Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

40 гаруй медалийн эзэн 17 настай А.Ганзориг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 19 секунд

“Өвөл хасах 20 хэмийн хүйтэнд гадаа 2-3 цагаар бэлтгэл хийн даарч, хацраа хөлдөөж, хөл хайрагдаж хөлдөхийн наахнуур байсан ч миний дуртай спорт учраас тэвчдэг. Бүр хэцүү үедээ дүүгээ боддог. Би айлын том. Дүү маань намайг харж, надаас үлгэр дуурайлал авах учраас би улам хичээдэг” гэж Эрдмийн хөтөч цогцолбор 58 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Ганзориг ярив.

Тэрбээр 17 настай бөгөөд 11 настайгаасаа хойш дугуй, гүйлтийн цана, хөнгөн атлетикаар хичээллэж гурвууланд нь амжилт гаргаж яваа хос морьтой хүү юм. Дугуйн спортын нэгдүгээр зэргийн тамирчин, цанын спортын мастер цолтой. А.Ганзориг медалиудаа тоолдоггүй ч ойролцоогоор 40 гаруй медальтай.

Ямартай ч цанын спортоор гэхэд улсын аваргын 5 алт, 3 мөнгө, 3 хүрэл, Хүүхдийн спортын 6,7-р их наадмын 2 алт 1 мөнгөн медаль авч байжээ. Бусад нь аймаг, клубуудын аваргын медалиуд гэнэ.

Түүний удамд спортын гени бий. Учир нь түүний өвөө нь улсын аварга тэшүүрчин бол ээж нь жудо бөхийн гурван удаагийн аймгийн аварга болж байжээ.

А.Ганзориг 11 настай байхдаа дугуйн холбооны гишүүдийн тоногтой дугуй, өмссөн хувцсыг нь хараад “Энэ ах нар шиг болно” гэж бодоод дугуйгаа аваад дугуйн спортын мастер Э.Жаргалсайхан багш дээр очжээ. Багш нь түүнд “Тууштай байна шүү. Чадвартай, зүтгэлтэй хүүхдүүд ялгараад үлддэг юм шүү” гэж захижээ. Улмаар А.Ганзориг 11-12 насны ангилалд сургуулийнхаа аварга болж, алтан медаль авч ихээхэн урам, зориг авсан байна.

Дугуйн спортоор гэхэд 2017-2018 оны Эрдмийн хөтөч цогцолбор 58 дугаар сургуулийн дугуйн уралдааны аварга, 2018 оны Монгол Улсын аварга шалгаруулах уулын дугуйн тэмцээний нээлтийн болон хаалтын тэмцээний мөнгөн медаль, 2019 онд уулын дугуйн улсын аварга шалгаруулахх тэмцээний мөнгөн медаль, 2019 оны хүүхдий спортын наадмын уулын дугуйн төрлөөс мөнгөн медаль тус, тус хүртэж байжээ.

Өвөл дугуйны бэлтгэл хангах хэцүү учраас багш нь гүйлтийн цанаар хичээллүүлснээр А.Ганзориг цанын спортод дурлажээ. Цанын төрлөөр анхны медалиа 2019 онд авсан байна. Түүнийг багш нар нь хөлний хурд сайтай гэж дүгнэдэг аж.

Цанын багш нь “Байгалиас заяасан өгөгдөлтэй хүүхэд байдаг. Сайн хүүхэд өндөр ачаалал даана. Даахынхаа хэрээр сайжирч ахина” гэж түүнд захидаг гэнэ.

Тэрбээр “Анх медаль аваад гэртээ ирэхээр манай гэрийнхэн баярлуулна, медалийг нь угаана гээд бялуу аваад баярладаг байлаа. Сүүлдээ утсаар “байна уу юу болов” гээд залгахаар нь улсын аваргаас алт авсан гэхээр нь ”Аан заза хэзээ гэртээ ирэх юм” гэдэг болчихсон. Уг нь анхных шигээ баймаар байгаа байхгүй юу” гээд инээмсэглэв.

А.Ганзориг элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдээд тун завгүй яваа. Уул уурхай эсвэл онгоцны нисгэгч чиглэлээр гадаадад суралцах сонирхолтой.

Тэмцээний үеэр хүүхдүүд худлаа юм яриад томордог доо. Би тэгэхээр нь тэмцээний үеэр хараарай л гэдэг

Тэрбээр “Анх ширээний теннис, таеквондо, жудо гэх зэрэг бүх төрлийн спортод сонирхолтой байсан. Сүүлд нь цанын спорт дээр тогтсон. Энэ спортдоо маш их хайртай. Би өрсөлдөөнд дуртай. Ширээний теннис нэг л хүнтэй өрсөлддаг бол цанын спорт нэг гараанд 30 хүнтэй өрсөлдөнө. Тэр нь их гоё. 2021 оны улсын аваргын тэмцээнийг би ерөөсөө мартдаггүй юм. Тэгэхэд би Солонгос руу хамтарсан бэлтгэлд явж ирээд шигшээ багийн сорилд орсон. Манай шигшээ өсвөрийн олон тамирчантай учраас өрсөлдөөн ихтэй.

Би тэр үед сорилоо муу өгсөн ч гэсэн улсын аваргын тэмцээн дээрээ хичээгээд түрүүлж чадсан. Би их шартай. Их ч юм боддог.

Тэмцээний үеэр хүүхдүүд худлаа юм яриад томордог доо. Би тэгэхээр нь тэмцээний үеэр хараарай л гэдэг. Өнгөрсөн жилийн есдүгээр сард болсон улсын аваргын тэмцээнээр Дарханы нэг өрсөлдөгч найз маань “Мань чинь бэлтгэл сайтай байгаа шүү” гэсэн. Тэгэхээр нь маргааш хараарай л гэсэн. Маргааш нь тэмцээн боллоо би түүнийг хоёр минут ардаа хаяж түрүүлсэн. Долдугаар их наадмаар спортын мастераа хамгаалсан. Шигшээгийн ах нарыг дагаад Солонгос яваад миний бэлтгэл сайжирсан байсан. 7 наадамд түрүүлнэ гэдгээ бас спортын мастер хамгаална гэдгээ ч мэдэж байсан” гэлээ.

Уг нь А.Ганзориг 2024 оны өсвөрийн өвлийн олимпт явах гээд бэлтгэгдэж байжээ. Сүүлд холбооноос гадагшаа чансаа оноо нэмэх тэмцээнд төсөв мөнгө муутай гэх шалтгаанаар явуулаагүй учраас өвлийн олимпт орж чадаагүй гэнэ.

Түүний хувьд энэ хөтөлбөрийн хүрээнд Солонгосоос зардлаа даалгаад гурван удаа яваад ирсэн ч олимпт орж чадаагүйдээ харамсаж явдаг гэдгээ бидэнд ярьсан юм.

Үерт орон гэргүй болсон иргэдэд  туслах тусламжийн цуваа хөдөлжээ
Үерт орон гэргүй болсон иргэдэд туслах тусламжийн цуваа хөдөлжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.