Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өгөв. Тодруулбал,
"Хичээлийн жил 3 улиралтай болсон. Нийслэлийн хувьд ханиад томууны үед 5 долоо хоногийн амралт өгч байгаа бол хөдөө орон нутагт хаврын улиралд илүү урт амраахаар болсон. Тиймээс нэгдүгээр улирал харьцангуй урт хугацаанд үргэлжилж байгаа учир 10-р сарын сүүлээр болон хаврын улиралд бие даалтын долоо хоног гаргаж өгнө.
Учир нь бие даалтын долоо хоногоор сурагчид музей үзэх, түүх соёлын дурсгалтай танилцахаас гадна 6 настнуудыг нүд, шүд, зүрхний иж бүрэн эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар холбогдох байгууллагуудтай ярилцаж байна.
Түүнээс гадна хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр буюу 9-р сарын 1-ний өдөр нь ням гарагт тохиож байгаа. Тиймээс ням гарагт цэцэрлэг, ЕБС, насан туршийн суралцахуйн төвүүд нь хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг эцэг эх, асран хамгаалагч, багш сурагчдад хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй уян хатан байдлаар зохион байгуулах зөвлөмж, чиглэлийг хүргүүлж байгаа.
Тиймээс төрийн 3 өндөрлөгөөс эхлээд сайд миний бие ч гэсэн энэ олон сургууль, цэцэрлэгээс сонгож очихгүй, харин мэндчилгээ дэвшүүлнэ. Хичээлийн шинэ жилийн баяр нь цэвэр эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, сурагчдын баяр байх ёстой. Тиймээс том дарга нар очиж хүндрэл учруулахгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн" гэлээ.