Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ё.Шижиртуяа: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол торгохгүй. Харин баривчлах шийтгэл оногдуулна

Ангилал
 Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
8 минут 13 секунд

Гэр бүлийн хүчирхийллийн талаар ЦЕГ-ын УСГ-ын Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ё.Шижиртуяатай ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 оны эхний 07 сард 24811 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2779 хэргээр буюу 12.6 хувиар өсөж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1014 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 64 хэргээр буюу 6.7 хувиар өссөн, бүх хэрэгт эзлэх хувийн жин 4.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.2 нэгжээр буурсан байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 912 буюу 89.9 хувийг хөнгөн, 102 буюу 10.1 хувийг хүнд гэмт хэрэг байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөнгөн гэмт хэрэг 5.2 хувиар, хүнд гэмт хэрэг 22.9 хувиар тус тус өссөн байна. Энэ төрлийн гэмт хэргийн 46.3 хувь нь Улаанбаатар хотод, 53.7 хувь нь орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

-Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр ямар ажил зохион байгуулж бэ?

-Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээлэл хүлээн авдаг “ECS” программд Гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлддэг иргэний давтамжийг регистрийн дугаараар бүртгэдэг болж, регистрийн дугаар”-ын сангийн ашиглалт сайжран давтамж бүрд хяналт тавих бүрэн боломжтой болсон ба Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ өндөр дуудлага, мэдээллийн жагсаалтыг сар бүр Нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, хэлтэс, хорооны хамтарсан багт хүргүүлж хохирогч хамгааллын үйлчилгээнд холбон зуучлан, хамтран ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл дуудлага мэдээлэл хүлээн авах “ECS” программд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж 1 удаа бүртгэгдсэн бол Монгол Улсын хаана ч байсан дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох үед өмнөх дуудлага, мэдээлэл болон шийдвэрлэлтийн талаар шалгаж байгаа алба хаагч, эрх бүхий албан тушаалтанд бүртгэлээр харагдана гэсэн үг.

Цагдаагийн байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа гэр бүлийн хүчирхийлллээс уьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажиллахын зэрэгцээ цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан жил бүр жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах зорилготой “Хайр өвтгөдөггүй”, “Яг одоо”, “Би байна”, “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай”, “Нандин бүхнээ хамгаалъя”, “Харилцан хүндэтгэе” зэрэг нөлөөллийн аяныг Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран зохион байгуулж, дэмжин ажиллаж байна. Аян, арга хэмжээг зохион байгуулснаар хүчирхийллийн хор уршиг, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд хүн бүрийн үүрэг, оролцооны талаарх ойлголт, мэдлэг нэмэгдсэн үр дүнтэй байна.

Мөн энэ онд Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн үүрэг оролцоо” зөвлөгөөн, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсад Хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх нь төслийн багтай хамтран “Гэр бүл амжилтын үндэс” эвент арга хэмжээг зохион байгуулсан.

-Энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрхэн ажилладаг вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчлан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор сургалт, мэдээллийг 230 төрийн болон төрийн бус байгууллага, 110 аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулж зурагт постер, видео шторк, контент бүтээж, нийтийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр байршуулж, иргэдэд олон нийтэд түгээн мэдээллээр хангасан.

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сантай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдад зориулсан бүсчилсэн сургалт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх” зэрэг бүсчилсэн сургалтыг 2021-2023 онуудад тогтмол зохион байгуулсан.

Мөн IDLO Олон Улсын байгуулагатай хамтран Гэр бүлийн хүчирхийлэл, Жендерт суурилсан хүчирхийлэл, Хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчид үзүүлэх үйлчилгээ, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн алба хаагчийн оролцоо, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд цагдаагийн алба хаагчийн хохирогч төвтэй хандлага зэрэг сэдвүүдээр мэргэшүүлэх сургалтыг дурдаж болохоор байна. .

-Хүчирхийлэлд өртсөн бол эсхүүл хүчирхийллийн шинж илэрвэл хаана, хэнд хандах боломжтой вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох бөгөөд, ихэвчлэн бие махбодийн хүчрхийлэл, давтан үйлдэгдсэн үед цагдаагийн байгууллагад хандаж байна.

Хэрвээ та болон таны эргэн тойрны хэн нэгэн Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хандах боломжтой, цагдаагийн байгууллагад Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар ажиллаж байгаа. Та өөрт тулгарсан асуудлаар тухайн алба хаагчдад шууд хандах боломжтой. Мөн зөвлөгөө мэдээлэл шаардлагатай бол 107 тусгай дугаарт залгаж, үнэ төлбөргүй мэдээлэл авч болно, уг дугаарт 24 цагаар сэтгэл зүйч нар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа. Мөн 102 дугаарт залган мэдээлэл өгөх боломжтой.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол торгохгүй.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эсхүл 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.

Нэгдүгээр ангид суралцах 30,084 хүүхдийн элсэлт баталгаажаагүй байна
Нэгдүгээр ангид суралцах 30,084 хүүхдийн элсэлт баталгаажаагүй байна
 
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.