Өнөөдөр монголчуудын хувьд шинэ парламентаа сонгох чухал түүхэн өдөр. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр нийт 2198 хэсгийн хороогоор дамжуулж 2 сая 224 мянган сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Үүний тэн хагас нь буюу 1 сая 81 мянган иргэн Улаанбаатарт 513 хэсгийн хороонд саналаа өгнө. Бусад 1 сая 143 мянга нь аймаг орон нутгийн хэсгийн хороодод санал өгөхөөр байгаа юм. Сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад нийт 25700 орчим төрийн албан хаагч ажиллаж байгааг тус хорооноос өчигдөр мэдээлсэн юм.
Иргэдийн хувьд төрийн эрх баригчдыг сонгох эрх дөрвөн жилд ганц тул хүн бүрийн оролцоо чухал. Иймд Бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг учиртай. Гэвч алслагдсан дүүрэг, бүс нутагт иргэдийн санал өгөх эрх зөрчигдөхгүй гэх баталгаагүй. Ялангуяа ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо үерийн аюул дагуулах эрсдэл байгааг цаг уурчид сэрэмжлүүлж буй.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэлсэн үгэндээ "Ойрын өдрүүдэд их борооны улмаас үер, гал түймрийн эрсдэл үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангахаар онцгой байдлын албан хаагчид ажиллаж байна. Мөн УИХ-ын сонгуулийг зохион байгуулах ажилд 40 орчим мянган төрийн албан хаагч ажиллаж байна" гэсэн юм. Үргэлжлүүлэн түүний мэдээлснээр энэ жилийн Их хурлын сонгуульд гадаадад амьдарч буй 9760 сонгогч саналаа өгчээ. Түүнчлэн эрүүл мэндийн шалтгаантай биечлэн саналаа өгөх боломжгүй 16 мянган иргэний саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авчээ. Энэ тухай ярихдаа "Өнөөдөр 22:00 цагт бүх хэсгийн хороо хаагдсаны дараа иргэдийн өгсөн саналын хуудсыг задалж хэвлэл мэдээллийн байгууллага болон олон нийт, намуудын ажиглагчдын хяналт дор саналыг тоолж төхөөрөмжид уншуулж нэгдсэн дүнд нэгтгэх ажлыг зохион байгуулна" гэсэн юм.
Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээр өнөөдөр ч ихэнх нутгаар үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороотой байна. Мөн Улаанбаатарт бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа юм. Үүнтэй холбогдуулан онцгой байдлын газраас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж санал өгөх өдөр сонгогчдын аюулгүй байдлыг хамгаалах, санал өгөхөд нь дэмжлэг болохоор ажиллаж байна.
12 МЯНГАН ЦАГДАА, 535 ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧ БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
ОБЕГ-ын мэдээлснээр Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий А13 аймгийн 68 гол мөрөнд 421 албан хаагч 115 автомашин техник, 51 завь, 339 хантаазтайгаар ажиллаж байна. Онцгой байдлын албан хаагчид өнгөрсөн Лхагва гарагаас эхлэн гол мөрнүүдэд байрлан ажиллаж эхэлсэн болохыг өчигдөр мэдээлсэн юм. Мөн Улаанбаатар хотын 9 дүүргийн 512 байршилд 114 албан хаагч санал авах 07:00 цагаас 22:00 цаг санал хурааж дуусах хүртэл бэлэн байдалд ажиллах юм. Мөн Тээврийн цагдаагийн алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгааг мэдэгдсэн. Энэ талаар ямар зохицуулалттай ажиллах талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан. Мөн Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр нийт 12 мянган албан хаагч сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.
ХЭСГИЙН ХОРООДЫГ БҮРЭН ХАМГААЛАЛТАД АВСАН ГЭВ
Тэр дундаа санал авах 2198 хэсгийн хороодыг бүрэн хамгаалалтад авчээ. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороотой хамтран санал авах байрлуу орж гарах хэсэгт камер байрлуулж аюулгүй байдлыг хангажээ. Тус газраас "Цагдаагийн байгууллага УИХ-ын сонгуулийн үеэр гарч болзошгүй эрсдлийг урьдчилан тооцоолж хүн хүчийг тодорхой хэмжээнд зохион байгуулсан байна" гэсэн юм. Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар /ЦЕГ/-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр хэлсэн юм. Тэрбээр "Цагдаагийн байгууллага сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг 24 цагаар хүлээн авч ажиллаж байгаа.Цагдаагийн байгууллагаас мөнгө тараахтай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулж байна" гэсэн юм.
Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дарга Х.Лхагвасүрэн "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хил тайван байна. Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг олон улсын гэрээ хэлэлцээр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хилчид зохион байгуулж байна" гэж байлаа.