Хүүхдийг ханиад томуунаас урьдчилан сэргийлэх энгийн арга нь гараа угаах болохыг ЭХЭМҮТ-ийн амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч н.Ариунхишиг зөвлөв. Тэрбээр “Эцэг эхчүүд манай хүүхэд гэртээ байгаа ч ханиаднаас салахгүй байна гэсэн зовиурууд хэлдэг. Юун дээр анхаарах вэ гэхээр, ханиад томуу төст өвчин ихтэй үед томчууд бүгд халдвар тээгч болж байдаг. Иймээс халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай. Үүнд, гадагшаа явж орж ирэхдээ гарыг сайн угаах хэрэгтэй. Ялангуяа томчууд гарыг маш муу угаадаг. Жишээ нь, манай тасагт хэвтэн эмчлүүлж буй цэцэрлэгийн насны хүүхдүүд гараа угаах, асран хамгаалагч нар болох насанд хүрсэн иргэд гараа угаасны дараа төхөөрөмжөөр шалгаж үзэхэд цэцэрлэгийн насны хүүхдийн гар угаалт маш сайн байгаа юм.
Яагаад гэвэл, тэдгээр хүүхдүүд дэс дараагаар нь гараа угаадаг. Харин томчууд гараа угаахдаа “хуурамч” угаадаг. Тиймээс хүн бүр гараа сайн угаах хэрэгтэй. Мөн хоолойгоо сайн зайлах хэрэгтэй. Үгүй бол зөвхөн гараа угаасан болж хүүхдээ үнсвэл гаднаас өвчин тээж, хүүхдэдээ халдвар дамжуулдаг” гэсэн юм.
Үргэлжлүүлэн зөвлөхдөө, хувцсыг бүрэн солих хэрэгтэй гэлээ. Энэ талаа ярихдаа “Бүрэн хувцсыг солих хэрэгтэй. Яагаад гэвэл, хувцаснаас нүүрс, тамхи, утаа үнэртэж болно. Ийм үнэрт хүүхдийн цээж шуугиж болно. Мөн 6 хүртэл сартай хүүхдийг вакцин хамруулдаггүй. Томуу дэгдээгүй үед вакциндаа хамрагдах хэрэгтэй. 6 сартайгаас доош сартай хүүхдийн тухайд бусад гэр бүлийн гишүүд вакцинд хамрагдсан байхад хүүхдийг хамгаалж байна гэсэн үг. Цэцэрлэгийн насны хүүхдийн тухайд эмнэлгээс гарсны дараа өрхийн эмчийн хяналтад гарч байгаа нь эдгэрэх шатлуу орлоо гэсэн үг. Хүүхдийг цэцэрлэг, сургуульдаа явж болно гэсэн үед нь явуулах хэрэгтэй. Хүүхэд биеийн байдал нь тогтворжсон ч дархлаа нь сэргээгүй байхад дахиад хамгийн түрүүнд ханиад хүрэх эрсдэлтэй” гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!