Сүүлийн хоёр жил нүүрсний экспорт байнга өссөн үзүүлэлтттэй байна. Он гарсаар манай улс нүүрсний экспорт 60 сая тонн руу дөхөөд байгаа юм. Гэвч худалдааны гол түнш болох Хятад улсад үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж байгаа нь гангийн үйлдвэрлэл хумигдаж улмаар төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ буурахад нөлөөлж байна.
Тодруулбал, Хятадын Даляанийн түүхийн эдийн бирж дээр нэг тонн төмрийн хүдрийн үнэ 4 орчим хувиар буурч 658 юаньд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны наймдугаар сарын 17-ноос хойш хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт аж. Үүнийг шинэ орон сууцны барилгын эрэлт сул байгаатай шинжээчид холбон тайлбарлаж байна. Үүний зэрэгцээ бусад гангийн үйлдвэр суларч, коксжих нүүрс болон кокс 4.02 хувь болон 4.35 хувиар тус тус буурсныг Mining.com мэдээлжээ. Мөн эдийн засагч Н.Энхбаяр “Хятадын Төв банкны Ерөнхийлөгч Пан Гошенг хэвлэлийн хурал хийж арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулах арга хэмжээ авч байгаа талаар мэдээллээ. Өнгөрсөн наймдугаар сарын Хятад улсын аж үйлдвэрлэлийн болон худалдааны үзүүлэлтүүд хүлээлтээс доогуур гарч эдийн засгийн өсөлт нь саарах эрсдэл тулгарсаар байгаа юм” гэж цахим хуудастаа мэдээлжээ.