Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЖДҮ“-гийн шинэ дуулиан: зээлээ төлөөгүй 300 компанийн эздийг хэзээ зарлах вэ?

Огноо
Унших
5 минут 26 секунд

ЖДҮ-ийн сангийн хөрөнгөнөөс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа их хэмжээний зээл авсан гишүүд, албан тушаалтнуудын хэрэг намжаагүй байтал дараагийн дуулиан гарах нь тодорхой боллоо.  

          Тодруулбал тус сангийн хөрөнгөнөөс зээл аваад эргэн төлөөгүй 300 орчим аж ахуй нэгжид хугацаатай үүрэг өгч, зээлээ эргэн төлөхгүй бол олон нийтэд зарлана гэж албаны эх сурвалж мэдэгдэв. Дээрх 300 компани 2009 оноос хойш 140 орчим тэрбум төгрөгийг зээлсэн ажээ. УИХ 2021 оны төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан зарим УИХ-ын гишүүд ирэх оны төсөвт ЖДҮ-г дэмжихэд нэг ч төгрөг тусгаагүй байгааг шүүмжилж байна. Гэтэл зээлээ төлөөгүй 300 аж ахуй нэгжийн асуудлыг хөндөж байгаа гишүүн бараг алга. Үнэхээр ЖДҮ-д санаа зовж байгаа бол тэдний цоорхой шанага шиг үрэлгэн санг ёо ёо гэдэггүй татвар төлөгчдийн хөрөнгөөр зузаатгахын оронд өмнөх зээлээ эргэн төлөхийг шаардах нь шударга ёсны зарчимд нийцмээр. Харин зээлийн эргэн төлөлтөөр ЖДҮ-ийн санг зах зээлийн зөв зарчмаар ажиллуулах ёстой гэж сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийг өргөн барьсан бөгөөд Засгийн газар ч ийм байр суурьтай байгаа ажээ. Ирэх 2021 онд ЖДҮ-г дэмжихэд зориулж төсвөөс мөнгө олгохгүй болж байна.

ЖДҮ-ийг дэмжих санг татвар төлөгчдийн мөнгөөр жил бүр зузаатгаж харин эрх мэдэлтнүүд түүнээс нь хумслаад байхад дахин дахин төсөв хуваарилах хэрэг юун. Амтшсан хэрээ 13 дахина гэгчээр, ЖДҮ-ийн сангийн хөрөнгөөр бэлэн хооллоод сурчихсан албан тушаалтнууд уг санг цоорхой шанага шиг байлгахыг хүсэх нь ойлгомжтой. 2006 оноос хойш улсын төсвөөс ЖДҮ-г дэмжих зорилгоор нийт 862 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Гэтэл эдгээр мөнгөний хэдэн хувь нь яг жинхэнэ эзэддээ хүрсэн бэ? гэдэг нь өнөөг хэр эргэлзээтэй байгаа юм. www.ikon.mn сайтын мэдээлж байгаагаар  2018 онд 211 аж ахуйн нэгжид 97 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол 2019 онд 456 ААН-д 47 тэрбум төгрөг олгосон байна. Энэ нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ачаар дарга нарын хамаарал бүхий цөөн тооны компаниуд өндөр дүнтэй зээл авдаг байсан бол илүү олон компанид зээл хүрч хүртээмж нэмэгдсэн гэсэн үг юм. Гэвч энэ нь хангалтгүй бөгөөд ард нь 1569 аж ахуй нэгж 238 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ гаргачихаад байгаа ажээ. Зээлээ төлөхгүй байгаа 300 аж ахуй нэгжийн 140 тэрбум төгрөгийг төлүүлбэл эдгээр аж ахуй нэгжийн 60 хувийн зээлийг нь шийдээд өгчих боломжтой байгаа юм. Ард нь хэчнээн ажлын байр, эдийн засгийн бүтээмж байгаа билээ. Гэтэл өдий болтол зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа эдгээр аж ахуй нэгжид ямар ч хариуцлага тооцохгүй байгаа нь ямар учиртай вэ?

Жирийн нэг аж ахуй нэгж банкнаас зээл аваад хугацаандаа төлөөгүй бол өмч хөрөнгөө хураалгаж, шүүх цагдаа хүртлээ хүндэрдэг. Гэтэл албан тушаалтнуудын компани зээлээ төлөхгүй бол үсрээд л олон нийтэд зарлах бололтой. Ер нь энэ 300 компаний нэрийг ил тод болгохгүй зээлээ төлөхгүй бол зарлана гэж байгаа нь ч хачирхалтай. Төсөв, сангийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгоно гэж байгаа Засгийн газар ямар учраас эдгээр зээлдэгчдийг зарлахгүй хаацайлаад байна вэ? энэ асуудалд сэтгүүлчид олон нийт анхаарлаа хандуулах л хэрэгтэй.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эдгээр 300 аж ахуй нэгжийн нэрийг зарлабал дахин шинэ дуулиан дэгдэж эрх баригчдын нэр хүндэд туйлын халтай тусахаар байгаа гэнэ. Зөвхөн эрх баригчид төдийгүй энд үе үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд ч орооцолдох хүндхэн асуудалтай тулгарах гээд байгаа учраас сөрөг хүчин АН хүртэл энэ асуудлаар таг дуугүй байгаа ажээ. Үндсэндээ энэ сангийн зээлийн асуудал Т.Бадамжунай, Х.Баттулга, Р.Бурмаа, П.Сэргэлэн, Б.Батзориг, Ч.Улаан зэрэг сүүлийн зургаан сайд тэдгээрийн ойрын хүрээллийн улс төрчидтэй холбогдсон томоохон асуудал болох бололтой. Тиймээс аль аль талдаа гал алдчихгүй энэ асуудлыг дараад өнгөрөх магадлалтай байна.

Ирэх оны зургадугаар сарыг дуустал хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгоно
Ирэх оны зургадугаар сарыг дуустал хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгоно
 
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.