СУРВАЛЖИЛГА: ДЦС-3 ТӨХК-ийн элэгдсэн тоног төхөөрөмж нийслэлчүүдийг тог, дулаанаар тэтгэж чадахгүй нь

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 54 секунд

Дулааны цахилгаан станцууд социализмын үедээ гацжээ. Үүний тод жишээ нь гуравдугаар дулааны цахилгаан станц. Юун шинэ технологи, хиймэл оюун ухаан. Дэлхийн хөгжлөөс бид алсарч дундад зууны үе шиг орчин нөхцөлд л цахилгаан эрчим хүч, дулаанаа дөнгөн данган үйлдвэрлэж байгааг харж болно. 1968 онд анх баригдсан гэх дунд даралтын зуухын хэсгээр нь ороод гарахад л ийм дүр зурагтай байсан юм.

ЦООРЧ ЭЛЭГДСЭН ТРУБИНГЕНЕРАТОРУУД ХЭЗЭЭ МӨДГҮЙ ДЭЛБЭРЭХ ЭРСДЭЛ ДУНД ТОГ, ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Хэнгэрэг хагарах шахам дуу чимээтэй, үнс тоос бужигнаж уур савссан энэ орчинд бидний өдөр тутмын тог, цахилгаан, дулааныг үйлдвэрлэдэг ч тоног төхөөрөмжүүд нь элэгдэж мууджээ. Зүйрлэвэл ноорхой дээл шиг болж, зарим нь нөхөөс ч дийлэхгүй энд тэндээ цуурч, цоорсон тул арга буюу актлахаас өөр аргагүй болсон байна.

Гэтэл нэг турбингинератор ашиглалтаас гарахад л 25 мвт буюу хоёр аймгийн дайтай цахилгаан эрчим хүчний эх үүсвэр тасалддаг байна. Тэгвэл цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 198 мвт аж.

Өнгөрсөн жил гэхэд л №7 турбингенераторт төлөвлөгөөт их засвараар уур хуваарилах хайрцаг, их биенд ан цав, цуууралтын тоо өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн байна. Улмаар энэ оны гуравдугаар сард их засварын давраах зогсолтоор үзлэг хийхэд дахин цууралт үүсэж дэлбэрэх эрсдэлтэй тул акталжээ. Ингээд өнөөдөр 1,2, 5 дугаар зуух болон 9 турбингенератороос 8 нь ажиллаж байгаа ч бүгд 220 мянган цаг буюу ажиллах цаг нь бүгд дуусч баталгаагүй болсныг Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Л.Бөхболд хэлсэн юм.

Тэрбээр "Одоо ашиглаж буй энэ төхөөрөмж 220 мянган цаг ажиллах хугацаа нь болсон ч даавуугаар зүйрлэвэл олон жил болсон даавуу элэгдэж хуучраад өгөршдөг шиг л металлын бат бөх чанар нь алдагддаг. Гэтэл төмөр материалууд нь цууралт гарсныг нь гагнасаар ирсэн ч нэгийг нь арга буюу ашиглалтаас гарсан.

Аюултай нь, 540 градуст буцалдаг уур, 100 ата даралт нь хэзээ ч тэсэрч дэлбэрч болзошгүй. Иймээс л аюулгүй байдлыг бодож акталсан. Бусад цахилгаан үйлдвэрлэдэг генераторууд ч бас ийм эрсдэлтэй байгаа.

Гэхдээ цууралт нь арай бага тул гагнаж засаад л байна. Ирэх жилээс №7 шиг асуудлууд үүснэ" гэсэн юм.

Өнөөдрийг хүртэл 40, 50 жил нэг ч шинээр солигдоогүй, насжилт нь аль хэдийн дуусч баталгаагүй болсон эдгээр тоног төхөөрөмж өнөөдөр гадаадын улс орнуудаас эрээд олдохгүй болсон нь мөн л анхаарал татах асуудлын нэг. Оросууд хүртэл монголчууд өдий хүртэл ажиллуулж байгааг хараад гайхдаг болохыг тэрбээр үргэлжлүүлэн ярьсан юм.

-Барууны улс орнууд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа хааж байна. Цахилгаан станцуудтай нь танилцвал цагаан халадтай л хүмүүс ажиллаж байгаа. Бүх тоног төхөөрөмж нь автомат болсон. Баталгаат хугацаа нь дууссан бол хэвийн ажиллаж байсан ч шинэ тоног төхөөрөмжөөр сольдог шүү дээ. Харин бид шинээр солих нь байтугай засмаар байв ч сэлбэг материал нь олдохгүй.

1940 оны энэ технологийг засч сэлбэж аргадаад л ажиллуулж буй нөхцөлтэй байна. Хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн зарим засварыг бүрэн ч хийж чадахгүй байгаа юм.

Энэ уур үйлдвэрлэдэг зуухын хэсгийг оросууд барьж өгсөн ч өөрсдийнх нь цахилгаан станц шинэ түвшинд очсон. Харин мэргэжилтнүүд нь манай цахилгаан станц дээр ирж танилцахдаа "Өдий хүртэл ажиллуулж байгааг нь хараад гайхдаг. Бидний ажиллуулж буй туршлагыг нэвтрүүлмээр байна" ч гэдэг. Бид хуучны ЗИЛ-130 автомашиныг л актлах болсон байхад аргалаад л ажиллуулж байгаа л гэсэн үг шүү дээ.

Түүний танилцуулснаар зуухан цехийн труба хоолой доторх өндөр температуртай усыг уур болгодог бөгөөд үүнийг трубингенератороор дамжуулж цахилгаан эрчим хүчээ авдаг бөгөөд дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Төрийн тусгай хамгаалалттай энэ бүсэд өчигдөр сэтгүүлчид зочлох үеэр цахилгаан станцынхан тэг зогсож магадгүй хүндхэн нөцөлд байгаагаа нуусангүй.

Хэрэв та анзаарсан бол байсхийгээд л энд тэнд тог тасрах үзэгдэл сүүлийн жилүүдэд ойр ойрхон давтагдах болсон. Шалтгаан нь, дулааны цахилгаан станцад гэмтэл гарсан гэх тайлбар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөвөрдөг. Үүний цаана тоног төхөөрөмж нь ажиллаж хүчрэхээ байсныг бид тэр бүр анзаарч, мэддэггүй биз ээ.

Цаашилбал идэр есийн хүйтэнд цахилгаан станц тэг зогсох, дулаан хязгаарлаж болзошгүй нөхцөлд байгаа нь сэтгэл түгшээсэн хоолойд тулж ирсэн аюулын нэг болжээ.

ӨВЛИЙН АЧААЛЛЫН ҮЕД 6 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ, ТЭГ ЗОГСОХ ЭРСДЭЛТЭЙ ТУЛ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

ДЦС-3 ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж: 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр бид трубин зогссоноор 18 сая квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй хэмжээнд хүрсэн. Энэ нь цаашид сар бүр 18 сая квт төвийн эрчим хүчний систем дутагдана гэсэн үг. Трубин зогссон үед ямарваа эх үүсвэрээс хангах боломжгүй. Бидэнд хязгаарлалт хийхээс өөр ямар ч арга байхгүй.

Бид тэг зогсох маш их эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Энэ утгаараа өнөөдөр үнэ тарифыг өртөгт нь хүргэхээс өөр аргагүй байна. Энэ өвлийг бид давна. Гэхдээ хязгаарлалтаар давна.

Дулааны цахилгаан станцын түүхий эдийн 60 хувь нь нүүрс. Бид өвлийн ачааллын үед багадаа 20 хоногийн нөөцтэй байх ёстой.

2023-2024 оны өвлийн ачааллын үед 6 хоногийн нөөцтэй боллоо шүү дээ. Багануурын уурхай нүүрс нийлүүлэх боломжгүй, өрөнд орсон, техник технологийн хүндрэл үүссэн. Шинэ жилийн дараа ч бас нөхцөл байдал хүндэрнэ. Ерөнхийдөө нүүрс дуусвал цахилгаан эрчим хүч, дулааны хязгаарлалтад орно.

Манай цахилгаан станц усны даралтаа барихын тулд 7500 тонн ус хөөх хүчин чадалтай. Гэтэл өнөөдрийн хэрэглээ нь 9000 тонн. Тэгэхээр илүү 1500 тонн хэрэглээг хангахын тулд дулаан хангамжинд тодорхой хэмжээгээр температурын хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөлд байна. Гэхдээ энэ нь өнөөдрийн байдлаар батлагдаагүй. Эх үүсвэр талаасаа суурилагдсан хүчин чадал өнөөдөр дээд хэмжээндээ тулж, эрчим хүчний хэрэглээ жилд 6-8 хувиар өссөн. Тиймээс л хязгаарлалтуудаар мэдрэгдэж байгаа юм. Ялангуяа гэр хорооллын айл өрхүүдэд хязгаарлалтуудыг арванхоёр, нэг, хоёрдугаар сард маш их хэмжээгээр хийж байна. Энэ жил ч бас дахиад л хийнэ. Орон сууцны айл өрхүүдийг хэсэгчлэн хязгаарлана гэсэн юм.

ДЦС-3 ТЭГ ЗОГСВОЛ ХОТЫН ТӨВ ХЭСЭГ ТОГ, ДУЛААНГҮЙ БОЛОХ АЮУЛ ОТОЖ БАЙНА

Таны харж буй энэ уриаг анх 2014 онд дэвшүүлж байсан ч өнөөдөр ердөө л лоозон болжээ. Тог, дулаанаа таваг хоолны үнэ ч хүрэхгүй үнээр арилжиж, нэг квт цахилгаан нь бутархай төгрөгт үнэгүйдэж байгаатай шууд холбоотой. Хөгжилд хөтлөх эрчим хүчний салбар нь элгээрээ хэвтсэнийг дөнгөж хэлд орж буй хүүхэд ч мэдэхээр хугацаа өнгөрч байна. Өнөөдөр цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг ханган ажилладаг ДЦС-3 ТӨХК хэрэв тэг зогсвол ямар эрсдэл үүсэх бол?

Тус цахилгаан станц нь хотын төв хэсэгт 88 га талбайд үйл ажиллагаа явуулдаг тул хотын төвийн хэсэг тог, цахилгаан, дулаангүй болох АЮУЛ ОТОЖ БАЙНА. Учир нь хотын төв хэсгийн эрчим хүч, дулааныг ДЦС-3 ТӨХК хариуцдаг бол баруун хэсгийг ДЦС-4 ТӨХК, зүүн хэсгийг Амгалан ДЦС хариуцдагтай шууд холбоотой.

Хахир өвлийн хүйтэнд ийм эрсдэл үүсвэл хотын газар доорх шугам сүлжээ задрах ч аюул байгааг тэд нуугаагүй. Цахилгаан станц өнөөдөр ийм хүнд нөхцөлд орсон нь эрчим хүчний алдагдал нь таазандаа тулсантай шууд холбоотой.

Учир нь, 24 мянган төгрөгөөр дулааны эрчим хүч үйлдвэрлэж 7 мянган төгрөгөөр зарж 17 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа нь өнөөгийн нөхцөлд ямар ч тэнэг хүн ийм наймаа хийхгүй нөхцөл байдалд байгаагаас л тэр.

Эрчим хүчний батлагдсан үнэ тарифаар 1 кв цахилгаан эрчим хүч 165 төгрөг, төвийн эрчим хүчний системд өгч буй үнэ нь 140 төгрөг аж. Ингээд энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр алдагдал 14.6 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс болж тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлтийн ажлыг хийх мөнгө ч олигтой хүрдэггүй байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ НЭМЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ШИНЭЧЛЭХГҮЙГЭЭР ХЭМНЭЛТ ХИЙХ БОЛОМЖГҮЙ

Тухайлбал, нэг зуух засварлахад 10 тэрбум төгрөг шаардлагатай байлаа гэхэд 5 тэрбум төгрөгөөр л хэсэгчлэн засвар хийсэн байдалтай ажилласаар өдий хүрч тоног төхөөрөмж нь элэгдсээр байна. Хэрэв тоног төхөөрөмжийг шинэчилж, эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүйгээр ямар ч хэмнэлт үүсэхгүй болохыг цахилгаан станцын Эрчим хүч, хэмнэлт хариуцсан менежер н.Хүрэл-Эрдэнэ мэргэжилтэн хэлсэн юм.

-Цахилгаан станцын тоног төхөөрөмжийг шинэчлэхгүйгээр хэмнэлтийн тухай ярих боломжгүй. Металл тоног төхөөрөмж элэгдсэн болохыг манай инженер хэлсэн. Мөн эрчим хүчний үнэ хямд байгаа учраас иргэдэд хэмнэх тухай ойлголт, ухамсар бага байна. Угаасаа хямд зүйлийг хэмнэнэ гэж байхгүй. Өнөөдөр манайх шиг халууцвал цонхоо нээж дулаанаа алддаг улс байхгүй. Иймээс цахилгаан, дулааны өртгийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн. Үнэ нэмэгдэхэд иргэд ч бас цахилгаанаа хэмнэх тухай бодож эхлэх болов уу гэсэн юм.

Өнөөдөр айл өрхүүд цахилгаан, дулааны нэг сарын зардалд орлогынхоо 2.4-.4.4 хувийг, харин гар утас болон интернетийн төлбөрт 10 орчим хувийг төлч буй судалгааг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргажээ. Ямартай ч энэ өвөл гал алдахгүйн тулд эрчим хүчний хэрэглээний үнийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болохыг энэ салбарынхан учирлаж байна.

Их мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул “гранпри“-д өрсөлдөнө
Их мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул “гранпри“-д өрсөлдөнө
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!