Өнөөдөр аравдугаар сарын 2-ны өдөр. Одоогоос 26 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны энэ өдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан байдаг.
Тэр цагаас хойш энэ хэргийн жинхэнэ эзнийг илрүүлэх гэж багагүй хугацаа өнгөрсөн ч хийрхсэн улстөржилтөөс хэтэрсэнгүй. Сонгууль бүрээр улстөрчид уг хэргээр сонгуулийн PR-аа хийж, олон нийтээс оноо цуглуулсаар ирсэн. Жил бүр С.Зориг агсны төрсөн өдөр, амиа алдсан өдрөөр хөшөөнд нь цэцэг өргөж, сүржин мэдэгдэл хийцгээдэг. Өнөөдөр ч тэгэх байх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч үе үе чуулганы индэр дээрээс "С.Зориг агсны үйл хэргийг мартах учиргүй" гэх байдлаар дуугардаг.
Түүнчлэн уг хэрэгт иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг яллагдагчаар татан, гэм буруутайд тооцож, 2017 оны наймдугаар 4-ний өдөр анхан шатны шүүхээс тус бүр 20 жилийн хорих ял оноосон байдаг. Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд сулласан юм.
Учир нь Улсын дээд шүүхээс "Тэднийг эрүүдэн шүүсэн" гэх шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хэргийг сэргээн шалгуулах шийдвэр гаргаснаар мөрдөх байгууллага дахин шалгаж эхэлсэн байдаг. Ингээд мөрдөх байгууллагаас уг хэргийг прокурорт шилжүүлж, хэрэгсэхгүй болгож байв.
Хоёрдугаарт, С.Зориг агсан амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд болсон Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг "улсын нууц"-аас гаргах шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Мөн үүнээс өмнө 2021 оны гуравдугаар сарын 31-нд болсон Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалд холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь "улсын нууц"-аас гаргаж байв.
Гуравдугаарт, 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулахад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээх ажлын хэсэг байгуулж, тухайн үеийн ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахлахаар болсон байдаг. Учир нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлт тавьсан. Харамсалтай нь нөхөн төлбөр авахтай холбоотой ажил удаашралтай байгааг Ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо хэлж байлаа.
Сануулахад, Т.Чимгээ нь нөхөн төлбөртөө 48 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч өнөөг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байна.
Ийнхүү Төр, нийгмийн нэр зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амиа алдсан хэргийн жинхэнэ эзнийг олох ажил удааширч, зарим улстөрчдийн "оноо цуглуулах" хэрэгсэл болсоор 26 дахь намартайгаа золгож байна.