Монгол Улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна. Харин 29,7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38,2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байгаа гэх судалгаа бий.
Тиймээс 600 мянга орчим айл өрхөд орон сууц хэрэгтэй байгаа талаар Үндэсний орон сууцжуулалтын хорооны ажлын хэсгийн хурлын үеэр яригджээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Монгол банк, МИК, ТОСК, Монголын банкны холбоо зэрэг төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл ажиллаж байна.
Ирэх онд 1 их наяд гаруй төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
Харин ХББОСЯ орон сууцанд орохыг хүссэн айл өрхүүдэд ипотекийн зээлээс гадна урт хугацаанд түрээслэх сонголтыг бий болгосноор үнийн өсөлтөөс сэргийлэх боломжтой гэх мэт саналыг гаргаж байв.
Монголын ипотекийн корпорацаас гаргасан судалгаагаар 2013 оноос хойш ипотекийн зээлээр 155 мянган айл орон сууцанд оржээ. Зээлд хамрагдсан айл өрхийн 30 хувь нь зээлээ төлж дуусаад байраа томруулсан байна. Олон улсад ипотекийн зээлээр худалдаж авсан байраа иргэд буцаагаад зарахад төрийн компани худалдан авч дараагийн хүмүүст боломж олгодог жишиг байдаг гэнэ.