УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.16/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ядуурал, өрхийн амьжиргааг дээшлүүлэх хүрээнд хийх ажлын тухайд дараах байр суурийг илэрхийллээ.
Ядуурлаас гардаг хамгийн гол үр дүнд хүрч байгаа арга хэмжээ бол төгсөлтийн аргачлал. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа уг төслөөр 1250 өрхийг сонгон гурван жилийн хугацаатай, үйлдвэрлэл явуулж болох 500-600 долларын тоног төхөөрөмжөөр хангасан. Өмнө нь бид ядуурлыг бууруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зээл өгчихвөл болчих юм шиг буруу төсөөлөлтэй явж ирсэн. Гэтэл одоо хэрэгжүүлж буй төсөл нь хүнийг ядуурлаас гаргахад хамгийн багадаа 3 жил зарцуулж үр дүнд хүрэх юм.
Үйлдвэрлэл эрхэлж болох тоног төхөөрөмжөөр хангаж, сургалтад хамруулж, сэтгэлзүйн зөвлөгөө өгнө. Дэлхий нийтэд ашигладаг ядуурлаас гаргадаг цогц нийгмийн үйлчилгээний арга нь энэхүү төгсөлтийн аргачлал юм.
Өчигдөр Азийн хөгжлийн банкны удирдлагуудтай уулзах үеэрээ тус төслийг Монгол Улсын бүх аймаг, сумдын хэмжээнд хэрэгжүүлье гэсэн санал тавьсан. Хөдөлмөр эрхлэлтийн сангаас сүүлийн долоон жилд 160 тэрбум төгрөг зарж, 47 мянган ажлын байртай болгосон гэсэн статистик байгаа. Тогтвортой ажлын байр бий болгож чадсан уу гэдэгт хариулт өгч чадахгүй байна. Цаашдаа ядуурал, ажилгүйдэл, хөдөлмөрийн зах зээлийн асуудлуудыг их өгөгдөлд суурилсан зөв төлөвлөлтөөр хийнэ гэлээ.