Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын ардын эмч Ж.Хатанбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан ил захидал илгээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 6 секунд

Монгол Улсын ардын эмч Ж.Хатанбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан ил захидал илгээжээ. Тэрбээр өөрт тулгарч буй асуудлын хүрээнд хандаж буй нь энэ аж. Тэрбээр "Монгол Улсын иргэн Ж.Хатанбаатар миний бие хуулийн дагуу яваад олон жил хохирч байгаа асуудлаараа эрхэм Ерөнхий сайд танд хандаж байна.

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 61 дүгээр тогтоолыг үндэслэн явагдсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн нэмэлт хөрөнгө оруулах нөхцөлтэй менежментийн хувьчлалын шалгаруулалтад баг бүрдүүлэн оролцож ялсан. Хуулийн дагуу явагдсан шалгаруулалтад ороод шалгарч, 2008-2011 онд Нийслэлийн өмчийн харилцааны газартай хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулж, уг газраас томилсон төлөөлөгчийн хяналт дор 3 жил хэрэгжүүлэн ажиллаж, аудитын шалгалт, өмч хувьчлалын комиссоос “гэрээ хангалттай биелсэн” гэдэг дүгнэлттэйгээр дуусгасан. Энэ бүхэн хуулийн дагуу явагдсан байна гэдгийг Монгол Улсын гурван шатны шүүхээр тогтоож, Улсын дээд шүүхээс эцэслэн “Гэрээг дуусгавар болгосон шийдвэрийг Нийслэлийн өмч хувьчлах комисс-т даалгасугай” гэдэг шийдвэр гарсан. УДШ-ийн шийдвэр эцэслэн гарсан 2014 оноос өнөөг хүртэл хотын удирдлагууд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй явж ирлээ. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар Нийслэлийн өмчийн харилцааны газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд, Хотын дарга нар, Монгол Улсын хүний эрхийн комисс, Монгол Улсын төрийн гурван өндөрлөг хүртэл бүхий л шатанд удаа дараа олон удаа хандаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульдаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулна хэмээн заасан. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг нь гагцхүү хуулийг хэрэгжүүлж, хуулийг дээдлэх ёс гэж ард түмэн бид ойлгодог. Гэтэл бодит амьдрал дээр төрийн үйлчилгээний дунд шатны байгууллагууд түүний эрх бүхий албан тушаалтнууд хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагаас, бүр Улсын дээд шүүхийн шийдвэр эцэслэн гарсан байхад уг шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, Үндсэн хуулиас давсан эрх мэдэл эдэлж, иргэдийг хохироож байгааг би өөрийн биеэр туулж 10 жил хохирч, бас төр, хуульдаа итгэж хүлээж байна.

Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, Менежментийн хувьчлалыг дуусгавар болгохгүй байгаагаа Нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нар мэдсээр байгаа атлаа олон түмэнд Ж.Хатанбаатар гэдэг хүний талаар худал ташаа ойлголт өгөх илтэд гүтгэн доромжилсон мэдээллийг сүүлийн зургаан сарын туршид тасралтгүй явуулж байна.

Монгол Улсын төр засаг ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын жишигт нийцүүлсэн хуультай болж, Хүний эрхийн үндэсний комиссыг 2000 онд хуулиар байгуулсан. Хуулийг хэрэгжүүлж, хүний зөрчигдсөн эрхийг хамгаалахын төлөө ажилладаг Хүний эрхийн комисс нь УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлж, хүний эрхийг ханган ажиллаж, хариуг түүгээрээ өгөх утга бүхий албан тоотыг 2024 07 09-нд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт явуулсан. Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч В.Оюумаагаас Хүний эрхийн комисс-т “Нийслэлийн өмч болох Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг Монгол Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоол, МУ-ын Засгийн газрын 2003 оны 34 дүгээр тогтоол болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 61 дүгээр тогтоолыг үндэслэн “Менежментийн гэрээ”-ний даргуу 2008 онд хувьчилж, Ж.Хатанбаатар ахлагчтай багтай гэрээ байгуулсан” гэж хуулийн дагуу явагдаж байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа Менежментийн багийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар биш харин эсрэгээрээ “Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн хариуг өгсөн байна.

Энд хариу өгөхөд:

Нэгд, 2008 онд байгуулсан гэрээгээр тогтоосон үнэлгээг бид хийгээгүй, Нийслэлийн өмчийн харилцааны газраас сонгосон мэргэжлийн байгууллага хийсэн.

Хоёрт, тухайн үед өмчийн харилцааны газрын нэр бүхий зарим хүн буруу аргачлалаар тооцсон, алдаатай үнэлгээг хийлгэж, 73 дугаар тогтоолоор батлуулахаар оруулсан ч комисс хүлээн авах боломжгүй гэснээр хүчингүй болж байсныг одоо дахин гаргаж ирж ашиглах гэж оролдож байна.

Гуравт, 2008 онд хийгдсэн гэрээний үндэс болсон 73 дугаар тогтоолоор батлагдсан үнэлгээ нь бүх тооцоолол, шаардлагыг бодитой хангасан байж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдсан гэдгийг сонгон шалгаруулалтыг зарласан хариуцагч эзэн нь болох Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нар бүгд мэдэж байгаа.

Дөрөвт, хуулийн дагуу явагдсан тул хүний зөрчигдсөн эрхийг сэргээж хамгаалах тухай ярих ёстой атал АТГ-аар шалгуулж байна гэдэг нь хэлмэгдүүлж хэрэг тохох гэсэн захиалга уу.

Угтаа бол Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч В.Оюумаагаас бид Менежментийн багийн 16 жилийн өмнө оруулсан нэмэлт хөрөнгө оруулалтыг, гэрээний үүргээр төсвийн алдагдлыг нөхөж хийсэн санхүүжилтүүдийг, бас өнөөг хүртэл хохирч ирсэн хохирлыг тооцон бодож гаргаж ирэхийг шаардах нь шударга ёсонд нийцнэ.

Хүний эрхийн комиссоос хүний эрхийг зөрчигдсөн эрхийг сэргээж хамгаалаач гэсний хариуд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь 2024.08.1-нд Авлигатай тэмцэх газар шалгах ажиллагаа явуулж байна гэж АТГ-ын дарга шиг хариулт өгсөн бичиг илгээсэн бол, Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр 2024.08.05-ны өдөр хотын дарга Х.Нямбаатар “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн асуудлыг шуурхай шийдвэрлэх” үүргийг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газарт өгсөн. Ингэж нэг талаасаа биднийг хууль хүчний байгууллагаар сүрдүүлэн айлгаж, олон нийтэд илтэд буруу ташаа ойлголт өгч байна. Нөгөө талаараа, АТГ, Нийслэлийн цагдаа зэрэг хууль хүчний байгууллагыг ард түмнээ айлгах, биднийг зохиомол хэрэгт гүтгэх гэж “нохойд барьдаг мод” шиг ашиглахыг оролдож байна. Иймээс бид одоо нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг хуулиа дээдэлж, УДШ-ийн шийдвэрийг биелүүлнэ гэж найдах аргагүй тул Ерөнхий сайд танд ил захидал илгээж байгаа нь энэ. Алдагдсан эрхээ хамгаалуулахыг хүссэн ард иргэдэд хандаж байгаа эрх мэдэлтнүүдийн энэ мэтчилэнгийн дээрэлхүү хандлага, зохисгүй үйлдлүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд та яав ч хүлээн зөвшөөрөхгүй гэж бид итгэж байна.

Төрд итгэж, хуулийн дагуу явагдсан нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй менежментийн хувьчлалд оролцсон. Нэмэлт хөрөнгө оруулалтаа хийсэн, менежментийн гэрээний үүргээ биелүүлсэн. Монгол хүний эрүүл энхийг хамгаалахын төлөө ажилладаг байгууллагын нэг болох Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг өнөөг хүртэл хүн арддаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тэр хэвээр нь авч явж ирснийг эмнэлэг сувиллын хамт олон, түмэн олон эмчлүүлэгчид маань мэднэ.

Эрхэм Ерөнхий сайд аа. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр явагдсан Менежментийн гэрээтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү.

Хүндэтгэсэн:

Менежментийн багийн ахлагч Монгол Улсын ардын эмч Ж.Хатанбаатар

Улаанбаатар хот 2024.08.12

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 10 настай охиноо мөргөж гэмтээжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 10 настай охиноо мөргөж гэмтээжээ
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.