Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, 16 сурын харваачаас допингын сорьцын шинжилгээг авсан билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр дээр дөрвөн тамирчны гурвынх нь шижилгээний хариу баталгаажиж ирсэн талаар манай сайт албаны эх сурвалжаас тодруулан хүргэсэн билээ.
Тодруулбал, хариу нь ирсэн гурван бөхийн шинжилгээнээс допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдож, нэг тамирчны шинжилгээний хариу ирээгүй байсан юм.
Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвийн хамтарсан бүрэлдэхүүн өнөөдөр өглөө ХЗДХЯ-ны байранд дээрх гурван бөхийг дуудаж уулзан, тайлбар авчээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар допингийн хориотой гэх бодис шинжилгээгээр илэрсэн бөхчүүдийг,
-Ховд аймгийн Булган сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Г.Ганхуяг
-Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Цэргийн арслан Г.Жамбалдорж
-Ховд аймгийн Алтай сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Аймгийн арслан Г.Хишигбат нар хэмээн мэдээллээд байна.
Улсын харцага Г.Ганхуяг нь тавын даваанд Аймгийн арслан Д.Аззаяаг, зургаагийн даваанд Аймгийн арслан Т.Довчинсэмбээ нарыг өвдөг шороодуулж Улсын харцага цолоо батлаад байсан билээ. Харин Аймгийн арслан Г.Хишигбат, Цэргийн арслан Г.Жамбалдорж нар тавын даваанд өвдөг шороодсон юм.
Цаашид урьдчилсан байдлаар допинг илэрсэн бөхчүүд "Б" сорьцын шинжилгээ өгөх эсэхээ шийдэх бол үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа болохыг мэдээллээ.