Францаас 11 ачаа, хайрцаг иржээ. Энэ дотор ямархан эрдэнэс нандигнасныг саяхныг хүртэл Нант хотын түүхийн музейн хэдэн ажилтан нотолж байв. Эдгээр хайрцагт олон зууныг өртөөлсөн Хүннү, Юань, Ил хаант улсын үеийн эцэг өвгөдийн их үүх түүхийг шингээсэн гайхамшигт дурсгал хилийн чанадаас ирснийг музейн салбарынхан зарлалаа.
Тэдний нэг бол Севр Керамикийн Үндэсний музейн куратор Делфин Мирудо. Тэрбээр "Монгол хаад Ираны соёлыг дахин тодорхойлсон гэж хэлж болно" гэж өчигдөр хэвлэлийн бага хурал зарлах үеэр тодотгож байсан юм.
Өдгөө 200 жилийн үүх түүхтэй музейд ажилладаг түүнийг Монголд үүдээ нээгээд хоёр жилийн нүүр үзэж буй шинэхэн “Чингис хаан” музейгээр зочлохтой зэрэгцэн цөөн хором ярилцсан юм.
---------------------
-Франц улс олон зууныг дамнасан түүхэн дурсгалт барилга байгууламжаараа алдартай. Парисын эх дагины сүм, Луврын музей бас Севрийн музейн барилга бүгд л өнгөрсөн үеэс өнөөдөр хүртэл орчин үетэй хосолж байна. Харин Монголд ирэхэд таны хувьд мэргэжлийн хүний нүдээр харахад хуучны дурсгалт барилгууд хэр их анзаарагдав?
-Монголд ирэхэд сэтгэлгээний соёл иргэншлийн ялгаа харагдаж байна. Францад бол үр удамдаа өвлүүлж үлдээнэ гэж их зүйл барих гээд байдаг. Гэтэл монголчууд өнөөгийнхөө мөчид амьдардаг юм байна. Амьдралын хэв маяг нь энэ байдлаараа илэрч байна. Илүү сүнслэг гэж хэлж болохоор. Байшин барилга зэрэг нүдээр харагдах том цогцолбор биш харин хүнийх нь дотор оршдог юм байна. Өөрөөр хэлбэл, өв соёл уламжлалаа хүн дотроо тээдэг. Иймээс та өөрөө соёлыг тээж яваа барилга дуган гэж хэлж болно. Түүнээс биш нүдэнд харагдах том барилга байхгүй ч хүнийх нь дотор өв соёл бий гэж харж байна.
-Севр Керамикийн Үндэсний музей энэ онд 200 жилийн ойгоо угтаж байгаад баяр хүргэе. Хоёр зууны түүхтэй энэ музей анх шаазангийн үйлдвэр байсныг та яриандаа дурдлаа. Одоо энэ уламжлалаа хадгалж байгаа юу?
-Манайх зөвхөн музей шаазан ваарны үйлдвэрлэлийг орчин үеийн урлагтай хослуулан үйл ажиллагаа явуулдаг. XVIII зууны эртний шаазан үйлдвэрлэлийн уламжлалыг өнөөдөр ч хэвээр хадгалж байгаа юм. Одоо 27 урлан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь Севр буюу Фарис дахь музейн хүрээнд явуулж буй үйл ажиллагаа юм. Түүнээс гадна Фарисаас 400 гаруй километрт Лимаш хотноо /тосгон байв/ 19 дүгээр зууны эхээр шаазан үйлдвэрлэх боломжтой цагаан нунтаг болох шаврыг илрүүлсэн байдаг. Үүнийг нунтаглах, зуурмаг үүсгэх, шаазан хийх бүх процессыг манай керамикийн үйлдвэр гардан гүйцэтгэдэг байсан.
-Таны ярианд дурдсанаар одоогийн Севр Керамикийн Үндэсний музей нь эртний шаазангийн үйлдвэр байсан гэдэг нь анхаарал татаж байна. Хэзээнээс музей болсон гэсэн үг вэ?
-Эрт үед Франц бүх шаазан эдлэлээ Хятадаас авдаг байсан учраас Европт өөрсдөө шаазан үйлдвэрлэх хүсэл эрмэлзэл маш их байсан. Энэ үүднээс шаазангийн үндсэн түүхий эд болох шаврыг маш их эрэл хайгуул хийдэг байж. Ингэхдээ Германчууд түрүүлж шаврыг нээж, шаазангийн үйлдвэрлэлийг эхлүүлсэн бол дараа нь францчууд шаврыг олж илрүүлэн шаазангийн үйлдвэрлэл явуулсан. Харин шаазангийн үйлдвэрлэл музей болоход Александр Брумер гэх хүн маш онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тэр хүн шаазан үйлдвэрлэх бүх төрлийн материал шаврыг цуглуулж авчирдаг, бас шаазан эдлэл ч авчирдаг байсан. Харамсалтай нь Монголтой шууд холбоо тогтоох боломжгүй байсан. Гэсэн ч Персид Ил хаант улсын хаанчилж байсан үетэй холбоотой шаазан эдлэлийг Севрт авчрах боломжийг тэр хүн бүрдүүдсний ачаар өнөөдөр бид тэрхүү эд зүйлсийг танай улсад толилуулж байгаа юм.
-АЗИД ХАТУУЛАГ ЧАНАРТАЙ ШААЗАН ЭДЛЭЛИЙГ БИЙ БОЛГОСНЫ АНХНЫ ЖИШЭЭ НЬ БОЛСОН-
-Жишээлбэл, ямар үзмэрүүд байна вэ?
-Ил хаант улс Иран болон Иракийн тодорхой хэсгийг эзлэн анх хаанчилж байсан. 1258 оноос бидэнд хүрч ирсэн эд зүйлсийг энэхүү үзэсгэлэнд дэлгэхэд бэлэн болоод байна. Та бүхэнд авчирч байсан үзмэрүүд Ил хаадын бунхан, шашны ариун санваартан хүмүүсийг бунхныг чимэглэж байсан шаазан хананы хэлтэрхийнүүд байгаа юм.
-Тэр дундаа хаад язгууртан болон шашны санваартан хүмүүсийн бунханаас олдсон шаазангийн хэлтэрхий нь Перс, Араб хэл дээр бичигдсэн байсан нь Монгол хаад язгууртнууд оюун ухааныг эрхэмлэдэг байсны тод жишээ нь болжээ.Үүгээр зогсохгүй "Монгол хаад Ираны түүхийг дахин тодорхойлсон" гэж та онцолж байсан?
-Цэвэр шаазан биш л дээ. Чулууг нунтагласан хавтангууд юм. Гэхдээ шаазан эдлэлийг дуурайж хийсэн хавтангууд нь харахад яг л шаазан шиг. Элс ашиглаж шил шиг нунтгаар энэ хавтанг үйлдвэрлэсэн байдаг. Харин шаазан шиг цагаан өнгөтэй харагдуулахын тулд тугалга ашигласан нь ингэж харагдуулдаг юм байна. Та бүхэнд харуулж буй энэ дурсгал бол Юань гүрний үеийн шаазан эдлэл байгаа юм. Үүнийг Севрийн музейгээс авчирсан. Азид маш хатуулаг чанартай анхны шаазан эдлэлийг бий болгосны жишээ нь энэ шаазан байгаа юм.
-Одоо Севрийн музейд Ил хаант улсын үеийн болон Монгол хаад язгууртны хэр их дурсгал хадгалагдаж байна вэ. Мөн дахин асуухад Монгол хаад Ираны түүхийн дахин тодорхойлсон гэдэг нь шаазан эдлэл нотолж байна гэсэн үг үү?
-Монголчуудын нөлөөгөөр Иранд аливаа зүйлийг чимэглэхдээ галт шувуу, луу, бадамлянхуа цэцэг дүрсэлдэг Азийн нөлөө орж ирсэн. Мөн Ил хаант улс нь гадны соёлд нээлттэй байсан учраас сэхээтэн, сэтгэгчдийг ивээл дор нэгтгэдэг хаад байсан юм.
-Ярилцсанд баярлалаа.