Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн бүх шатны шийдвэр гаргалт нотолгоонд суурилсан судалгаанд үндэслэх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 33 секунд

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын харьяа байгууллагуудад ажиллан, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Тэрбээр өнөөдөр (2024.09.03) Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын хамтаар Үндэсний статистикийн хороонд ажиллаа.

Уулзалтын эхэнд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа байгууллагын бүтэц, зохион байгуулалт, статистикийн системийн тогтолцоо, уламжлалт болон шинээр боловсруулж буй тоон үзүүлэлт, аргачлалуудын талаар танилцууллаа. Үндэсний статистикийн хороо нь салбарын хууль эрх зүй, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, өгөгдлийн шинжлэх ухаанаар мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, цахим аргачлалыг цогцоор нь нэвтрүүлж, дэд бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг үндсэн чиглэлүүдийг зорилт болгон ажиллаж байгаа гэлээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, “Статистик, судалгаа, мэдээлэлгүйгээр аливаа түвшинд шийдвэр гаргах нь нүдээ боогоод харанхуйд алхахаас ялгаагүй. Үндэсний статистикийн хорооноос боловсруулсан өгөгдөл, тоон мэдээллийг төр бүх шатны шийдвэр гаргалтдаа ашиглаж чадаж буй эсэх нь анхаарал хандуулах асуудал” хэмээгээд иргэдэд тулгамдаж буй үнийн өсөлт тэргүүтэй асуудлыг шийдвэрлэхэд өгөгдөл, тоон мэдээлэл ашиглах чадвартай байх нь чухал гэлээ.

Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийн хэрэгжилтийг хангахад Үндэсний статистикийн хороо нэн чухал үүрэгтэйг тэрбээр онцлоод, тус хорооны судалгаа, тоон мэдээллийг яамдаас эхлээд шийдвэр гаргах төрийн байгууллагууд ашигладаг харилцан уялдаатай байх нь чухал. Монголбанк мөнгөний бодлогыг ямар статистик мэдээлэл дээр үндэслэж барих вэ, Эдийн засаг, хөгжлийн яам ямар судалгаанд үндэслэж эдийн засгийн тэлэлтийн бодлого явуулах вэ, Сангийн яам ямар дата ашиглаж ухаалаг төсөвлөлт хийх вэ гэдгийг эмх цэгцэд нь оруулах шаардлагатай байна гэв.

Мөн шийдвэр гаргах бүх түвшинд статистикийн байгууллагаас гаргасан тоон мэдээллийг оновчтой ашиглаж, үр дүнг тооцоолдог байх, өгөгдлийн шинжлэх ухаанаар мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ.

Эрэлч нохой “BOROO” 10 гаруй тарвагыг илрүүлжээ
Эрэлч нохой “BOROO” 10 гаруй тарвагыг илрүүлжээ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.