Үндэсний их баяр наадамд дөрөв болон түүнээс дээш давсан бөхөөс допингийн шинжилгээг авдаг бөгөөд нийт 48 тамирчны допингийн сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид хүргэж өгөхөөр болсон талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа мэдээллээ.
Тодруулбал, "Үндэсний их баяр наадмын тухай хуулиар олгосон үүргийн хүрээнд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны найман эрэгтэй, эмэгтэй нийт 48 тамирчнаас допингийн шинжилгээ авч, эрх бүхий лабораторид шинжлүүлэн хариуг баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороонд өгдөг.
Допингийн шинжилгээг дөрөв давсан бөхөөс авна. Дөрөв даваад тавын даваанд өвдөг шороодсон бөхийг хяналтын ажилтнуудын тусламжтайгаар дуудаж ирүүлнэ. Сургалтад хамрагдсан 30 хяналтын ажилтан энд ажиллаж байна. Үүнээс гадна допингийн хяналтын найман ажилтан байгаа. Тамирчинд нэг удаагийн хэрэглээний шуудгийг өмсгөж допингийн шинжилгээ авдаг нь сорьцыг солих боломжгүй юм.
Бэлдсэн сорьцын сав, уух усыг тамирчин өөрөө сонгоно. Сорьц өгөх үйл ажиллагааг хяналтын ажилтнаас гадна тагнуул, цагдаа, АТГ-ын төлөөлөл байж шалгадаг. Сорьцыг тээвэрлэх хүмүүс ч сургалтад хамрагдсан байдаг. Допингийн шинжилгээ өгөх гэж буй тамирчны биед гаднын ямар нэг зүйл байгаа эсэхэд үзлэг хийнэ.
Тамирчин сорьцын хоёр сав дээр бичигдсэн нэрийг иргэний үнэмлэхтэйгээ тулгана, бүрэн бүтэн байдлыг шалгаж, лацадна. Үүний дараа хөргөгчид хадгалдаг. Допингийн эсрэг дүрмийн олон улсын стандартын дагуу тамирчин хүн өөрийн биед хориглосон бүтээгдэхүүнийг оруулахгүй байх үүрэгтэй.
Долдугаар сарын 12-ны шөнөдөө тамирчдаас допингийн шинжилгээг авч дуусдаг. Сорьцыг өглөө "Чингис хаан" нисэх онгоцны буудалд байгаа тусгай чиг үүргийн байгууллагын төлөөлөлд хүлээлгэж өгснөөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргэж өгнө" гэв.