Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пакистаны тал “визний хөнгөлөлт“ үзүүлэх асуудалд анхаарч өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүслээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.

Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллахын чухлыг санал нэгтэй дурдаад, Монгол Улсаас Пакистан Улсад халал аргаар бэлтгэсэн мах болон ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, Пакистан Улсаас Монгол Улсад оёмол, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын талаарх туршлагаас судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулж, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал хэллээ. Мөн хоёр улсын Элчин сайдын яамыг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд визний хөнгөлөлт үзүүлэх асуудалд анхаарч өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүслээ. Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа тэрбээр илэрхийлээд үүнийг бодит ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.

Монгол Улс нь Исламын Бүгд Найрамдах Пакистан Улстай 1962 оны долордугаар сарын 06-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас хавсран суудаг болно.

“Нарны хороолол“-д айлын тагт шатаж байсныг 23:38 цагт бүрэн унтраажээ
“Нарны хороолол“-д айлын тагт шатаж байсныг 23:38 цагт бүрэн унтраажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.