НИТХ: 30 дугаар сургуулийн барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 19 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаанаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэв. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн хүрээнд 5600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болгож, Аргалант-Эмээлт дагуул хотын эдийн засгийн тусгай бүсийн чиг үүрэгтэй хөгжих юм. Мөн жижиг, дунд үйлдвэрийг сурталчлах, орон нутгийн бизнес болон үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоо бий болгоход дэмжлэг үзүүлэн ажиллана. Хамгийн гол нь арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасна. Мөн арьс ширний экспортын хэмжээ өсөх үр өгөөжтэй төсөл юм.

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагааг явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлснээр Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээнэ. Мөн Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөлттэй уялдуулан дахин төлөвлөж оршин суугчид, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй, ногоон байгууламж бүхий, нийгмийн цогц үйлчилгээг бүрдүүлсэн тохилог орчин бий болно хэмээн тооцож байгаа. НИТХ-аас 2023 онд тус паркийн ТЭЗҮ-г баталсан. Одоо хэлэлцэж буй шинэчлэлийн хувьд төслийн талбайн урд 500 айлын газар олгогдсон байгаа бөгөөд энэ хэсэгт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх юм. Мөн хог хаягдлыг ангилах ялгах, паркийн эрчим хүчний хэрэглээний 24 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс шийдэх зорилгоор нарны зай хураагуурыг суурилуулахаар болсон байна.

Төсөл нийт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай байхаар батлагдсан бол дээрх нэмэлт ажлуудын хүрээнд шаардлагатай санхүүжилт өсөх тооцоог гаргажээ. Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын 63 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, 27 хувийг гадаадын зээл тусламжаас бүрдүүлнэ. Аж үйлдвэрийн парк төлөвлөгөөний дагуу ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл 6.7 жилийн дараа бүх зардлаа нөхнө гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид танилцуулав. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж баталлаа.

Товчхон:

  • Нийслэлийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Сонгуулийн хороог Нийслэлийн ЗДТГ-ын дарга П.Хадбаатар ахалж ажиллана.
  • Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны санхүүүгийн тайлангийн цэвэр ашгаас 1 тэрбум 340 сая 522 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ. Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажилласан байна.
  • Ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинээр сургууль барихтай холбоотойгоор 1966 онд ашиглалтад орсон тус барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа.
Хөвсгөл нууранд сэлэх гэж орсон 24-45 насны гурван хүн живж амиа алджээ
Хөвсгөл нууранд сэлэх гэж орсон 24-45 насны гурван хүн живж амиа алджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц