Өнгөрөгч долоо хоногт орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Гэвч НИТХ-ын сонгуульд ХҮН-ыг бүртгэсэн нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосноор улс төрийн амьдралд багагүй шуугиан дэгдээгээд авсан.
Энэ тухай ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга: “АН-аас Д.Пүрэвдаваагаар дамжуулан орон нутгийн сонгуульд хамтарч оролцох санал тавьж байсан. Бид зөвшөөрөөгүй. АН-тай хамтраагүй учраас манай намыг сонгуульд оролцуулахгүй гэдэг шийдвэр гаргуулж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд “Үүний ард Ардчилсан нам, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгааг шууд хэлье” гэж мэдэгдсэн.
Улс төрийн хүрээнийхэн ч дээрх тайлбарыг бататгасан зүйл ярьж байгаа ба “Х.Баттулга “нэгдсэн АН” байгуулах В.Путин маягийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд эхэллээ. МАН-аас бусад намыг өөртөө нэгтгэх үгүй бол нухчин дарах замруугаа орлоо... ХҮН-ынхан нийслэлд МАН гэхээсээ илүү АН-ын саналыг хуваана, өнгөрөгч УИХ-ын сонгуульд ч АН-аас багагүй санал зулгаасан... АН нийслэлийн сонгуульд олигтой амжилт үзүүлэхгүй бол ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч хөлгүй орно. Тиймээс энэ удаагийн НИТХ-ын сонгуульд АН заавал ялах ёстой учраас ийм тоглолт хийж байна” гэх мэт шүүмжлэлүүд энд тэндгүй хөвөрсөн.
Хамгийн ноцтой нь МАН ялбал НИТХ-ын сонгууль хүчингүй болж дахин явагдах, эсвэл огт болохгүй явсаар Ерөнхийлөгчийн сонгуультай залгаж магадгүй болжээ. Үндсэн хуулийн цэц, захиргааны хэргийн шүүхээс ХҮН-ыг хууль бусаар хассан байна гэсэн дүгнэлт гарвал сонгуулийг дахин явуулахаас өөр аргагүй байдалд орно. Энэ тухай ч нийслэлийн сонгуулийн хорооноос захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахдаа “нийтийн эрх ашигт илт хохирол учруулж болзошгүй” нөхцөл байдал үүсэх тул ХҮН-ыг хассан захирамжыг түтгэлзүүлэхийг хүссэн. Харин захиргааны хэргийн шүүх энэ захирамжаа сонгуулийн наана хүчингүй болгох уу? гэдэг нь сонирхолтой асуулт юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ХҮН-ыг хассан нь зөвхөн тэднийг тоглолтоос гаргах бус МАН-ыг ч тоглолтоос гаргах “давхар мэх” ажээ. Хэрвээ МАН нийслэлд ялбал шүүх эсвэл ҮХЦ-ээс ХҮН-ыг сонгуульд оролцуулах ёстой гэсэн шийдвэр гарч дахин сонгууль явагдах бололтой. Хонгилын түлхүүрийг атгаж байгаа эзэн дээрх шийдвэрийг сонгуулийн дараа гаргуулах эсвэл АН ялсан тохиолдолд огт гаргуулахгүй байх хангалттай хүч эрх мэдэлтэй байна. Чухам ийм учраас МАН-ынхан ХҮН-ын асуудалд ихээхэн санаа зовж захиргааны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар хөөцөлдөж эхэлжээ. Энэ асуудлаар тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандах гэсэн боловч цаадах нь хүлээж авахгүй зугтаад байгаа гэх мэдээлэл ч саарал ордноос дуулдаж эхлэв.
АН-ын өнцгөөс харвал тэд 2016 онд гурван дүүрэгт ялсан \Сүхбаатар, Баянгол, Банязүрх\ бөгөөд эдгээр дүүрэгт 700 мянга орчим сонгогч амьдарч байна. Өнгөрөгч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад дээрх дүүргүүд стратегийн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Ирэх сонгуульд ч тэдний гол түших цэг нь эдгээр дүүргүүд болоод байгаа юм. Тиймээс орон нутгийн сонгуульд УИХ шиг ялагдал хүлээснээс ядаж энэ гурван дүүргээ бариад Ерөнхийлөгчийн сонгуульд орох нь тэдэнд хэрэгтэй. Өөрдсийнх нь саналаас хуваагаад байгаа ХҮН-ыг жагсаалаас гаргаж сонгуульдах, хэрвээ ялагдвал ХҮН-ыг сонгуульд өрсөлдүүлэх ёстой байж хэмээн ардчилсан матрын нулимс гаргаж дахин сонгууль явуулах, ялах магадлал бага бол Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл сонгууль явуулахгүй гацаах уран тактикыг тэд бодож олжээ. Энэ тактикыг өмнө нь “Эби”-гийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн мэргэн бөөдий өдгөөгийн Ерөнхийлөгчийн чихэнд шивнэснээр хэрэг явдал өрнөж эхэлсэн гэх мэдээлэл ч байна.