ОХУ-ын Алс Дорнод, Камчатка хойгийн ойролцоох далайн амьтдын асуудал улам хурцдаад байна. Тухайлбал, тус хойгийн Авача булангийн далайн нийт амьтдын 95 хувь нь үхжээ.
Өнгөрсөн долоо хоногт Камчаткын эрэг дээр олон зуун мянган далайн амьтан гарч ирж үхсэнээс хойш эрдэмтэд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж буй. Нутгийн иргэд далайн эрэг дээр үхсэн олон мянган наймаалж, хавч, далайн од, далайн хөвөн гэх мэт амьтдын зураг, бичлэгүүдийг гар утсаараа авч, цахим орчинд нийтэлжээ. Түүнчлэн далайн усанд орсон хүмүүсийн нүд түлэгдсэн хэмээн олон тамирчин мэдүүлсэн аж.
Байгаль орчин, далай судлалын Кроноцки хүрээлэнгийн судлаач Иван Усатовын хэлснээр, маш цөөн тооны том загас, хавч, сам хорхойнууд амьд үлджээ. Мөн Наличева голын уснаас авсан дээж хар, бор өнгөтэй, хөөсөрсөн байдалтай байсан ч дотор нь ямар ч амьд нян илрээгүй байна. Ийм нөхцөлд амьд үлдсэн цөөхөн амьтан ч цаашдаа хоол тэжээлийн гинжин хэлхээ алдагдсанаас болж үхэж дуусах аюултай байна.
Одоогоор далайн ус бохирдсон шалтгааныг илрүүлээгүй байгаа юм. Гэхдээ Камчаткын Байгаль орчны сайд ус бохирдсон шалтгааныг хойгийн ойрхон явж өнгөрдөг тээврийн хөлөг онгоцууд, эсвэл 2011 онд живсэн БНХАУ-ын тээврийн хөлөг онгоц гэх мэт усан доор буй хүний гараар бүтээгдсэн зүйлстэй холбон таамаглажээ.