Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: “Халтуур”-ны юм хийдгээ болиоч ээ, Хүрэлбаатар гишүүн ээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 3 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Бид 2.1 их наядын алдагдалтай төсөв батлах тухай ярьж байна. Би багасгах боломж байна гэж харж байна. Төсвийн хөрөнгө оруулалтуудыг янзлаад өг л дөө. Долоон ширхэг объектын үнийн дүнг хэлээд өгөөч. ХЗДХЯ, Тагнуулын байшин, Монголбанк, Яармагийн гээд байгаа гүүр, сургуулийн автобусны талаар үнэн яриад байгаа юм уу. Яармагт буй шүүхийн байшинг иргэдийн үйлчилгээний газар болгож өөрчлөх ёстой. 2013 онд эхэлсэн шүүхийн байшин босох юм уу. Төрийн албан хаагчийн орон тоо хэд байна вэ. Концесс дээр төсөвт өртөг нь яагаад нэмэгдсэн юм бэ. Юуг хэдэн төгрөгөөр ямар хугацаанд босгож байгаа вэ? Үнэн зөв тоо хэлж өгөөрэй. Засгийн газрын төсвийг олон хоногийн өмнө өгөх боломж олгомоор юм. Би уншаад ойлгох аргагүй, цагийг нь тулгаад өгч байна. Аравдугаар сарын 1-нд Засгийн газар өргөн барьсан байх ёстой. “Халтуур”-ны юм хийдгээ болиоч ээ, Хүрэлбаатар гишүүн ээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Би муу ч сайн ч найман жил эдийн засгаар сурсан. Төсвийг хуулийнхаа хугацаанд аравдугаар сарын 1-нээс өмнө өргөн мэдүүлсэн. Parliament.mn дээр гарсан. Хуулийн хугацаандаа өргөн барьсан. Ил болгосон материалыг уншаад танилцах нь таны эрхийн асуудал. Цахимаар өгсөн, үүнийг дэмжиж байгаа. Би муу сайн ч гэсэн найман жил эдийн засгаар сурсан юм. Эдийн засагт агшилт явагдаж байгаа бол дотоод эдийн засгаа агшаасан бодлого явуулж болдоггүй юм. Ингэвэл борц болдог. Эргээд сэргээхэд хэцүү болно. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Энэ нь онол юм. Хүссэн хүсээгүй бодит амьдрал дээр шаардагдаад гараад ирдэг зүйл. Барилгуудын хөрөнгө оруулалтын асуудал. Эхнийх нь концессын гэрээнүүд. Хүрэлсүхийн засгийн газар нэг ч концессын гэрээ байгуулагдаагүй. Өмнөх гэрээнүүд бүгд доллараар хийгдсэн юм билээ. Төгрөгөөр хийгдсэн байсан бол ийм асуулт гарахгүй байх. Монголбанкны барилга улсын төсвөөс хийгддэггүй. Сургуулийн автобус мөн ялгаагүй орон нутгийн төсвөөс хийгдсэн зүйл. ХЗДХЯ-ны санхүүжилт төсвөөс гарсан.

Зам тээврийн сайд Л.Халтар: Налайхын зам 36.5 сая долларын зээлээр хийгдэж байгаа, бараг 20 км, дөрвөн урсгалтай. Ажлын гүйцэтгэл 77 хувьтай явна, ирэх онд дуусна. Хучилтын ажлуудыг өнгөрсөн нэгдэх өдрөөс зогсоосон.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: УИХ-ын гишүүдийн асуултад тодорхой хариулт өгөх ёстой. Сангийн сайд уурлаад байх шаардлага байхгүй. 2017 онд би ажил авснаас хойш Засгийн газар ямар нэг концесс хийж байсангүй. Төрийн албан хаагчдын тоо жил ирэх тусам өсч байна. 196 мянга хүрсэн гэж албан ёсны тоо ирсэн. Жил болгон төрөлт өсч, сургуульд элсэж буй хүүхдийн тоо нэмэгдсэн. Үйлчилгээний ажилчдын тоо жил ирэх тусам өсч байна. Үүнийг дагаад төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж буй мэдээлэл бий. Таны хэлснээр, бид аль болох өр авахгүйгээр ажлаа хийж байна.

“Мандал даатгал”-ын хувьцааг 272.3 сая төгрөгөөр арилжжээ
“Мандал даатгал”-ын хувьцааг 272.3 сая төгрөгөөр арилжжээ
 
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.