Монгол Улсын төсөв болон төсвийг тойрсон эдийн засгийн хүндрэлийн асуудлуудаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
Гүйцэтгэх засаглалын олон нийтэд таалагдах "амбицаар" хийдэг нийгмийн халамжийн бодлого эдийн засагт хортой нөлөөлдөг
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үндсэн ажлын нэг нь төсвийн хөрөнгөөр ЗГ-ын гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланд дүгнэлт гаргах шүү дээ. Ер нь зөвлөл өнгөрсөн хугацаанд улсын төсвийн асуудалд хэрхэн анхаарч ирэв гэдгээс яриагаа эхэлье?
-Урьд нь 2023 оныг дуустал манай Төсвийн Тогтвортой Байдлын зөвлөл орон тооны гишүүдтэй байсан. Чиг үүрэг нь төсвийн тодотгол, төсвийн гүйцэтгэл дээр саналт дүгнэлт өгдөг байсан. Өнгөрсөн оны 7 сард Төсвийн Тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж орон тооны 7 гишүүнтэй болгосон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь зөвхөн хөгжиж буй орнуудад бус өндөр хөгжилтэй АНУ, Их Британи зэрэг олон орнуудад байдаг. Ялангуяа түүхий эдээс хамааралтай орнуудад орлого нь тогтвортгүй буюу савлагаатай байдаг учраас хөндлөнгийн хяналт, судалгаа, санал маш чухал.
Олон Улсын Валютын сангаас гаргасан судалгаагаар 50 гаруй улс оронд ямар нэгэн байдлаар УИХ-ын дэргэд ийм зөвлөл ажиллаж байгаа. Харин бүрэлдэхүүн нь янз бүр. Зарим улсад 150 гаруй хүнтэй зөвлөл байна. Жишээ нь АНУ-д конгрессын дэргэд тухайн жилд засгийн газраас өргөн барьсан төсөлд иж бүрэн шинжилгээ хийдэг.
Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал “амбицтай”, аль болох том бүтээн байгуулалт хийхийг оролддог. Олон нийтэд таалагдах ажил хийхийг зорьдог. Энэ нь нөгөө талаараа байгаа мөнгөтэйгөө төдийлөн зохицдоггүй буюу төсвийн орлого, зарлагатайгаа тэнцдэггүй. Ялангуяа хөгжиж байгаа орнууд нийгмийн халамжийн бодлогоо түлхүү явуулах сонирхолтой, байдаг. Манайд ч яг адилхан.
Тэгэхээр энэ байдлаас сэргийлэх зорилгоор ТТБЗ ажиллаж байгаа. Зөвлөлийг гишүүд хуульд зааснаар давхар ямар нэгэн ажил эрхлэх боломжгүй, мэргэжлийн судлаачдын баг байдаг. Зөвхөн хуульд заасан тодорхой цагаар багшлах л эрхтэй. Гол зорилго нь тухайн жилийн төсөвт хараат бусаар дүгнэлт өгч ажиллах зорилготой юм.
Засгийн газар өөртөө ашигтай эдийн засгийн тооцоолол хийж, төсвийн орлого, зарлагыг хэт өөдрөгөөр төсөөлдөг нь буруу
-Танай зөвлөл төсвийн гүйцэтгэл болон төлөвлөгөөнд судалгаа хийхдээ үндэсний статистикийн хорооны мэдээ, санхүүгийн тогтвортой байдлыг зөвлөлийн мэдээлэл, ЗГ-ын гүйцэтгэлийн тайланг мөн суурь судалгаагаа болгож авч үздэг байх. Өнгөрсөн хугацаанд засгийн газраас гаргасан төсвийн гүйцэтгэлийн тайлан, төсвийн төслүүдийг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлбэл ямар дүгнэлтүүдэд хүрсэн бэ?
-Аливаа бодлогын асуудлыг оруулахад судалгаа шинжилгээ маш сайн хийх ёстой. Манай аль ч хуульд шийдвэр гаргахдаа судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх ёстой гэж төсвийн тухай хуульд ч хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль зэрэг бүхий л хуульд байдаг. Хууль тогтоомжийн тухай хуульд ч аливаа хууль тогтоомжийг өргөн барихад тухайн хууль ямар шаардлагаар тэр хуулийг боловсруулж байгааг судалдаг. Уг хуулийг гаргаснаар ямар үр дагаврууд гарахыг хэлэлцдэг. Түүнээс судалгаагүй, ямар нэгэн юм бодож олоод маргааш нь хууль болгочихъё гэж болохгүй шүү дээ. Маш чамбай, эерэг сөрөг үр дагавруудыг нь тооцсон байх хэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагуудын нэг дутагдалтай тал нь өдөр тутмынхаа ажилд ихэнх цагаа зарцуулдаг учир үндсэндээ судалгаа хийдэг институт дотроо байдаггүй.
Монгол улсад 2015 он хүртэл Үндэсний Хөгжлийн Хүрээлэн гэж байсан.Эдийн засгийн хүндрэлээс хамаараад хэд хэдэн хүрээлэнг татан буулгасан. Эдгээрийн нэг нь үндэсний хөгжлийн хүрээлэн байсан. Тухайн үед үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх стратеги судалгааны хүрээлэнтэй нийлүүлсэн байгаа юм.
Саяхан буюу наймдугаар сарын 6-ний өдөр Засгийн Газар Эдийн засгийн хөгжлийн яамны харъяа Үндэсний Хөгжлийн Хүрээлэнг байгуулах тогтоол гаргасан байсан. Миний мэдэхээр 2000 оноос хойш ЗГ-аас гарч байгаа Үндэсний Хөгжлийн Хүрээлэнгээ дахиж байгуулья гэсэн гурав дахь удаагийн тогтоол.
Уг нь хуулийн шаардлагаар Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гээд бүхий л бодлогын хуулиудад маш сайн олон талын судалгаа дүгнэлтүүд хийсэн байх ёстой. Тэрийг төрийн захиргааны байгууллагууд өөрөө хийж амжихгүй тул, хүн хүчний хувьд ч судалгаа хийх арга зүйг бүрэн эзэмшсэн хүн ховор байгаа. Тэгэхээр цаашид илүү чамбай, оновчтой шийдвэрүүдийг гаргахын тулд бие даасан судалгааны институтүүд хэрэг болж магадгүй.
Одоогоор манайд ийм байгууллагууд байхгүй учир аль болох засгийн газраас хараат бус институт судалгаа хийж байгаа. Бид нар тэр үүргийг гүйцэтгэж байгаа. Өнгөрсөн онд төсвийн өөрчлөлтөөр манай ТТБЗ-ийн урьд нь байгаагүй нэг чиг үүрэг нь макро эдийн засгийн тооцоолол. Хавар гуравдугаар сард ЗГ-аас төсвийн хүрээний мэдэгдэл гэж баталдаг. Тэрний анхдагч суурь тооцоог бид хийж байгаа. Урьд нь тэр тооцоолол, төсөөллийг сангийн яам өөрсдөө хийдэг байсан. Гүйцэтгэх засаглал өөрсдөө хийхээр өөрсдийн сонирхолд тааруулж хийгээд байна шүү дээ. Төсвийн орлого өндөр байлгая гэвэл эдийн засгийн өсөлтөө өндөр тавиад өөрийнхөө хүссэнээр таамаглалаа боловсруулаад байна л гэсэн үг. Гажуудалтай, бодит бус.
Харин одоо хараат бус институт байхаар нөгөө нүүрсний үнэ ханшийг зөвхөн өөдрөгөөр төсөөлөх биш буурч болно, эрсдэлийг тооцно. Тэр тооцооллыг бид хийдэг. Ийм байдлаар гарч байгаа шийдвэрийг аль болох үндэслэл сайтай болгохоор Зөвлөл ажиллаж байна.
-2024 оны төсвийн тодотголд бараг 3 их наядыг нэмчихлээ. Хэт их тэлсэн зардалтай тодотгол болж батлагдлагдсан. Зардлаа нөхөж чадах уу?
-Манай улсын төсвийн орлогын гол суурь нь дандаа түүхий эд байдаг. Өнгөрсөн жилүүдийн экспортыг харвал 92-94% нь түүхий эд байна. Үүн дотроо нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр гээд гуравхан төрлийн түүхий экспортын 70-75%-ийг эзэлж байна. Төсвийн орлогын 30-35 хувийг зөвхөн ашигт малтмал, уул уурхайн салбар эзэлж байгаа. Тухайн салбарт үнэ ханш, гаргаж буй нүүрсний хэмжээ ямар байхаас хамаараад тэр төсөөлөөд байгаа орлого биелэх эсэх нь хамаардаг.
Сүүлийн хоёр жилд тааламжтай байгаа нэг зүйл нь манай улсын нүүрсний зах зээл маш нааштай байлаа. Өнгөрсөн 2023 онд нийтдээ 15.2 тэрбум долларын экспорт гаргасан. Энэ онд өсөлт 16 орчим тэрбум доллар руу дөхөх хандлагатай байна. Оны эхний 8 сарын статистик дүнгээс харахад зэсийн баяжмал, нүүрсний экспорт хоёр нийлээд орлого нь 400 сая гаруй ам.доллар давсан. Биет хэмжээгээр нүүрсний экспорт өссөн. Гэхдээ нэг тонн нүүрсний үнэ 2 жилийн өмнөхөөсөө эрс буурсан явж байгаа.
2022 оны байдлаар 1 тонн нүүрсний дундаж үнэ ойролцоогоор 200 гаруй ам доллар байсан бол өнөөдрийн байдлаар 100-120 ам доллар байна. Хэдийгээр бид гаргаж буй биет хэмжээгээ өсгөсөн боловч нэг тонн нүүрсний үнэ буураад тэр зөрүүгээрээ орлого маань одоогоор биелээд явж байгаа. Гэхдээ энэ орлого ирэх онд биелэх үү гэсэн асуулт байна.
Гол асуудал нь одоогоор Сангийн Яам, Засгийн Газраас боловсруулж буй төсөөллүүд дотор Хятадын нүүрсний зах зээлийн эрэлт хэрэгцээ өндөр байна, коксожих нүүрсний эрэлт их байна гээд бичээд байгаа. Гэхдээ бодит байдал дээр энд олон талын судалгааны давуу тал гарч ирж байгаа юм. Зөвхөн СЯ-ны танилцуулгыг уншихаар хэрэгцээтэй, өсөлттэй гэхчлэн “таатай” зүйлс харагдана. Харин Дэлхийн Банк болон бусад эх сурвалжуудаас гарсан мэдээллүүдийг харахад тийм биш. Эдгээр судалгаан дотор нүүрсний үнэ цаашдаа буурч, Хятадын нүүрсний хэрэглээ төдийлөн өсөхгүй байх магадлалтай гэхчлэн дүгнэлтүүд байж байгаа.
Ирэх онд нүүрсний ханш 12 хувиар буурах төлөвтэй байгаа. Гэтэл төсвийн төсөлд экспортын орлогыг өндрөөр төсөөлж бичсэн байсан
-Тэгэхээр ирэх онд манай улс 83 сая тонн нүүрс экспортолж орлогынхоо тодорхой хувийг бүрүүлнэ гэсэн ЗГ-ын төсөөлөл бүрхэг байгаа гэсэн үг үү?
-2025 он гэхэд нүүрсний үнэ 12 хувиар буурахаар байгаа. Одоогийн 110 ам.доллароос 12 хувь буурна гэхээр бараг 80-90 ам.доллар болж магадгүй байгаа юм.
Тэгэхээр бид хэдийгээр биет нийлүүлэлтийн хэмжээгээ 80,90 сая болголоо ч гэсэн энэ оныхоо түвшинд хүрэхгүй байх магадлалтай.Гэтэл УИХ-д оруулаад байгаа төсөл маш өөдрөг төсөл.
Манай гол худалдааны түнш болж байгаа Хятад улс нүүрсээ яг хэвээр нь худалдаж аваад, хилийн боомтод ямар нэгэн тасалдал гарахгүй байж л 90 сая тоннд хүрнэ. Гэхдээ баталгаа байхгүй. Гэтэл манай хилийн боомтуудын дэд бүтцийн ажлууд дуусаагүй байгаа. Ялангуяа Гашуун Сухайт, Ганц Модны боомтын холболтын ажлууд зарим нь харьяа яамных нь хэлж байгаагаар дахиад бараг 2 жилийн ажил байгаа гэх. Өөрөөр хэлбэл дахиад л машинаар зөөсөн хэвээр л байх нь.
Өөр нэг сөрөг тал нь экспортын нүүрсний тоо хэмжээ орлогын хувьд ОХУ-тай маш ойрхон байгаа. ОХУ-ын нүүрсний экспорт маш хурдацтай нэмэгдэж байна. Сүүлийн хоёр жилд Якутын нутаг дэвсгэрт буй нүүрсний орд шинэ төмөр, далайн боомт бариад нүүрсний зах зээлээ Энэтхэг, Хятадын зах зээлд ч нэмэгдүүлэх боломж нь бүрдсэн байна. Оросын Эрчим Хүчний Яамны өөрсдийн тооцооллоор эндээс 10 гаруй сая тонн нэмж экспортлох боломж гарч байгаа аж. Ийм байдлаар сөрөг талыг нь хэлэхгүй зөвхөн эерэг талыг нь авахаар гоё харагдаж байгаа боловч бодит байдал дээр эерэг, сөрөг аль аль талыг нь аваад үзэхээр зайлшгүй болгоомжтой хандах асуудал гарч ирнэ. Хэрэв ингээд буурвал бидний өндөр төсөөлөөд байгаа 35 их наяд төгрөгийн зарлагаа нөхөж чадахгүйд хүрнэ шүү дээ.
Гарах үр дагавар нь 2012-2016 онд эдийн засаг саарах үед маш олон төлөвлөж байсан ажлууд зогссонтой адил зүйл болно. Тендер зарлаад барилгын ажил явагдаж байтал мөнгөгүй болоод санхүүжилт нь зогссонтой адил нөхцөл байдал үүсэж болзошгүй. Хөдөө орон нутагт байгаа замын, барилгын гээд маш олон ажлууд царцаад зогсоно л гэсэн үг.
-Ээлжит бус чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлэлцэх үед төсвийн тэнцэл алдагдлыг хязгааргүй болгочихсон гэх агуулгыг Сангийн сайд хөндсөн шүү дээ. Жишээ нь ирэх онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн дийлэнх нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжихээр төлөвлөсөн байсан?
-Түүхийн эдээс хамааралтай улс орны зовлон энэ л дээ. Урьд нь олон улсын байгууллагуудын бидэнд байнга анхааруулаад байдаг “Голланд өвчин” буюу түүхий эдээс хамааралтай орлого өссөн үед их үрмээр санагддаг, хомс болсон үед царцчихдаг. Энэ циклээр манай эдийн засаг 2008, 2009 оны хямрал, 2012-2016, ковидын үе гээд бараг 3 удаа савлачхаад явж байна. Гэхдээ энэ савлагаа бол зогсох болоогүй. Монгол улс шиг эдийн засгийн хангалттай суурь нь бүрдээгүй улсад бүрхэг.
Бид ядаж эрчим хүчээ бүрэн өөрөө үйлдвэрлэж чадахгүй байна, Түлш шатахуунаа гаднаас 100 хувь авч байна. Дэд бүтцийн хувьд далайд гарцгүй, хоёрхон боомтоор импорт, экспортоо хийж байна. Ийм нөхцөлд Монгол улсын эдийн засаг цаашдаа тогтвортой байна гэсэн баталгаа байхгүй. Дээр нь зөвхөн эдийн засгийн шалтгаануудаас гадна уур амьсгалын, геополитикийн гээд маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тэгэхээр энд зайлшгүй олон хувилбартай тооцооллууд хэрэг болж байгаа юм.
Нөгөө талаас улсын төсвөөр хийж буй том хөрөнгө оруулалтуудын ач холбогдлын дарааллыг нь зөв тогтоох хэрэгтэй. Жишээ нь зам чухал уу, цахилгаан эрчим хүч чухал уу, сумын төвд байгаа 1,2 км зам, соёлын төв чухал юм уу. Үүнийхээ эрэмбэ, дарааллыг зөв тогтоо гэсэн үүргийг ЗГ-т өнгөрсөн хугацаанд УИХ-аас өгсөн боловч харамсалтай нь одоог хүртэл энэ нь хэрэгжихгүй байна. Тиймээс эдгээр асуудлаар бид УИХ-д санал оруулаад буй юм.
Ярилцсанд баярлалаа