Өнөөдөр бол зургаадугаар сарын 28-ны Баасан гараг. Улс орон даяар ирэх дөрвөн жилд төрийн эрхийг барих дээд байгууллагад илгээх төлөөллөө сонгох түүхэн өдөр. Арав хүрэхгүй минут л зарцуулах энэ сонголт бидний ирээдүй урагшлах уу аль эсвэл ухрах уу гэдгийг шийдэх сонголт билээ. Харин сонгогч та сонгох эрхээ эдлэхийн тулд өөрийн харьяаллын дагуу санал авах хэсгийн хороонд очиж сонголтоо хийх билээ. Энэ удаагийн сонгуулиар нийт санал авах 2198 хэсгийн хороо ажиллана.
Сонгууль зохион байгуулах тухай холбогдох хууль тогтоомжид заасны дагуу санал хураалт өглөөний 07.00 цагаас орон даяар эхэллээ. Санал хураалт оройн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.
-Санал очиж өгөх хэсгийн хорооны мэдээллээ утсаар болон цахимаар лавлах боломжтой-
Иргэн та санал авах байрны хаягаа цахимаар / https://election.burtgel.gov.mn / сайтаар шалгах боломжтой.
Эл талбарт та өөрийн регистрийн дугаар болон иргэний үнэмлэх дээр бичигдсэн бүртгэлтэй хаягаар сонголт хийхэд таны хаяг дээрх сонгогчдын мэдээлэл гарч ирнэ. Мөн хаана очиж саналаа өгөх талаар мэдээлэл гарч ирэх юм.
Харин та санал авах байрны хаягаа утсаар лавлах тохиолдолд 1800-2800 дугаараар холбогдох боломжтой.
-ТАНИЛЦ: Улсын хэмжээнд ажиллах санал авах 2198 хэсгийн хороо-
-Сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэй ирж, саналаа биечлэн өгнө-
Иргэн та хэсгийн хороонд очиж саналаа өгөхдөө юуг анхаарах вэ. Ямар дарааллаар саналаа өгөх вэ
- Сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэй ирж, саналаа биечлэн өгнө
- Сонгогч саналын хуудсанд бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө
- Сонгогч санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ. Хэсгийн хорооны дарга, гишүүд болон холбогдох бусад этгээд сонгогчийн саналын нууцлалыг алдагдуулахыг хориглоно
- Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас хэрэглэж саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийнэ
- Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийсний дараа тухайн сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хийнэ
- Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийхээс өмнө энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно
- Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно
- Хэсгийн хороо хураалгасан саналын хуудасны зүүн доод өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална
- Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болно
- Энэ хуулийн 62.9-д заасан итгэмжилсэн хүн нь хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлэхийг хориглоно. Сонгуулийн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, ажиглагч, улс төрийн албан тушаалтан нь итгэмжилсэн хүн байж болохгүй
- Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
- Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайл үсэг бүхий хавтас санал авах байр бүрд байна