ХОРИГ: Үе үеийн Ерөнхийлөгч нарын төсөвт тавьсан хоригийн нийтлэг үндэслэл нь тойргоо “услах“ гишүүдийг эсэргүүцсэнтэй холбоотой байжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 54 секунд

Шинэ он гарахад нэг сар орчмын хугацаа үлдээд байна. Гэтэл ирэх оны төсвийн эргэн тойронд үүссэн хэл ам өнөөдрийг хүртэл дуусаагүйгээр барав Ерөнхийлөгчийн хоригоор үргэлжилж байна.

Эргэн сануулбал, Ерөнхийлөгчийн зүгээс 33 их наядын орлого, 35 их наядын зарлага, 1.9 тэрбум төгрөгийн алдагдалтай, батлагдахтайгаа зэрэгцэн тодотгол хийх нөхцөлд орсон 2025 оны төсвөө эргэн харж, алдагдлаа бууруулж, хууль дээдлэх зарчмаа баримтлах ёстой гэж үзээд төсөвт бүхэлд нь хориг тавьсан байдаг.

Парламентад дахин "хаяглагдсан" Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эл хоригийг өнгөрөгч долоо хоногт УИХ хүлээж авсан. Үргэлжлүүлэн энэ долоо хоногт нэг удаагийн дэг гаргаж, хэлэлцэх учиртай. Нэг удаагийн дэг гаргах учир нь, өнгөрсөн хугацаанд буюу есөн удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын түүхэнд төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан нэг л удаагийн тохиолдол байсан аж. УИХ-аар алх цохиулж чадсан хоёр дахь төсвийн хориг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хориг болж буй юм. Тэгвэл үе үеийн Ерөнхийлөгч нарын тавьсан төсөвт тавьсан хоригийн талаар мэдээллийг уншигч та бүхэнд хүргэж байна.

-Н.Багабанди Ерөнхийлөгчийн хориг төсөв рүү чиглэж байсангүй-

Н.Багабанди нь хууль тогтоомжид тавьсан хоригийн тоогоороо үе үеийн Ерөнхийлөгч нар дундаа "толгой цохидог". Түүний хувьд найман жилийн хугацаанд 30 удаа хориг тавьснаас 20 нь хэсэгчилсэн 10 нь хуульд бүхэлд нь тавьсан хориг байв. Үүнээс УИХ 10 хоригийг хүлээн аваагүй байдаг. Харин түүний хориг төсөв рүү чиглэж байсан удаа үгүй.

-2005,2006: Тойрог бүрт 100 сая төгрөг хуваарилсан төсөвт амжилттай хориг тавьсан нь-

Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ нийт хоёр удаа төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьжээ. Харин үүнээс 2005 онд тавьсан хоригийг нь УИХ хүлээж авсан байдаг. Энэ төсвийн гол маргаан нь УИХ-ын гишүүдийн тойрогтоо хуваарилсан 7.6 их наядын эргэн тойронд үүсэж байв. Ингэхдээ "Бүс нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт" нэрээр УИХ-ын гишүүдийн тойрог бүрт 100 сая төгрөг хуваарилсан байжээ.

Ийнхүү Ерөнхийлөгч Н.Энхбаярын зүгээс улсын төсвийн зарцуулалт нь хэт үрэлгэн, тодорхойгүй зүйлүүдийг багтаасан хэмээн үзэж ийнхүү хэсэгчилсэн хориг тавьсан.

Үүнээс жилийн дараа буюу 2006 онд тэрбээр ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан хэдий ч УИХ хүлээж аваагүй юм. 2006 оны Монгол Улсын төсөв нь зарлага, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөөрөө онцлог бөгөөд Ерөнхийлөгч Н.Энхбаяр төсвийн тогтвортой байдлыг хангах үүднээс шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн сануулга нь төсвийн тогтвортой байдлыг хангах, илүү оновчтой хуваарилалт хийхэд чиглэсэн бодлогын эхлэл болж байсан талаар эх сурвалжуудад дурдсан байх нь бий.

-2010, 2012: Гишүүн бүрт нэг тэрбум төгрөг хуваарилах заалтад тавьсан ХОРИГ унав-

Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчөөр ажиллах үедээ 2010, 2012 оны төсвүүдэд бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавьж байв. Гэвч түүний хоригийг УИХ хүлээж авсан удаагүй.

-2010 оны төсөвт УИХ-ын гишүүдэд нэг тэрбум төгрөг хуваарилах агуулга багтсан байсныг эсэргүүцэн, эл хоригийг тавьжээ. Тэрбээр энэ хуваарилалтыг “луйврын шинжтэй” гэж үзэж, шүүмжилсэн. Харин УИХ-ын олонх бүлэг энэ хоригийг хүлээн аваагүй.

-2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн төсвийн тодотголд хориг тавьж, нийгмийн халамжийн зардлыг нэмэгдүүлэхгүй байхыг шаардаж байсан.

-2018,2020,2021: Төсвийн нийт зардлыг 20 хувиар бууруулахыг шаардаж, дэд бүтэц бүтээн байгуулалтын төслүүдийн зардлыг шалгаж, заримд төсөлд хязгаарлалт хийх санал бүхий ХОРИГУУД-

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа төсөв рүү чиглэсэн гурван удаагийн хоригийг тавьжээ. Тодруулбал, 2018,2020,2021 оны улсын нэгдсэн төсвийг үр ашиггүй зарцуулалт, алдагдал нь өндөр байна хэмээн тавьсан аж.

-2018 оны улсын нэгдсэн төсөвт хориг тавьсан гол шалтгаан нь төсвийн зарлага нэмэгдэх нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж магадгүй хэмээн үзсэнтэй холбоотой.

-2020 оны төсөвт тусгагдсан томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөлд холбогдсон зардлыг дахин шалгаж, зарим төсөлд хязгаарлалт хийхийг санал болгож, мөн онд Ерөнхийлөгч хориг тавьсан. Түүний хориг нь эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, төсвийн зардлыг хэмнэх шаардлагатайг илэрхийлсэн байдаг аж.

-2021 оны төсвийн тодотголд мөн хориг тавьсан бөгөөд нийт зардлыг 20 хувиар бууруулах санал гаргасан. Тэрбээр төрийн халамжийн зардлыг бууруулж, онцгой хэрэгцээт салбаруудад, тухайлбал эрүүл мэндийн салбарт илүү их хөрөнгө оруулалт хийхийг шаардаж байв.

-2025: У.Хүрэлсүхийн ХОЁР ДАХЬ хориг-

Тэрбээр төсөв батлагдсанаас даруй 13 хоногийн дараа төсөвт хориг тавьж буйгаа мэдэгдсэн. Бүхэлд нь тавьсан эл хориг нь түүний бүрэн эрхийн хугацаанд тавьж буй хоёр дахь удаагийн хориг юм. Тэрбээр 2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавьсан билээ.

Эргэн сануулахад, тэрбээр өнгөрөгч 2023 онд УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайдаар ажиллаж байсан Н.Учралын санаачлан батлуулсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-д бүхэлд нь хориг тавьж байсан.

“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!