Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутгийг дамнан орших Бурхан буудай уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой хийгээд зон олон эрт үеэс өнөөг хүртэл шүтэн дээдэлж ирсэн ховор ан амьтан, ургамал, байгалийн өвөрмөц тогтоцоор баялаг хайрхан билээ.
Байгалийн үзэсгэлэнт байдал, ховор ан амьтан, ургамал ихтэй шүтээн уулын ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан ба 2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болгосон юм. Тэгвэл энэ сарын 20-ны өдөр тус хайрханы тэнгэр тайх ёслол болох аж.
Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэг. Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр, цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, жимс жимсгэнэ ургадаг байна.