Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУТАГТ В.Бөртэчоно: Бусдыг муулах, хов ярих нь нүгэл болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
25 минут 6 секунд

Бусдын ажил үйлс бүтэж жаргалтай болохыг харахад би аз жаргалтай болдог” гэж зургаан настайдаа өвгөн багшдаа хэлэхэд минь “Чи бурхан биш шүү дээ” гэж хэлж билээ. Гэхдээ “үнэхээр л би аз жаргалыг мэдэрдэг юм” гэж ярих энэ хүнийг В.Бөртэчоно гэдэг. Гуравхан настай байхдаа Хутагт гэх "том" дүрээр тодорч, бяцхан биедээ ахдахаар асар их хүндтэй хариуцлагыг авчээ. Түүнтэй уулзахаар очиход төсөөлсөн шиг олбог дээр заларч, шар дээл өмсөөгүй. Харин саравчтай малгай, спорт цамцтай энгийн л Монгол эрчүүдийн төлөөлөл инээмсэглээд мэндлэв.

Бидний мэдэхээр Дамбадаржаа хийдийн ойролцоох “Лусын хүрээ хийд”-дээ амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг энэ эрхэмтэй буддын шашин, бөөгийн зан үйл болоод далд ертөнцийг тойрсон сэдвээр ярилцсанаа хүргэе.

ЭГЭЛ ДАРУУ БАЙХ НЬ ӨӨРӨӨ АСАР ИХ ХҮЧ, БИ СУРАЛЦСААР Л ЯВНА

- Хутагт хувилгаадыг олбог дээр заларсан шар дээлтэй хүнээр төсөөлдөг байх. Харин таны хувьд энгийн хувцасласан, өөрийнхөөрөө байгаа төрх их анхаарал татлаа?

- Таны асуултад хариулахад ямбандаа заларна гэж хэлдэг юм. Энэ нь хутагт, хувилгаан хүн аливаа бурхны хойч дүр гэдгээр хувцас, өмсгөл ондоо. Харахад гэгээлэг. Энэ бол хүний нүд баясгах гэх утгатай. Тиймээс үсээ хусаад лам болохгүй, өмсгөл өмсөөд бөө болохгүй гэдэгтэй ижил аливаа зүйл бурхны хүч, далдын хүч бол нүдэнд үл харагдах, гарт үл баригдах зүйл. Энэ бол дотоод сэтгэлийн далдынх гэсэн утгатай.

Одоо би таныг харахад энгийн хувцастай сууж байгаа ч эгэл нүдэнд харагдахгүй бөгөөд намайг луу ороож эргэсэн өндөр сэнтий дээр алтан шаргал хувилгаан дээлтэй л сууж байна шүү дээ.

Намайг арван хангал бурхан тойрч бүжиглэж байна гэдэг утгатай. Яагаад гэвэл, энэ бурхад хамгийн аюултай босоо ороолон, ад зэтгэр, аливаа зүйлийн дон тийрэн бүгдийг эрхшээж дарж байдаг эзэн бурхан байхгүй юу. Хутагт, номын хүн гэдэг аливаа зүйлийг зүрх сэтгэлээрээ ойлгож, аливаа зүйлийг өөртэй нь ижил мэдэрч , гарах гаргалгаа олон зүйлийн шалтгааныг хэлнэ шүү дээ.

-Тантай уулзсан хүмүүс таныг эгэл даруу гэж их тодорхойлжээ. Магадгүй эрдэм чадлаас нь илүү хүн хоорондын харилцаанд татагдаад байна уу?

- Олон зүйл байдаг байх. Гэхдээ эгэл даруу байна гэдэг нь өөрөө их хүч шүү дээ хө. Эгэл байх нь хүртэл дотроо олон зүйл агуулдаг гэсэн утгатай. Би суралцаж л байна. Миний ирээдүйд бодож буй зүйл жинхэнэ Чойжин сахиус ямар байдаг вэ. Жинхэнэ хүч нь өөрөө жинхэнэ байдаг. Тиймээс бага сахиусны бага хүлгэний юм өөрөө нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй. Гэхдээ их хөлгөний сахиуснууд цугтаа оршдог. 10 гаруй жилийн өмнө манай Чойрын багш ярьж байсан “Нэг бол чи хутагт дүрдээ орж лам дүртэй яв. Эсвэл чи эгэл дүрээр хувилгаан явж түмэн олонд тусалж яв” гэж. Хэдий намайг харахад энгийн болов ч би үнэн хэрэгтээ ямар ч дүрээр сууж болно. Би чинь Монгол хүн шүү д ээ. Монгол хүн эртнээс л эх дэлхийгээ шүтэж уул ус, хангай, бурхан шүтээнээ шүтнэ. Ер нь би өвгөн лам нараа дагаж өссөн дөө.

- Үргэлж суралцсаар байдаг гэсэн үг үү?

- Миний хувьд би 13, 14 настайгаасаа л дэргэд байгаа сахиуснуудаа хүн биш гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгэхээр намайг мэндлэхэд л хамт байсан гэсэн үг. Би зургаан настайгаасаа эрхээр мэргэлж, багш нар маань төлөг тавих олон эрдмийг зааж өгч байлаа. Гэхдээ одоо болтол суралцаж байна.

- Монголчууд эртнээс л байгаль дэлхийгээ шүтэж ирсэн ард түмэн. Гэвч энэ зан үйл нь сүүлдээ модноос хадаг зүүж, овоон дээр мөнгө тавьж, бас идээ будаа өргөнө гэж хайрцаг сүү, ул боов овоолох болж хувирлаа. Ялангуяа цагаан сараар энэ нь шүүмжлэл дагуулдаг шүү дээ. Энэ тухайд та ямар бодолтой байдаг вэ?

- Бид тахиж чадахгүй байна гэсэн үг. Аливаа уул усны тахилга тахина гэдэг нь тэр уул усны эзэн лус савдгийг цайлж ундаалж хүслээ гүйцээх гэх утгатай. Өргөсөн идээ нь хэвээрээ байна гэдэг нь эзэн савдаг ирээгүй юм чинь юугаа идэх вэ. Хамгийн гол нь, тухайн газрын сахиусыг дуудаж байж хооллож ундалж хүслээ шингээж учраа хэлээд ундаалаад мордуулдаг ёстой. Энэ нь болохоор хүчээ аваагүй бага хүлгэний сахиуснууд ирж үнэр амтаар нь хооллоно.

Зарим хувилгаан тэнгэрүүд нь аливаа амьтны биед хувилж ирээд иднэ. Олон төрөл бий л дээ. Харин идээ ундаа хөглөрөөд байж байна гэдэг нь тахина гэсэн үг биш шүү дээ. Уул овоог тахина гэдэг нь ямарваа нэгэн байдлаар лус савдаг нь ирж өргөсөн идээ ундаа юу ч байхгүй байх ёстой.

Уг нь идээ ундаа элбэг дэлбэг тавьж байгаа нь зөв. Хамгийн гол нь, сахиусыг нь дуудаж ундаалахгүйгээр л хог болгож байна гэсэн үг. Хадаг, мөнгө төгрөгийн тухайд мөн л өөрсдийн урсгал, олон дом байгаа л даа. Хадаг эдийн дээд гэдэг утгаараа тухайн айлдаа эд баялаг, эрх мэдэл аливаа зүйлийн заяа буян дуудна. Идээ ундаа өргөсний ач буянаар идээ ундааг элбэг хангалуун байхыг өргөж боддог.

Зарим нь мөнгө тавьдаг нь олз омог мөнгө хишиг дууддаг зэрэг олон зүйл бий л дээ. Тиймээс шүүмжилж байгаа болон шүүмжлүүлж байгаагийн аль аль талд нь асуудал бий. Нэг нь сахиусаа дуудаж чадахгүй, шүүмжилж байгаа нь өөрсдөдөө амны алдас хурааж байна л даа. Яагаад гэвэл, өвөг дээдэс хангайдаа идээ будаа өргөлөө гэхэд дайсагнах шаардлага байхгүй шүү дээ. Үнэндээ хүн өнөөдөр баян цатгаландаа байгаагаа бардаггүй байхгүй юу.

Амьдралаа сайхан болгох, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд өөрөө чадахгүй зүйлд илүү хүчтэй нэгнээс аврал ирж байгаа бүхнээрээ амттан шимтэн авч өргөж тавьж байдаг. Өөртөө байхгүй зүйлээ шаардлагатай үед хэн нэгнээс зээлээд ч юм уу, нарийн нандин зүйл авч өргөдөг. Ер нь өргөл гэдэг өөрөө чадахгүй зүйлээ өрөөл нэгнээс гуйж байгааг хэлж байгаа л даа.

Яагаад гэвэл дотоод сэтгэлийн мөн чанарт тухайн хүмүүсийн харж чадахгүйг харж, сонсохгүй сонсч, мэдэхгүйг мэдлээ гэхэд даван туулна.

ХОРЛОЛ БҮХЭН ӨӨРИЙН АМТТАЙ, ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ "ХУУРЧ" ЗАСАХ НЬ ХЭН ХЭНДЭЭ НҮГЭЛ БОЛНО

- Нөгөөтээгүүр, манайд сэтгэлзүйн салбар хангалттай хөгжиж чадаагүй учраас сэтгэлзүйч дээр очихын оронд лам, бөө, зурхайч дээр очиж тайтгардаг. Энэ нь бас санхүүтэй холбоотой. Учир нь сэтгэл зүйн үйлчилгээ авах нь үнэтэй байдагтай холбоотой гэх нийтлэл ч байдаг. Энэ тухайд та ямар байр суурьтай байна. Үнэхээр сэтгэлзүйг нь засдаг юм уу. Засал ном нь тухайн хүндээ яаж хүрэх вэ?

- Эргэн тойрны хүмүүсийнхээ хүслийг сонсох, амьдралд нь болж бүтэхгүй байгаа зүйлийг тольдон харах олон зүйл бий. Заримдаа тухайн хүний мөн чанар, буян заяа тэр бүгд л багтана.

Хамгийн гол нь, хүний амьдрал тоглоом биш. Тиймээс өнөөдөр хэн нэгэнд таалагдах, эсвэл хэн нэгний сэтгэлийг амраах гэж тухайн хүнтэйгээ харилцаж болдоггүй байхгүй юу.

Яагаад гэвэл, тантай яриад сууж байсан ч ард тань өөрийн гэсэн амьдрал хайрладаг хүмүүс байгаа шүү дээ. Өнөөдөр би таныг уулзаад үзэж харахдаа сэтгэлийг тань баясгах эсвэл аргацаасан зүйл ярилаа гэхэд хэн, хэндээ л нүгэл хураана.

Та ч бас сэтгэлээ хуурсан болоод ар гэр, ирээдүй цагтаа хийсэн зүйлгүй, амьдрал ахуйд тань өөрчлөлт орсон зүйл байхгүй. Яагаад гэвэл хорлол гэдэг чинь өөрөө хэлбэргүй. Гэхдээ өөрийн гэсэн амттай. Аливаа зүйлийн хорлол бүхэн олон төрөл бий л дээ.

- Хорлол бүхэн өөрийн гэсэн амттай гэсэн үү. Жишээ нь?

- Та сахартай цай уувал сахар л амтагдана. Давстай бол давс л амтагдана. Үүнтэй ижил аливаа зүйлийн хорлол бүхэн өөрийн гэсэн амттай. Үхээрийн бузар, лусын хорлол, хар, цагаан хэл ам, атаа жөтөө, ерөөл бүхэн өөрийн гэсэн амттай л гэсэн үг. Яривал хязгааргүй. Тэнгис далай мэт гүнзгий, хязгааргүй уудам огторгуй лугаа ижил байдаг юм.

АЛИВААГ ХЭТ ҮГҮЙСГЭХ ЭСВЭЛ ХЭН НЭГНИЙГ ДАГАН ДУУРАЙХ НЬ МУХАР СҮСЭГ

- Ер нь хүн сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ гэдэг. Магадгүй хүн өөрөө бодлоороо бүгдийг удирдаж, амнаас гарч буй үг нь үйлдэл болдог гэж сүүлийн үед хүн бүр л ярьдаг болсон. Тэгвэл далдын хүч, бодлын хүч хоёр хоорондоо ялгаатай юу, эсвэл нэг зүйлийг хэлж байна уу?

- Аливаа зүйл өөрийн бодлоос болж байгаа юм гэдэг. Энэ нь нэг талаасаа манайхан мухар сүсэг гэж ярьдаг энэ зүгт орно. Мухар сүсэг бол аливаа зүйлийг үгүйсгэх, өөрөө нүдээр харж, чихээр сонсоогүй зүйлээ үл ойшоох, үгүйсгэх эсвэл хэн юу гэж хэлнэ, түүний үгийг даган баясах бүгд л мухар сүсэг.

Зарим нь, би сүсэг бишрэлгүй, аливаа зүйл бодлоос болдог, би сайхан эрүүл байна гэдэг. Тэр хамаагүй шүү дээ. Яах вэ, хүн юу ч бодож, юу руу ч тэмүүлж болно. Гэхдээ та хаалга урд чинь байхад өөр зүгт хаалга байна гэж бодоод тэнд мянга самардаад нэмэргүй биз дээ.

Тэгэхээр бодлоор л болно шүү дээ гэдэг нь мухар сүсэг гэсэн үг. Өөрөө өөртөө хорлол бий болгож байна. Тиймээс аливаа зүйлийн мөн чанар тус бүртээ ондоо.Хүсээгүй тавилан гэж бас байдаг юм. Хүсвэл хясна гэдэг шиг шашин бол аливаа зүйлийн гүн ухаан, өвгөдийн сургаал бол аливаа зүйлийн мөн чанарыг олж зөвийг ухаарах гэсэн утгатай байдаг байхгүй юу.

Энэ нь, хүн өнөөдөр өөрөөсөө шалтгаалах аливаа зүйлийг мэдэхгүй бол мэддэг юм шиг олон зүйл ярьж хорлолд автана. Далдын хүчний тухай ярихад зэргэлдээ ертөнц хийгээд аливаа зүйлийн бурхдын ертөнц, тэнгэрийн ертөнц, газрын ертөнц, доод ертөнц гэж бий. Газрын ертөнцөд бид харьяалагдана. Газрын ертөнц хийгээд дээд ертөнцийн сахиус хамгаалагчид, доод ертөнцийн эзэдтэй харьцаж хөдөлгөж буй зүйлийг далдын хүч гэж байгаа юм. Энэ бүгд эгэлийн нүдэнд харагдахгүй ч тусдаа оршиж буй зүйл юм.

ҮЙЛИЙН ҮР ӨВЛӨГДӨНӨ ГЭХ ОЙЛГОЛТ НЬ МУХАР СҮСЭГ

-Таны ярианд дурдсанаар хүний дайсан хүн өөрөө юм байна. Тэгвэл хүн гишгэсэн зам мөрөө эргэж хараад хэрхэн зөв амьдрах юм. Өөртөө хэл ам, хорлол үүсгэхгүй байх боломжтой юу?

-Аливаа зүйлийн хорлолд автахгүй гэвэл бодь сэтгэлийг агуулж чимээгүй явахад л хорлолд автахгүй. Ерөнхийдөө хорлол бол олон төрөл. Санаатай хийгээд санамсаргүй бас өөрөөсөө болон өрөөлөөс ч болно.

Манайхан үйлийн үртэй холбоотой зүйл их ярьдаг. Үйлийн үр бол учир шалтгаан буюу үр дагаврын хууль гэж ярьдаг. Үйлийн үрийн тухайд удам дамждаггүй, өвлөгддөг бол хараал жатга, хорлол удам дамжина.

Үйлийн үр өвлөгдөнө гэдэг бол хэрэв аав нь буруу үйл хийж байсан бол тэр аавынх нь хийж байсан үйлийн үр хүүхдэд нь үсрэхгүй байх арга бий. Хэрэв тухайн хүний хүүхдийг нь хүмүүс мэдэхгүй тохиолдолд дайсагнахгүй. Харин мэддэг бол, эцэг чинь гэж яригдахаас л үйлийн үр явдаг. Харин аавд нь удмын хараал ирсэн бол үр хүүхдэд нь хүссэн хүсээгүй нөлөөлнө.

Хүний амьдрал өөрөө баян, үйлийн үрээс шалтгаалахгүй олон зүйл нөлөөлнө. Удмын хараалаас шалтгаалахгүй ч олон зүйл бий.

Магадгүй өнөөдөр өөрөө зүгээр байсан ч үр хүүхэд нь ч юм уу эсвэл өөрөө хар зүгийн бөө юм уу, үзэж хардаг хүмүүсийг доромжилж байгаад худал үнэн басаж өөрсдөдөө хорлол дуудаж, удамдаа хорлол дуудна. Тэгээд л эцэг эхээ буруутгана. Иймээс удмын хараал, үйлийн үр дамжина гэдэг нь мухар сүсгийнх.

ХАРААЛ БОЛ ТУХАЙН ХҮНИЙ УЧИР ШАЛТГААНААС БОЛНО, ХАРИУЛГА БҮР ОНДОО

- Удмын хараал, лусын хорлолыг буцаахад хамаг байдгаа зарсан, зээл авсан хүмүүс бидний дунд ч бий. Ер нь удмын хараал буцдаг юм уу?

- Бидний нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч аура буюу энерги гэсэн утгатай. Энэ нь оршиж байдаг. Энэ бол маш нарийн. Лусын хорлол маш олон төрөл. Лусын найман аймгийн хорлолыг лусынх гэж манайхан ярьдаг. Жинхэнэ лусын хорлол маш ондоо. Зарим хүмүүс манайх хар лусын хорлолтой гэж ярьдаг. Гэтэл өнөр олуулаа мөртлөө амьдрал өөдлөхгүй байна гэж ярьдаг. Хар лусын хорлолтой бол удам тасарсан байгаа шүү дээ.

Хар лус бол удам тасалдаг. Цагаан лусын хорлол хүүхдийн зулай, үрийн бараа харахгүй. Хар лусын хорлолтой бол гарзын үүд нээгдэж орлогын үүд хаагдсан гэж ярьдаг л даа. Энэ бүгд л олон янз. Хараал бол тухайн хүн ямар учиртай ямар хараал хийлгэснээсээ шалтгаална.

Зарим айхтар хүмүүс үр удмыг нь олигтой явуулахгүй гэдэг. Зарим нь нар үзүүлэхгүй гэдэг. Хараал маш олон. Тэгэхээр хариулга бүхэн ондоо. Аливаа зүйл сүсэг бишрэлээрээ гэдэг шиг аливаа бурхны ном бол үнэлэгдэшгүй зүйл.

- Тэгвэл хүн үгээр хэлж, биеэр илэрхийлээгүй ч дотроо бодоод өнгөрөхөд хараал болно гэсэн үг үү. Бас бөө гэхээр л хараал хийдэг гэх ойлголт одоо ч байдаг шүү дээ?

- Таны бодол, яриаг би биш бурхад сонсдог юм. Аливаа сайн сайхан зүйл бодохыг бурхад сонсоно. Муу зүйл бодоход ч бурхад сонсоно. Иймээс хязгаар үгүй, бие үгүй. Оршил үгүй.

Жишээ нь, хоёулаа ярьж байхад нэг хүнийг муугаар ярилаа. Үүнийг тухайн хүн сонсохгүй ч сахиус нь сонсдог юм. Яагаад гэвэл зэргэлдээ ертөнцийн сахиус бүгд нэг чих, нэг нүдтэй. Бас бөө бүхэн хараалч гэсэн үг биш шүү дээ хө.

Тухайн хүний өөрийн мөн чанар хийгээд уурын мунхаг, ухааны мунхаг, үйлийн мунхаг бас биеийн хүслээс болно. Шунал, тачаал, би гэх үзлээс болдог. Тиймээс биш бөөгийн сахиус бүхэн хараал ч биш.

БУСДЫГ МУУЛАХ, ХОВ ЯРИХ НЬ НҮГЭЛ БОЛНО

- Хов базах тухайд гэм нүгэлдээ орно гэсэн үг үү. Хаа сайгүй л хов байдаг шүү дээ. Ажлын байран дээр ч тэр, найз нөхдийн хооронд ч тэр, ах дүү хамаатан садны дунд ч бий. Та яриандаа тухайн хүнийг муулахад сахиус нь сонсдог гэдгийг дурдлаа. Иймээс муулсан үйлийн үр эсвэл хорлол болох юм уу?

- Нүгэл бололгүй яах вэ. Учир шалтгаан буюу үр дагавар гэдэг нь өөрөө энэ шүү дээ. Магадгүй хоёулаа энд хийдийн ламыг мууллаа гэхэд үүнийг нь тэр хүн сонссон тохиолдолд дайсагнал бий болно. Хэрэв номын хүн болбол гаднаа хэлэхгүй ч дотроо бодно. Гэтэл тэр хүн юу ч хийгээгүй байсан ч сахиус нь сонссон байдаг. Тангад сахиус бол догшин хортон дайсны эсрэг байдаг.

Магадгүй тухайн муулсан лам дээрээ дахиад очиход тэр хүн сэтгэлдээ юм бодсон учраас домносон болоод өнгөрөх ч юм уу. Ийм байдлаар үйлийн үрээ эдэлж байна гэсэн ү л дээ.

- Хүмүүс нэг удаа гандан ороод ном уншууллаа, эсвэл өөрөө сүү өргөөд сэтгэлээ заслаа. Энэ бүгд нь тухайн хүндээ засал болох уу. Ер нь лам, бөө хоёрын үйл нь яаж хүрдэг вэ?

-Лам, бөө хоёрын үйлийн тухайд нэг нь хараар, нөгөө нь цагаанаар явдаг гэсэн утгатай. Хараар явна гэдэг нь бөөгийн зан үйл төлөөстэй гэсэн утгатай. Энэ нь ямар нэгэн байдлаар та хүслээ гүйцээсэн бол заавал төлөөс төлнө. Улааны урсгалын номууд мөн л төлөөстэй. Ямар нэгэн байдлаар, бурханд балин барьж өргөл өргөсний хариуд хүслээ гүйцээх гэсэн утгатай. Тэгвэл шарын шашны гүрэм засал аливаа ном уншуулахад тухайн хүний өглөг сэтгэлээр гэдэг шүү дээ. Энэ нь нийтийн тусын тулд гэдгээр тангарагт бурхадын их болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд гэдгээр тангараг өргөсөн эмч, цагдаа хүнтэй ижил. Ялгаа нь ийм учиртай. Нэг нь нийтийн тусын тулд тангарагандаа, нөгөө нь тухайн хүний хүслийг гүйцээхийн тулд байгаа юм. Гэхдээ улаач хүний нэг аюултай нь, тухайн хүний онгод нь өөрийн улаачдаа үйлчилдэг юм. Яагаад гэвэл, ээж нь үр хүүхдэдээ тусалдгийн адилаар тухайн хүний өвөг дээдэс үр удамдаа тусалдаг юм. Иймээс нөгөөтэйгүүр, манай зарим хөгшид улаач хүнтэй хамаагүй зүйл ярьдаггүй гэдэг нь ийм учиртай.

- Та үсээ хуссан бүхэн лам болдоггүй, өмсгөл өмссөн бүхэн бөө болдоггүй гэлээ. Гэвч хүний итгэл дээр дөрөөлсөн бизнес цэцэглэж олон нийт ч эргэлздэг боллоо.?

- Бид монголчууд шүү дээ. Хутагт хувилгаад хийгээд шид нь гүйцсэн хүмүүсийн үр удам болохоор надад тэднийг шүүх эрх байхгүй. Тэд бүгд л өөрсдийн гэсэн амьдралтай. Ямар замыг туулж, юу хүсэж явааг нь мэдэхгүй байж хэнд нь ч хэнийгээ шүүх эрх байхгүй. Миний хувьд элсний нэг ширхэг байж тэднийгээ ярих эрх надад байхгүй. Яагаад гэвэл, надаас ч илүү эрдэм номтой лам хутагтууд, удган зайран, бөө нар их бий. Би өөрөө ч суралцаад явж байгаа болохоор хэнийг ч надад шүүх эрх байхгүй.

УХААНЫ МУНХАГААС ХҮН ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨСТЭЙ БОЛДОГ

- Хүмүүс хоорондоо бие, сэтгэлийн нүгэл, хорлол гэж их ярьдаг болсон. Бас лусын хорлол, удмын хараал, хар цагаан хэл амны тухай их сонсч байсан. Энэ нь үнэхээр бодитой гэж үү?

- Хар, цагаан хэл амны үндэс бол тухайн хүний хандлага, эргэн тойрон дахь хүмүүсийн атаа жөтөө, тухайн хүний ухааны мунхагаас болж бусад хүний атаа жөтөө өстөн дайсанг бий болгоно. Тухайн хүн өөрөө өөртөө өстэй болдог байхгүй юу. Ерөнхийдөө хар, цагаан хэл амны үндэс бол тухайн хүний хандлага, эргэн тойрон дахь хүмүүсийн атаа жөтөө, тухайн хүний ухааны мунхагаас болж бусад хүний атаа жөтөө өстөн дайсанг бий болгоно. Тухайн хүн өөрөө өөртөө өстэй болдог байхгүй юу. Магадгүй өөрөө сайхан амьдарч байлаа гэхэд гадны нөлөөнөөс буюу атаач жөтөөч хүмүүсээс болж хорлол ирнэ. Гэхдээ хорлол маш олон янз. Хүн хийгээд хүмүүн бус ил хийгээд далд оршихуй гэсэн хэлбэрээр ирнэ. Тэгэхээр хортон дайсан гэдэг нь их олон л доо. Зөвхөн бид л энэ дэлхийд амьдарч оршин тогтнодоггүй. Уул, ус, амьтай бүхэн өөрийн гэсэн эзэн савдагтай.

Н.Энхбаяр: Ирэх онд нүүрсний үнэ 12 хувиар буурах төлөв гарсан. Төсвийн зарлагаа нөхөж чадахгүйд хүрэх эрсдэлтэй байна
Н.Энхбаяр: Ирэх онд нүүрсний үнэ 12 хувиар буурах төлөв гарсан. Төсвийн зарлагаа нөхөж чадахгүйд хүрэх эрсдэлтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.