Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2020.09.21/ Ховд аймагт ажиллах үеэрээ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын говийн бүсэд өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалт, төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэх цаашдын төлөвлөгөө, баруун бүсийн хөгжил ба түүнийг сайжруулахад чиглэсэн зарим төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Азийн хөгжлийн банкнаас баруун бүсийн аймгуудад хэрэгжүүлж буй төслүүдийнхээ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, энэ чиглэлд үйл ажиллагааныхаа чиглэлийг уялдуулах боломжуудын талаар ярилцсан юм.
Тухайлбал, Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тулгамдаад буй асуудлууд, тухайлбал, тус төвийн өргөтгөлийн барилгыг шинээр барих, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх талаар мөн санал солилцсон юм.
Ноён Павит Рамачандран Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан саналууд нь Азийн хөгжлийн банкны Монгол Улсад, тухайлбал, баруун бүсэд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн чиглэлтэй уялдаж буйг тэмдэглэж, энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн тэрбээр Азийн хөгжлийн банкны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн /2021-2024/ баримт бичгийг боловсруулах ажил эцсийн шатанд явж буй үеэр энэхүү уулзалт болсныг онцолж, энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцахаар болсон юм.