Боловсролын яамнаас боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлж, ажиллуулах журмын төслийг боловсролын салбарын цахим үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран боловсруулж, өнөөдөр эцэслэн баталлаа. Тус яамнаас сургалтын зориулалтаар ашиглагдаж байгаа программ хангамж, систем, цахим шилжилттэй холбоотой боломжит ажил үйлчилгээнүүдийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж либералчлах, компаниуд төсөл хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагыг зорьдог биш, сургууль, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгцээ шаардлагыг хангах байдлаараа өрсөлддөг зах зээлийн зарчмыг бий болгох бодлого баримталж байгаа юм.
Энэ хүрээндээ, боловсролын үйлчилгээ үзүүлдэг цахим системүүдийг хооронд нь уялдуулах, мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн интерфэйс архитектурыг боловсруулахаар Боловсролын яам, харьяа байгууллагууд болон EdTech компанийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмын төслийг боловсруулж, өнөөдөр эцэслэн баталсан юм. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын цахим үйлчилгээ үзүүлдэг компаниуд зах зээлд өрсөлдөх тоглоомын дүрмээ өөрсдөө боловсруулаад, баталж буй юм.
Журмын төсөлд дараах онцлох өөрчлөлтүүдийг тусгав. Үүнд:
- Сургалтын байгууллага, Edtech компани хоорондын харилцаанд төрийн шаардлагагүй оролцоог багасгаж, шаардлагатай тохиолдолд Боловсролын яам хяналт тавьдаг байх;
- Мэдээлэл солилцох боломжтой эсэхэд заавал Боловсролын яам болон Боловсролын ерөнхий газар оролцолгүйгээр технологийн мэргэжилтнүүд нь шийдвэрлэх боломжтой байх;
- Сургалтын байгууллага, Edtech компани хоорондоо гэрээ байгуулахдаа системийн ерөнхий болон тусгай шаардлага хангаж байгаа эсэхийг Удирдах зөвлөл ба бусад зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэдэг болох;
- Гэрээ байгуулахдаа цахим систем ашиглах, аливаа субъектээс хамааралгүйгээр мэдээлэл солилцох үйл явц хэвийн үргэлжлэх;
- Систем ашиглалтын зардлыг эцэг, эх асран хамгаалагчдад сайн дурын үндсэн дээр хариуцуулдаг болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!