БНСУ-ын иргэн Шар тэнгисийн орчимд амиа алдсантай холбогдуулан БНСУ, БНАСАУ ойрын хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэгтэй гэж БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн мэдэгдлээ.
Өмнөд Солонгос болон Хойд Солонгосын төлөөлөгчид хамтран ажиллахад саад учрахгүй гэж үзэж байна хэмээгээд, тэрбээр хэргийн нарийн учрыг олж илрүүлэх, цаашид ийм зүйл дахин давтагдах ёсгүйг цохон тэмдэглэсэн байна.
Мөн хоёр улсын харилцаа хурцадсаны дараа үйл ажиллагааг нь зогсоосон харилцаа холбооны шугамуудаа сэргээх шаардлагатайг Чон Се Гюн мэдэгджээ. “Хоёр Солонгосын цэргүүд хоорондын харилцаа холбооны шугам хэвийн ажиллаж байсан бол иймэрхүү харамсалтай хэрэг гарахаас сэргийлж чадах байсан юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсан байна.
БНСУ-ын Далай, загасны аж ахуйн яамны харьяа загас агнуурын хяналтын газрын ажилтныг Умард Солонгосын хилчид буудан хөнөөж, цогцсыг нь шатаасан гэж өмнөдийн цэргийнхэн 9 дүгээр сарын 28-нд мэдээлсэн юм. БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, Умард Солонгосын тал коронавирусний халдвар нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын эрх баригчдын баталсан хорио цээрийн журмын дагуу ийм арга хэмжээ авчээ. Үүнтэй холбогдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины засаг захиргаанд уучлалт хүссэн захидал илгээжээ.