УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Тодруулбал, Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, ХНХ-ын сайд асан С.Чинзориг нарыг чөлөөлж, оронд нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нарыг томилох Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцууллаа. Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна. Харин тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгасан байдаг аж.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь бодлогын түвшинд шийдвэр гаргадаг хараат бус байгууллага. Энэ байгууллагын дарга нь Эрүүл мэндийн сайд нь байх нь оновчтой. Ингэснээр, Эрүүл мэндийн салбарын асуудлыг ЭМДС-тай уялдуулж ажиллах чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс бие даан ЭМДС ажиллуулсан. Ингэснээр, урьдчилан сэргийлэх үзлэг, хөнгөлөлттэй эм, Элэг бүтэн монгол хөтөлбөр зэрэг үр дүнтэй ажил хийсэн. Хуульд өөрчлөлт орсноор цаашид хөнгөлөлтэтй эм олгох асуудалд дэвшил гарна. Учир нь ахмадууд сард нэг удаа очерлож хөнгөлөлттэй эм авдаг байсан бол Эрүүл мэндийн даатгалын сангийн хуулийн өөрчлөлтөөр сангаас олгох бололцоог бүрдүүлсэн" гэв.