секунд

Догдлол дүүрэн арванхоёрдугаар сар гарч шинэ жилийн баярын уур амьсгал утаатай хотод маань өнгө нэмжээ. Айлууд гацуураа засч, өнгийн гэрэл анивчих нь сэтгэл хөвсөлзүүлнэ. Даан ч өнөөх гэрийн хойморт заларсан гацуур, гоёл чимэглэл маань гай тарина гэж хэн мэдэх билээ. Баярын уур амьсгал орсон яг ийм л үед долоон хүн амь насаа алдсан гашуун мэдээ гол зурж байв.

Arslan.mn

2023.12.19-ны 07:06 цаг: Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Сутай хотхонд гал гарч байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, улмаар 2-10 насны дөрвөн хүүхэд, 27-40 насны гурван хүн алтан амиа алдсан юм. Тэдний дунд гал түймрийн дуудлагаар ажиллаж байсан 27 настай гал сөнөөгч байв. Олон хүний амийг авч одсон энэ гал түймэр гацуур модноос болсон гэж онцгой байдал, цагдаагийн байгууллагаас мэдээлж байлаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гал сөнөөгч ажиллагааны явцад тактикийн ямар нэгэн алдаа гаргаагүй. Тухайн орон сууц хоёр орцтой. Цагдаагийн байгууллага, шинжээчид гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан. Тухайн байранд амьдарч байсан гэрийн эзний яриагаар бол тухайн үед гацуур мод шатаж, маш их утаа гарч байсан учраас өөрийн эрхгүй гарсан гэх тайлбарыг өгсөн байсан” гэж байлаа.

Мөн л энэ харамсалтай хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүргийн дугаар тоотод хаягтай айлын гацуур мод шатаж, гурван хүүхэд угаартсан харамсалтай үйл явдал болсон бол дараа нь бас л гацуурнаас болж таван ханатай гэр үнс нурам болж, гэрийн эзэд нь золоор амьд үлдсэн ч хөхөө өвлийн хүйтэнд өмссөн хувцастайгаа л үлдсэн энэ мэт гашуун үйл явдал ар араасаа хөврөхтэй зэрэгцэн өнөөх хамгийн гүйлгээтэй бараа хог дээр үсэрч чанар аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөв.

ЭНЭ ЖИЛ НАЙМААЧИД ХЯМД ГАЦУУРНААС ТАТГАЛЗАЖ ГАЛД ТЭСВЭРТЭЙ, ГАЛ ХАМГААЛАГЧТАЙ БОЛОХЫГ ОНЦОЛЖ БАЙНА

Нэг үгээр, амины гарзтай гацуур модод гүйлгээнээс гарч наймаачид шатсан 2023 улирч 2024 онтой золгосон. Өнөө жил гацуур модод галын аюулгүй, үнэргүй "найдвартай" болохын хэрээр үнэтэй байгааг зах худалдааны төвүүдээс харж болохоор.

Дүнжингарав худалдааны төвөөр орлоо, наймаачид хямд үнэтэй, нүд хуурсан гацуур мод хүмүүст зарахаас илүүтэй "гал гаргах материалгүй, үнэргүй, галын хамгаалалттай" гэж онцлох болжээ. Ийм гацуур 650 мянган төгрөгөөс 1.3 сая хүртэл төгрөгийн үнэтэй байна.

Тус худалдааны төвийн худалдагч Т.Баярболд гацуураа танилцуулахдаа галын хамгаалалттай болохыг тодотгов. Тэрбээр "Pvc материалтай гацуурнууд 2-3 жил хадгалахаар үс нь налдаг. Мөн галд шатах материалтай байдаг. Манайд зарж буй канад загварын гацуурнууд хэлбэр дүрсээ алдахгүй, оросын гацуур шиг хадгалалт сайтай. Мөн галд шатах материлгүй гэдгээрээ онцлог. Гацуурнууд 650 мянган төгрөгөөс 1.3 сая төгрөг хүртэл үнэтэй байна. Тоглоом чимэглэл нь бэлгэнд явна" гэлээ.

Мөн худалдагч Н.Анхбаяр гацуур мод нь өөрөөсөө гэрэлтэй ч гал гаргах материалгүй болохыг онцолсон. Тэрбээр канад загварын гацуур мод нь голдоо гал хамгаалагчтай буюу гал гарах нөхцөлгүй болохыг тодотгож байлаа. Жил бүрийн энэ үеэс эхлэн шинэ он гарах хүртэл айл, албан байгууллага бүр хоймортоо гацуур мод залж баярын уур амьсгал оруулдаг.

Гацуурны тухайд үнэ ханш, өндөрөөсөө хамаарч үнэ харилцан адилгүй ч хүмүүс хямд гэхээс илүүтэй галын хамгаалалттай найдвартай гацуурны эрэлд гарах болсон байна.

Энэ талаар худалдагч Г.Баярчимэг ярихдаа "Хүмүүс хямд үнэтэй гэхээс илүү гал гаргахааргүй чанартай гацуур авахыг боддог болсон. Үнийн хувьд 700 мянган төгрөгөөс эхэлж байгаа. 100 мянган төгрөгт нь бэлэг дагалдуулдаг болохоор хүмүүс ч сайн авдаг. Гацуурны тухайд галд өртөмтгий дэгдэмхий материалтай биш, ямар ч үнэргүй бас үс нь унахгүй" гэж байлаа.

ХҮМҮҮС ГАЛД ТЭСВЭРТЭЙ ЧАНАРТАЙ ГАЦУУРЫГ ЗЭЭЛЭЭР Ч ХАМААГҮЙ АВЧ БАЙНА

Дараа нь "Их наяд" худалдааны төв орлоо. Энд "Соёолж" дэлгүүрт шинэ жилийн баярын гоёл чимэглэлүүд хямд үнэтэй, бөөнд нь худалдаалж байна. Гацуур 35 см нь 45 мянган төгрөгөөс эхлээд 3 метр хүртэл 607 мянган төгрөгийн үнэтэй. Мөн минимал загварын гацуурнууд ч байна. Гэхдээ үнэ хямд байх тусам гацуурны материал "муудаж" байгааг зах худалдааны төвүүдээр хэд тойроход л анзаарч болно. Хэрэв чанартай гацуур авъя гэвэл зээлээр ч авах боломж бүрджээ.

Иргэдийн хувьд хямд гэхээс илүү чанартай гацуурыг зээлээр ч хамаагүй авч байгаа нь ч анзаарагдсан. Тухайлбал, pocket zero ашиглаж урьдчилгаагүй, хуваан төлөх нөхцөлтэй гацуур худалдаалж буй газрууд ч байсан юм. Харин наймаачид бол хямдруулах болон хуваан төлөх нөхцөлтэйгээр гацуур зарах боломжгүй гэдгийг хэлж байсан. Учир нь гацуур, гоёл чимэглэлийн сезон одоо л эхэлж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжилдэг учраас тэр гэнэ.

Анзаарахад, наймаачид урдаас хямд үнэтэй гацуур бөөндөж зардаг байсан бол одоо канад загварын гацуур зарах нь нийтлэг байлаа. Учир нь, канад загварын гацуур нь 100 хувь галд тэсвэртэй PE материалтай гэдгээрээ онцлог аж. Түүнчлэн мөчир нь шигүү байх тусам үнэ нь нэмэгдэж байлаа.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭДЭЭ ДУРТАЙ ТОГЛООМООР НЬ ГАЦУУРАА ЧИМЭГЛЭЖ, ШИНЭ ЖИЛИЙН БАЯРТ ГЭРЭЭ ЧИМЭГЛЭХЭД "ГАР ТАТАХ"-АА БОЛЬЖЭЭ

Зах худалдааны төвүүдээр шинэ жилийн ая эгшиглэж, цаа буга, цасан охин, өвлийн өвгөн гацуур модод өнгө алаглаж баярын уур амьсгал орсон байлаа. Энэ жил улаан өнгө трэнд болж байгаа нь гоё чимэглэлүүдээс анзаарч болно. Иргэдийн хувьд шинэ жилийн баярын гоёл чимэглэлд /гацуур тооцохгүй/ хамгийн багадаа л 200 мянган төгрөг зарцуулж байна.

Цаа буга гэхэд л 60 мянган төгрөг, өвлийн өвгөн, цасан охин 30 мянгаас 120 мянган төгрөг, бэлэгний оймс 25 мянган төгрөг, өнгийн гэрлүүд 15 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол гацуурны тоглоом ширхэг нь 5000 төгрөгөөс эхэлж байлаа. Хүмүүс шинэ байранд орж гацуураа томруулж байгаа, хүүхдийнхээ гацуурыг шинэчилж байгаа, ач зээдээ гацуур, гоёлын чимэглэл авч байгааг зах худалдааны төвөөс харж болохоор. Гэхдээ хүүхдэдээ л зориулж гэрээ чимэглэж, гацуураа дуртай тоглоомоор нь чимэглэхийг хичээдэг болохыг эцэг эх, эмээ өвөө нар ярьж байлаа. Зах худалдааны төвүүдэд гацуур ямар үнэ ханштай байгааг танилцуулъя.

  • Дүнжин гарав худалдааны төвд гацуур мод

150 см 189- 280 мянган төгрөг

180 см 350-650 мянган төгрөг

210 см 1-1.3 сая төгрөг

  • Их наяд плазагийн Соёолж худалдааны төвд гацуур мод

150 см 181650 төгрөг

210 см 244650 төгрөг

240 см 328650 төгрөг

  • “Sunday Plaza" худалдааны төв гацуур мод

150 см 190 мянган төгрөг

210 см 380 мянган төгрөг

240 см 450 мянган төгрөг

  • 3, 4 дүгээр хороолол “1000 нэрийн бараа”-ны урд задгай талбай гацуур мод

150 см 120 мянган төгрөг

180 см 240-350 мянган төгрөг

210 см 400-550 мянган төгрөг

240 см 600 мянган төгрөгөөс 1.2 сая төгрөг

Харин өнөөдрийн байдлаар Нарантуул олон улсын худалдааны төв гацуур зарж эхлээгүй байгаа юм байна.

Ийм болов ч хэчнээн галд тэсвэртэй материалтай гацуур байсан өнгөрсөн өвлийнх шиг гунигтай түүхийг давтахгүйн тулд гацуурны гэрлийг удаан асаахгүй, гэрлийг нь залгаж орхихгүй, хүүхдийг ганцаараг нь үлдээхгүй байхыг цагдаа, онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлснийг энд дурдахгүй өнгөрч болохгүй биз.

ЦАГ АГААР: Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!