Төв, Зүүн, Өмнөд, Баруун, Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний системийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн цахилгааны төлбөрийг шөнөөр тооцохгүй. Энэ нь 2020 оны 11 дүгээр сараас дараа оны 3 дугаар сарыг дуустал хэрэгжинэ. Шөнийн цаг гэдэг нь оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийг хамрах юм байна. Энэхүү хөнгөлөлтөд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн төв, 3 сумын 189,5 мянга орчим гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхүүд хамрагдах юм. Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Мандал, Дорноговийн Замын-Үүд сум нь 10 мянгаас дээш хүн амтай сум гэдэг утгаараа уг хөнгөлөлтөд багтжээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Энэ арга хэмжээ нь хоёр чухал үр дүнтэй. Нэгдүгээрт, гэр хорооллын өрхийн амьжиргааны зардал багасна. Хоёрдугаарт, томоохон суурин, бүс нутгийн агаарын бохирдол багасах ёстой" гэж хэллээ. Шөнийн цахилгааны хэрэглээг үнэгүй болгосноор 4.7 тэрбум төгрөгийн татаасыг эрчим хүчний байгууллагуудад өгөх болно. Үүнийг төр нь иргэддээ зориулж байгаа мөнгө гэж үзэж болох ажээ. Татаастай холбогдох төсвийг тооцоолж Сангийн яаманд хүргүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газар 2017 оны 199 дүгээр тогтоолоороо "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журам" баталсан. Үүний дагуу хүйтний улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлж ирсэн. Тэгвэл дээрх журамд өөрчлөлт оруулан, Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа баталлаа.