Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. Нийслэл хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ өсөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ жил бүр ихсэж, хөрс, ус, агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж, улмаар иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Монгол Улс барилгын хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтыг барьж, төлөвлөсөн хугацаандаа буюу өнөөдөр ашиглалтад орууллаа.
Уг үйлдвэрийн байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлан ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдсэн. Тодруулбал, ландфиллын байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай бол барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах хүчин чадал өдөрт 100 тонн байна.
Төслийг Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлжээ.