Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭТГЭЛЗҮЙЧ Б.Самбуу: “Даваа гарагийн гуниг“ удаан үргэлжилбэл ажлаас халшрах хам шинжтэй болох эрсдэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 7 секунд

Шинэ долоо хоног эхлэх нь танд ямар мэдрэмжийг төрүүлдэг вэ. Даваа гарагийг нэг хэсэг нь эрч хүч, урам зориг дүүрэн эхлүүлдэг байхад нөгөө талд "Дахиад л Даваа гараг" гэсээр угтах нь ч бий. Тэгвэл энэхүү таагүй, хүнд өдөр мэт мэдрэмж төрөх байдал нь долоо хоногийн Даваа гарагт л түгээмэл тохиолддог зүйл гэнэ. Энэ талаар сэтгэл зүйч Б.Самбуу ярилцлаа.

-Даваа гарагийн синдром, гуниг гэх нэршлийг олон нийт ихээр ярих болсон. Энэ талаар сэтгэл судлалын шинжлэх ухаанд авч үздэг үү?

-Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаанд даваа гарагийн гуниг гэх нэршлийг их судлах болсон. Бусад гарагийг бодоход даваа гарагт бие хүнд оргих, ядрах, гуньхрах шинж тэмдэг илэрдэг. Суурь асуудал нь стресс, хүний амархан дасан зохицох байдалтай хамааралтай. Стресс гэдэг нь сэтгэцийн тухгүй байдал. Энгийн үгээр хэлбэл тухайн хүний хийх гэж байгаа зүйлдээ хүрэхгүйгээс шалтгаалж төрөх таагүй мэдрэмж. Тогтмол нэг давтамжид байхаараа хүн тэр зүйлд амархан дасаж байдаг. Ажлын тав дахь өдөр дөхөөд ирэхээр амралтын өдөр боллоо гэсэн шиг илүү идэвхтэй байдаг. Гэтэл амралтын өдрүүддээ дасан зохицож байгаад даваа гариг болоход тархи ачаалладаг. Амралтын өдрийн тайван байдлаа алдсанаасаа болж стресстэж, ядардаг. Мөн Ням гарагийн орой маргаашийн ажлуудаа яана гэх бодлоос эхлэн тархи ачаалж ядардаг. Хэт удаан стресстэй явбал тархины ядаргаа, нойргүйдэл, ходоодны шарх үүсэх эрсдэлтэй.

-Ажлын эхний өдөр таагүй мэдрэмж төрдөг байдал нь хэр судлагдсан үзэгдэл вэ. Олон улсад энэ чиглэлд хийсэн судалгаа байдаг уу?

-Германы нэгэн доктор профессорын "Даваа гарагийн түгшилт, айдас" нэртэй лекц байдаг. Уг лекц нь 15 мянган өөр өөр орны улсын байгууллагад ажилладаг хүмүүс оролцсон судалгаанд үндэслэсэн. Энэ судалгаа нь даваа гарагийн айдас түгшил юунаас болдог вэ, хэн даван туулах вэ талаар хийгдсэн.

-Хувь хүний сэтгэл зүйн байдал нөлөөлөх тал бий юу. Аль эсвэл ажлын ачааллаас шалтгаалж л мэдрээд байна уу?

-Даваа гарагийн түгшилт тухайн хүний сэтгэлзүйн анхдагч ойлголт, сэтгэлзүйн тулгуур баганатай холбоотой. Тухайн хүн сэтгэлзүйгээ хэрхэн авч явж байгаа, асуудлыг яаж хүлээж авч байгаа нь тухайн бие хүнээс хамааралтай. Хүмүүс долоо хоногийн хийх ажилтай холбоотой ажлын стресс, айдас, сандрал гэх мэтээс Даваа гарагийн түгшилт мэдэрч болно. Хоёрдугаарт, ажлын хамт олон, байгууллагаас нь ажилчдадаа хэр анхаарал хандуулж байгаагаас шууд хамааралтай. Яг юунаас болж сэтгэл санаа хямарч, юу таагүй мэдрэмж төрүүлэхэд нөлөөлж буйг анзаарч ажиглах нь чухал. Хамт ажиллаж буй хүмүүсийн харилцаа, ажлын ачаалал, мэргэжлийн онцлог эсвэл тухайн хүний сэтгэл зүйн хувийн асуудлаас болж таагүй мэдрэмж төрж байна уу гэдэгт өөртөө ажиглалт хийх хэрэгтэй. Өөрөөс нь шалтгаалаагүй, ажлын орчин, ачааллаас шалтгаалсан бол шийдвэрлэх боломжтой.

-Даваа гарагийн гунигийг байнга мэдрээд байвал ямар үр дагаварт хүргэх вэ. Ажлын бүтээмжид нөлөөлдөг тал бий юу?

-Айдас түгшилт нь тархинд болж сэтгэлзүйд нөлөөлж байгаа гэмтэл юм. Ийм жижиг гэмтлүүд нь нэгт хүний биед, хоёрт оюун санаанд, гуравт ажлын бүтээмж, идэвхтэй байдал орлогод шууд нөлөөтэй. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл “Ажлаас халшрах хам шинж”-тэй болох, ажилдаа, хамт олондоо дургүй болох, магадгүй мэргэжилдээ дургүй болох ч эрсдэлийг үүсгэж болзошгүй. Тиймээс зөвхөн Даваа гарагт илрээд байна уу эсвэл бүх өдөр энэ шинж тэмдэг илэрч байна уу гэдгээ сайн анзаарах хэрэгтэй. Хэрэв бүх өдөр илэрч байвал Даваа гарагийн гуниг биш магадгүй сэтгэл гутралын шинж тэмдэг байж болзошгүй.

-Даваа гарагийн гуниг, синдром гэх ойлголтод ихэвчлэн 40 насныхан өртдөг гэх мэдээлэл байдаг юм билээ. Энэ хэр бодитой вэ. Насны хувьд судлагдсан зүйл байдаг уу?

-Дээр дурдсан судалгаанд 25-50 насныхан хамрагдсан. Монголын хувьд авч үзэхэд яагаад 40 насныхан илүү өртөөд байна вэ гэхээр дийлэнх нь хоёроос гурван хүүхэдтэй. Өсвөр насны хүүхдэдээ анхаарал тавих, бага насны хүүхдэдээ халамж тавих, өөрсдийн ажил карьер, давхар орлого олох боломжоо нэмэгдүүлэх гээд санаа зовох их байдгаас сэтгэл түгшилт ихтэй байдаг гэсэн үг. Иймд аливаа зүйлд түгших сэтгэлээр унах нь амархан байдаг. Шийдвэр гаргах тал дээр 20-той залуучууд шиг шууд шийдвэрээ гаргачихгүй, 50-тай юм шиг бодоод суугаад байж чаддаггүй. Хамгийн зөв хамгийн сайн нь байх ёстой гэдэг бодол эргэлдэж байдаг.

-Ажлаас халшрах хам шинж гэж бий. Даваа гарагийн гуниг гэх ойлголт үүнээс шалтгаалж байж болох уу?

-Ажлаасаа халшрах гэдэг нь нэг хэвшмэл байдлаасаа уйдчихсан ажлаасаа залхаж байгаа шинж юм. Нэг хэвийн ажлаа хийгээд 18 жил болсон ч тогтмол нэг байр суурин дээр байгаад ирэхээр бас шантардаг. Ажлаасаа гарах, шинэ ажилд орох бодлууд хөвөрч эхэлдэг.

Биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүн бол намуухан хөгжим сонсоод хэвтэхэд амарч чаддаг. Оюуны хөдөлмөр эрхлэгчид эсрэгээрээ фитнест явах, ууланд алхаж биеэ ачаалуулж байж тархиа амрааж чаддаг.

-Ажлын эхний өдөр хэрхэн байхаас тухайн долоо хоногийн эрч хүч шалтгаална гэдэг шүү дээ. Тэгвэл ажлаас халшрах байдал болон эл асуудлаас сэргийлж ямар дадлуудыг бий болгох нь зөв бэ?

-Ажлаасаа халшрахгүйн тулд ажлынхаа үнэ цэнтэй зүйлийг олох хэрэгтэй. Би яагаад энэ ажлыг хийдэг юм бэ. Энэ ажил надад юу өгч байгаа билээ гэж бодох хэрэгтэй. Хүн юу хүсэж юуны төлөө хичээж байгаа мэдэж л байвал шантрахгүйг хичээдэг. Хүн өөрийнхөө анхдагч бодол дээр очих хэрэгтэй. Тэгж байж бодлоо эхнээс нь цэгцэлж даваа гарагийн гунигийг мартах хэрэгтэй. Даваа гараг гэж онцлохоо боличихвол тийм ч гунигтай биш.

Удирдлагын зүгээс ажилчдынхаа уур амьсгал, хоорондын харилцаа, ажлын бүтээмж, нэг хүнд хэтэрхий их ачаалал өгч байгаа эсэхээ анзааран ажилчдынхаа ажил үүргийг аль болох тэнцвэртэйгээр хуваарилж өгөх, хамт олны уур амьсгалыг эерэг байлгахад анхаарах хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа

О.АНУЖИН

ОЛИМП: Өнөөдөр буудлагын төрөлд ОУХМ О.Есүгэн, жүдогийн төрөлд ОУХМ О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар өрсөлдөнө
ОЛИМП: Өнөөдөр буудлагын төрөлд ОУХМ О.Есүгэн, жүдогийн төрөлд ОУХМ О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар өрсөлдөнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.