Гар утасны лизинг, цалин эсвэл бизнесийн болон ипотекийн зээл гэхчлэн банкнаас ямар нэгэн зээл гаргах үед нэн тэргүүнд танаас Зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авахыг шаарддаг. Энэхүү сангийн нэг онцлог нь хэрвээ та зээл, лизинг эсвэл утасныхаа төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн бол автоматаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд бидний хэлж заншсанаар “Хар жагсаалт”-д ордог.
Нэгэнт уг жагсаалтад орсон бол 6 жилийн дараа л энэхүү бүртгэл тань устах боломжтой. Энэ хугацаанд дахин зээлд хамрагдах боломжгүй болдог бол цаашид Монгол хүн бүр зээлийн оноотой болох юм байна.
Ингэснээр таны зээлийн эрх оноогоор тодорхойлогдох ба Зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авах шаардлагагүй болно гэх мэдээллийг Монголбанк өглөө.
БҮХ ЗЭЭЛДЭГЧ НАР 300-800 ХҮРТЭЛ ОНООТОЙ БОЛЖ, ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЛАВЛАГАА АВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО
Монгобанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Монголбанкны Зээлийн мэдээллийн санд хар жагсаалт гэх ойлголт байхгүй. Энэхүү сан дахь мэдээллийг Монголбанк ангилдаггүй. Активын ангилах журмын дагуу л эрэмбэлэгддэг. 2012 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Sain "Сайнскор”, “Бүрэнскор” гэх хоёр компани гурван жилийн өмнө компани олон улсын нөхцөл стандартын дагуу хувь хүнд оноо өгдөг санхүүгийн систем нэвтрүүлэх тухай судалгаа нэвтрүүлэх үйл ажиллагаа эхлүүлсэн.
Цаашид бүх зээлдэгч нарт оноо өгнө. Иймд аль банкны зээлдэгчээс үл хамаарч Зээлийн мэдээллийн санд дүн шинжилгээ хийж хувь бүр оноотой болох юм. Энэ нь 300-800 онооны хооронд байна. Хүн бүр зээлийн оноотой болсноор хар жагсаалт гэх ойлголт байхгүй болж миний оноо хэд вэ? гэдгээр л хэмжигдэнэ.
Сайн тал нь, зээлжих зэрэглэлийн оноотой болсноор зээлдэгчид болон санхүүгийн салбарт харагдах учраас зээлийн мэдээллийн лавлагаа хэрэггүй болж оронд нь зээлийн онооноос хамаарч олгох зээлийн хэмжээ шийдэгдэнэ” гэлээ.
Жагсаалтын биш онооны системд шилжсэнээр, нэг талаас өнгөрсөн түүхээ устгах боломжгүй болох ч, нөгөөтээгүүр ганц удаагийн алдаанаас болж 6 жилээр боломжоо алдах эрсдэл байхгүй болж, санаатай зээл чанаргүйдүүлдэг хүмүүс муу зан төлөвөө дахин давтах боломжгүй болох зэрэг давуу талтай болох нь. Зээлийн оноо өндөр байх тусам тухайн зээлдэгч нарт илүү олон санхүүгийн чирэгдэлгүй боломж нээгдэх аж.
Монголбанкны зүгээс энэ онд банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөнийн 100 жилийн ойг тохиолдуулан 127 мянга гаруй зээлдэгчийн зээлийн мэдээллийг “хар жагсаалт”-аас гаргасан.
Энэ тухайд төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн өгсөн мэдээллээр гар утасны төлбөр болон картын үлдэгдэл зэрэг санамсаргүй алдаанаас болж зээлийн мэдээллийн санд ангилал буурсан, найдваргүй зээлдэгч болсон төдийгүй цар тахлын улмаас өөрөөс шалтгаалахгүйгээр зээлийн ангилал буурсан зэрэг шалтгаантай жижиг дунд үйлдвэрлэгч, иргэдийн зээлийн мэдээллийг нэг удаа Зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийсэн гэх тайлбар мэдээллийг өгсөн юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!