Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВИЙН ТОДОТГОЛ: “Дуусдаггүй“ Дарханы замыг гүйцээхэд 131.5 тэрбум, “Өөдөө тэмүүлэх Монгол“ гүүрэн байгууламж тэргүүтэй зургаан мега төсөлд 223.8 тэрбум төгрөгийг тусгажээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 52 секунд

УИХ-д суудалтай АН, МАН, ХҮН намуудын төлөөллөөс бүрдсэн Л.Оюун-Эрдэнийн ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР-аас төсвийн тодотгол оруулахаар хуулийн төслийн хоёр хоногийн өмнө УИХ-ын даргад өргөн бариад байна. Засгийн газраас мэдээлж буйгаар энэ удаагийн төсвийн тодотголыг хөгжлийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлэх, бэлтгэл ажил, ТЭЗҮ зураг төсвийн санхүүжилтийг шийдвэрлэхээр тусгасан гэж буй.

Үүнд, "Өөдөө тэмүүлэх Монгол" ган татлагат гүүр, "Хөшгийн хөндийн туннел" барих, "Шинэ тойрог авто зам" төсөл, "Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор" тэргүүтэй зургаан томоохон төсөл хөтөлбөр багтсан аж. Харин тус зургаан төсөл хөтөлбөрт шаардагдах санхүүжилтээс гадна бусад төсөл хөтөлбөрүүдийг төсвийн тодотголд хэрхэн тусгасан талаар харья.

"Өөдөө тэмүүлэх Монгол" ган татлагат гүүрэн байгууламжийн төсөл-28.6 ТЭРБУМ ТӨГРӨГ

Эл гүүрэн байгууламжийг Улаанбаатар хотод буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Хүрхээн ам хүртэлх зайнд хийх юм. Тус гүүрэн байгууламж нь 6 эгнээ бүхий 4.7 км авто зам, 900 метр урт гүүр, 80 метр урт нүхэн гарц бүхий бүтэцтэйгээр төлөвлөгдөж буй аж. "20 минутын хот" концепцийг бодитой хэрэгжүүлэхэд тус төслийг эхлүүлэх ажлын хүрээнд ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтэд шаардлагатай 28.6 тэрбум төгрөгийг Зам тээврийн сайдын багцад тусгажээ.

Хөшгийн хөндийн туннел төсөл - 55.3 ТЭРБУМ ТӨГРӨГ

Туул голыг дагасан, Хөшгийн хөндий рүү чиглэсэн шинэ их тойруу дэд бүтцийг бүрдүүлэх мега төсөл болох "Хөшгийн хөндийн туннел" төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хүрээнд уг гүүрэн байгууламжийн ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтэд шаардлагатай 55.3 тэрбум төгрөгийг Зам тээврийн сайдын багцад тусгажээ. Эл туннел нь 15.2 км урт бүхий хоёр эгнээтэй хос туннел бөгөөд Богдхан уулын Их тэнгэрийн амнаас Богдхан уулын Номтын ам руу барихаар төлөвлөсөн аж.

"Шинэ тойрог авто зам" төсөл - 16.9 ТЭРБУМ ТӨГРӨГ

"Шинэ тойрог авто зам" төсвийн хүрээнд 13.4 км урт бүхий тойрог авто замуудыг барьж байгуулах ажлын урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөвт шаардлагатай 16.9 тэрбум төгрөгийг Зам тээврийн сайдын багцад тусгажээ. Төслийг 2024-2028 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2025 оны төсөвт барилга угсралтын ажлыг санхүүжилтийг тусгаж улмаар эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Тус төслийг Улаанбаатар хотын Их тойруу хэсэгт хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй юм.

"Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор" төсөл - 100 ТЭРБУМ ТӨГРӨГ

Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг Хөшгийн хөндийн Номтын аманд байгуулахаар төлөвлөж оруулж иржээ. Тус барилгын хэмжээг урьдчилсан байдлаар 70 мянган м2 гэж тооцоолж буй аж. Ингэхдээ төслийн төсөвт өртгийг 676.3 тэрбум төгрөг хэмээн тооцоолсон бөгөөд одоо оруулж буй төсвийн тодотголоор 2024 онд санхүүжих 100 тэрбум төгрөгийг ЗГХЭГ-ын багцад тусгажээ. Эл цогцолборыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

"Туул хурдны авто зам" төсөл - Төр хувийн хэвшлийн ТҮНШЛЭЛЭЭР

"Туул хурдын авто зам" төсөл нь 6 эгнээ бүхий 33 км урт хурдын замыг Улаанбаатар хотын баруун хэсгийг зүүн хэсэгтэй холбосон Туул голыг дагасан байхаар төлөвлөсөн байна. Төслийн ТЭЗҮ-ийг 2014 онд олон улсын байгууллагын санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байдаг бөгөөд үүнд үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх аж. Тус төслийн барилга угсралтыг 2025 онд эхлүүлнэ гэжээ.

Улаанбаатар хотын "Шинэ их тойруу хурдны замын төсөл - 23 ТЭРБУМ ТӨГРӨГ

"Шинэ Их Тойруу хурдын авто зам" төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хүрээнд уг төслийн ТЭЗҮ, зураг төсөвт шаардлагатай 23 тэрбум төгрөгийг Зам тээврийн сайдын багцад тусгажээ. Мөн хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийн нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээний санхүүжилтэд 50 тэрбум төгрөгийг Монгол Улсын сайд бөгөөд 20 минутын хот Үндэсний хорооны даргын багцад тусгасан байна.

-Үргэлжлүүлэн эдгээр төслүүдээс гадна бусад анхаарал татсан төсөл хөтөлбөрүүдийг харцгаая-

-Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт 2 эгнээ барих - 131.5 ТЭРБУМ ТӨГРӨГ-

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Зам тээврийн яам

Хөгжлийн түнш: ЕСБХБ-ны зээл

Нийт санхүүжилтийн дүн: 157 сая ам.доллар

Тус замын ажлын нийт гүйцэтгэл 94 хувьтай байгаагаас зэл ашиглалт нь 54 хувьтай байгаа аж. Ингэхдээ энэ онд бүрэн хэрэгжиж дуусах тул замын ажлын 131.5 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулган оруулж иржээ.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц - 256.8 ТЭРБУМ ТӨГРӨГ-

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Эрчим хүчний яам

Хөгжлийн түнш: БНХАУ-ын Эксим банкны зээл

Нийт санхүүжилтийн дүн: 266.5 сая ам.доллар

2024 оны төсвийн тодотголд 256.8 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Баруун бүсийн болон эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй эх үүсвэрийг хангах зорилго бүхий Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай УЦС-ын төсөл хэрэгжсэнээр баруун аймгуудын импортын цахилгааны хараат байдал арилж, 100 хувь дотоодын эх үүсвэрээр хангагдах юм.

-Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл - 52.7 ТЭРБУМ ТӨГРӨГ-

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Хөгжлийн түнш: БНХАУ-ын Эксим банкны зээл

Нийт санхүүжилтийн дүн: 1.236.0 сая ам.доллар

Тус төслийн ажлын 2024 онд санхүүжих гүйцэтгэлтэй уялдуулан 52.7 тэрбум төгрөгийг 2024 оны төсвийн тодотголд тусгажээ. Эл үйлдвэр нь жилд 1.5 сая тон түүхий тос боловсруулж, дотоодын хэрэглээний 80 хувийг хангах юм. Ингэснээр шинээр 700 ба түүнээс дээш тоогоор ажлын байр бий болох аж.

-Төв цэвэрлэх байгууамжийг шинээр барих - 110 ТЭРБУМ ТӨГРӨГ-

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

Хөгжлийн түнш: БНХАУ-ын Эксим банкны зээл

Нийт санхүүжилтийн дүн: 262.7 сая ам.доллар

Тус төслийн хүрээнд 32.45 сая ам.долларын санхүүжилтийн хүсэлт ирсэнтэй холбогдуулан 2024 оны төсвийн тодотголд 110 тэрбум төгрөгийг тусган оруулж иржээ. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хүрээнд нийт 55 барилга баригдаж байгаа бөгөөд бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөж буй аж.

Аравдугаар сарын 20-ноос өмнө нийслэлийн ногоон бүсээс болц гүйцээгүй самар түүхийг хориглоно
Аравдугаар сарын 20-ноос өмнө нийслэлийн ногоон бүсээс болц гүйцээгүй самар түүхийг хориглоно
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.