2.9 тэрбумын төсөвтэй наадмын нээлт, хаалт үхэр тэрэг, морь малыг давж 3D-рүү шилжих үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 35 секунд

Наадам болоход 16 хоног үлджээ. Төсвөөс багагүй хөрөнгө зарцуулдаг наадмын нээлт яг үнэндээ уйтгартай, хайрцаглагдсан хэвээр байгаа. Наадмын нээлтэд зарцуулах мөнгөний тоо өссөнөөс агуулга, жүжиглэлт, тоглолтын ур чадвар, утга өгүүлэмж сайжирсангүй гэх шүүмжлэл дагуулсаар өдийг хүрсэн. Үхэр тэрэг, морь мал, эртний баатар болцгоосон дүрүүд. Ийм нээлтүүдийг үзсээр байгаад монгол наадамчид, залхсан гэхэд буруудахгүй.

2019 онд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэлийн найруулсан наадмын нээлт үзэгчдээс багагүй шүүмжлэл хүртэж байв. Монголын түүхийг өгүүлэх гэсэн түүний найруулга үнэндээ залхмаар уйтгартай, хэт нүсэр болсон. Морь, малдаа ойрхон монголчууд бид наадмынхаа нээлтийг үзээд залхахаар.

Тэгвэл энэ жил орчин үеийн шилдэг, шинэ технологи ашигласан задгай шоуг үзэх бололтой.

Бүрэн автомат 3D тайз маань үзэгчдэд илүү сонирхолтой мэдрэмжийг төрүүлнэ

Үндэсний их баяр наадмын ерөнхий продюсер Г.Маргад-Эрдэнэ "Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдалын удирдлага доор залуу уран бүтээлчид нэгдэж, шинэ дэвшилтэд технологийг ашиглан бүрэн автомат 3D театр, тайзан дээр хөгжимт жүжгийн хэлбэрээр уран бүтээлээр ард түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Би “Агарага” энтертайнментыг анх үүсгэн байгуулж байсан. Манай энтертайнмент сүүлийн 10 гаруй жил олон улсын хэмжээний задгай талбайн найруулга, үйл ажиллагааг зохион байгуулсан туршлагатай. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын ерөнхий продюсерээр ажиллаж байна.

Бид бүхэн багаараа шинэлэг санаануудаа ярилцаж, аль болох урд өмнө үзэгдээгүй өвөрмөц шийдлийг гаргах гэж хичээсэн.

Бүрэн автомат 3D тайз маань үзэгчдэд илүү сонирхолтой мэдрэмжийг төрүүлнэ гэж найдаж байгаа. Жил бүрийн л наадмын нээлтийн зохиомж гар ажиллагаа ихтэй, тайз нь механик хөдөлгөөнтэйгөөр явж ирсэн. Энэ удаад бүрэн автомат тайзыг засаж, сүүлийн үеийн үзүүлэлттэй бөмбөгөр дэлгэцээр графикчдынхаа бэлтгэсэн зохиомжийн дагуу 6 бүлэг хэсэг зураглалыг гаргаж үзүүлэх юм. Хөгжимт жүжгийн зохиолоор эртний түүхийг эдүгээгийн амьдралын онцлог хэв маягтай хослуулахаар зохиомжилсон гэсэн үг. Мөн луу жил тохиож буй тул 3D дэлгэцээр Архангай аймгаас олдсон луугийн хүрэл бүтээл, галт шувуу гарч ирнэ. Тайз маань тэр чигтээ түүхэн олдворуудаас бүтэж амилуулна" гэв.

Наадмын төсөв 2017 оноос хойш 2 тэрбумын босгыг давжээ

2024 оны наадамд нийтдээ 2.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Энэ жилийн наадмыг "Монгол туургатан" театрын найруулагч Ц.Батнайрамдалын шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг түүхтэй хослуулан хийх “Эх дэлхий, эх оршихуй цадиг” зохиолоор найруулах эрхээ Баяр наадмын комисоос авсан билээ.

Тоон мэдээ дурдахад, Үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөгт багтаж байжээ. 2011 онд 1.3 тэрбум болж хоёр дахин өссөн байна. 2012 онд 870 сая төгрөгөөр, 2013 онд 1.5 тэрбумаар наадсан бол 2014 онд 2.2 тэрбум болж өсчээ.

Ийнхүү наадмын төсөв хоёр тэрбумын босго давснаас хойш 2016 онд 2.9 тэрбум төгрөг, 2017 онд 2 тэрбум 170 сая төгрөг болжээ. 2018 онд жил 2.9 тэрбум. 2019 онд 2.9 тэрбум, 2020 онд 2.8 тэрбум, 2021 онд 2.5 тэрбум, 2022 онд 2.3 тэрбумд хүржээ.

Х.Нямбаатар: Наадмаар цэнгэлдэхийн гадна “Нарантуул“-ыг нүүлгэж очуулахгүй

Харин үлдсэн ганц асуудал бол цэнгэлдэхийн гаднах "хар зах". Наадмын уур амьсгалыг мэдрэх гэж цэнгэлдэх тойрч алхсан хүмүүст Нарантуул захыг санагдуулам байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Ер нь зах, худалдааны төвүүдэд байдаг гэр ахуйн бараанаас бусдыг энд худалдаалдаг. Наадамчид баярлах гэж Төв цэнгэлдэх хүрээлэнд очдог болохоос оймс, гутал, жимс авахаар очдоггүй. Хамгийн гол нь наадмын талбай хар зах биш.

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар "Наадмаар цэнгэлдэхийн гадаа хуушуур зарж, "Нарантуул"-ыг нүүлгэж очуулахгүй. Худалдаа эрхлэгчдэд стандарт тавина. Хуушуур хариад, хайрсан тосоо шууд ногоон байгууламж руу асгадаг байдлыг гаргуулахгүй. Зөөврийн үйлчилгээнд стандарт тогтоож, сонгон шалгаруулалт явуулна. Уран зургийн галерейн хосгүй үнэт бүтээлүүдийг олон түмэнд дэлгэе. Түүнээс биш өдөр бүр Нарантуул захаар явдаг байж, цэнгэлдэхээ тойроод тавчик, худалдаа үйлчилгээ болчихдог байдлыг болиулж өөр байдлаар хийнэ" гэдгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн юм.

Ардчилсан намын Ерөнхий сайдаар тодорсон Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт урьж байна
Ардчилсан намын Ерөнхий сайдаар тодорсон Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт урьж байна
 
ЦЕГ: АН, МАН иргэдэд мөнгө тараасан гэх асуудлыг шалгаж байна
ЦЕГ: АН, МАН иргэдэд мөнгө тараасан гэх асуудлыг шалгаж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц