Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт, иргэний шилжилт хөдөлгөөний талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим санд байршуулсан. Цахим сан дахь сонгогчдын мэдээлэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үеийнхээс юугаараа өөр вэ?
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс байгууллагын цахим хуудаст байршуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчийн танилцах мэдээлэл ижил. Өөрөөр хэлбэл, сонгогч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй эсхүл буруу бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах хуулийн зохицуулалттай.
Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгогч цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой болсон.
Энэ зохицуулалт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд тусгагдаагүй тул сонгогч цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой байна гэсэн үг. Мэдээлэл нь зөрүүтэй бол өөрийн оршин суугаа газрынхаа улсын бүртгэлийн хэлтэст хандана гэж ойлгож болно.
-Улсын Их Хурлын сонгуулиар сонгогчдын хэдэн хувь нь мэдээллээ шалгасан бол. Манай хаяг дээр танихгүй хүн байна, мэдээлэл зөрүүтэй байна гэх яриа гардаг. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар ийм гомдол их гарсан уу. Хэрхэн шийдэгдсэн бол?
-Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтын холбогдох мэдээлэлтэй 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 136.063 иргэн танилцсан ба мэдээлэл зөв гэсэн 128.548, мэдээлэл зөрүүтэй 7517, шийдвэрлэсэн 1286 байна. Нийт гомдлын 6179 буюу 82 хувийг өөрийн хаягт оршин сууж байгаа иргэний тоо зөрүүтэй буюу тухайн иргэний хаяг дээр танихгүй иргэн бүртгэлтэй байна гэсэн гомдол эзэлж байсан. Энэ гомдлыг шалгаж үзэхэд, ихэвчлэн тухайн эд хөрөнгийн өмнөх эзэмшигч иргэн бүртгэлтэй байгаад байна. Тэгэхээр үл хөдлөх эд хөрөнгөө /байр, хашаа байшин зэрэг/ худалдан борлуулсан иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэхгүй хуучин хаяг дээрээ байгаад байгаа юм.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийг 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон боловч иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд өөрчлөлт ороогүй бол холбогдох иргэний хүсэлтийг үндэслэн гаргасан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэний байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг түдгэлзүүлж болно” гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Үүний дагуу өмчлөгч иргэн тухайн нэгжийн хяналтын улсын байцаагчид хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.
Уг зөрчлийг шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэн ажиллах тул тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг хэлмээр байна.
Түүнчлэн нөгөө талаар өмчлөгч иргэн өөрөө хүсэлт гаргаад ах, дүү хамаатан садныгаа ялангуяа хүүхэд сургууль, цэцэрлэгт бүртгүүлэх нэрээр тухайн иргэнийг албан ёсоор бүртгүүлсэн атлаа түүнийгээ мартсан байна гэх асуудал ч бас цөөнгүй гарсан гэдгийг хэлмээр байна. Иймд мэдээллийг зөв шалгаж гомдол гаргах нь зүйтэй юм.
-Хаягийн бүртгэлтэй холбоотой ямар зөрчлүүд ихэвчлэн байсан бэ?
-Ихэвчлэн оршин суугаа хаяг дээр өөр иргэн бүртгэлтэй байна гэсэн гомдол байсан. Иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэлийн дүрэм, журмыг сайн мэдэхгүй байгаагаас бүртгэлээ хийлгэхгүй байх шиг байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэн шилжин суурьшихдаа холбогдох эх нотлох баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ гэсэн хуулийн заалт байдаг. Иргэн өөрийн биеэр оршин суух газрынхаа улсын бүртгэгчид хандан шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia/-ээр дамжуулан бүртгэлээ хийлгэх боломжтой байгаа.
-Их Хурлын сонгуулиар багагүй гомдлыг шийдвэрлэсэн бол орон нутгийн сонгуулиар хаяг бүртгэлтэй холбоотой зөрчил багассан гэж ойлгож болох болов уу?
-Тиймээ, зөрчил тодорхой хэмжээгээр багассан гэж ойлгож болно. Гэхдээ шалгах, тодруулах шаардлагатай өргөдөл гомдолд хугацаа хэрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна.
-Мэдээлэл зөрүүтэй бол цахим сангаар гомдол гаргаад засуулахад хэр хугацаа орох вэ?
-Иргэний өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг баримтлан шийдвэрлэж ажиллана.
Гомдол гаргасан сонгогчийн мэдээллийг архивын эх нотлох баримт бичгийг үндэслэн тухай бүр шийдвэрлэх боломжтой бол шийдвэрлээд иргэнд хариу мэдэгдэнэ. Харин мэдээллийг нягтлан шалгах, тодруулах шаардлагатай бол тодорхой хэмжээний хугацаа шаардана.
-Сонгогчдын нэрийн жагсаалт танай цахим санд хэдийг хүртэл байрших вэ. Иргэд хэзээг хүртэл мэдээллээ шалгаж, зөрүүтэй бол гомдол гаргах боломжтой бол?
-Цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалттай сонгуулийн санал авах өдрийг дуустал танилцаж, өөрийн мэдээллээс гадна санал өгөх байрныхаа хаягийг харах боломжтой. Харин гомдол гаргах хугацаа хуульд заасны дагуу сонгуулийн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гэдгийг анхаарах хэрэгтэй. Энд нэг зүйл анхааруулж хэлэхэд, дээр дурдсанчлан хуульд заасан 14 хоногийн хугацаа дууссан гээд асуудлыг шийдвэрлэхгүй гэсэн үг биш юм. Сонгуулийн дараа иргэний журмаар харьяалах улсын бүртгэлийн хэлтэст хандаж асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн боломж байгааг хэлэх нь зүйтэй байх.
-Цахимаар мэдээллээ шалгах боломжгүй иргэд хэсгийн хороондоо очоод мэдээлэл авах боломжтой юу. Хэзээнээс сонгогчдын мэдээлэл хэсгийн хороонд очих вэ?
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ... цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ” гэж заасан. Тэгэхээр сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны 9 дүгээр сарын 16-ын өдрөөс өмнө хэвлэж, сонгуулийн хэсгийн хороодод цаасан хэлбэрийн нэрийн жагсаалтыг хүргүүлнэ. Энэ үеэс эхлэн цахимаар мэдээллээ шалгах боломжгүй сонгогч сонгуулийн хэсгийн хороон дээр очиж сонгогчдын нэрийн жагсаалттай танилцаж болно.
-Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл сонгогчдын нэрийн жагсаалтыг өгдөг. Нам, эвслээс сонгогчидтой холбогдож хэнд санал өгөхийг асуудаг, зөвлөсөн гэх мэдээлэл сошиал багагүй гарсан. Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн иргэний хувийн мэдээлэл ордог уу. Ер нь ямар мэдээллийг нам, эвслүүдэд өгдөг вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтээр цахимаар нэг удаа, Монгол Улсын Их Хурлын сонгуулиар сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтээр цахимаар 2 удаа олгох хуулийн зохицуулалт бий. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвсэлд өгөх зохицуулалт байхгүй.
-Орон нутгийн сонгуулиар иргэний шилжилт хөдөлгөөн, сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох зохицуулалт Их Хурлын сонгуулийнхтай адил уу.
-Тиймээ, адил. Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс зогсоосон.
-Орон нутгийн сонгуульд хэчнээн сонгогч санал өгөх вэ?
-Орон нутгийн сонгуульд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 2,237.879 сонгогч бүртгэгдсэн байна.
Энэ тоо сонгуулийн санал авах өдрийг хүртэл өөрчлөгдөнө гэж ойлгох хэрэгтэй. Нас барсан иргэн хасагдана, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол нэмэгдэж орно мөн төрийн байгууллагын мэдээллийн дагуу нэмэлт тэмдэглэгээ хийгдэх зэргээс шалтгаалж тоо өөрчлөгдөнө.