Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид Д.Сүхбаатарын талбайд цуглажээ. Өдөр алгасахгүй жагсаал цуглаан, хурим найр, хонхны баяр болдог хотын төв талбайд “Бичил жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр 2024” үзэсгэлэн худалдаа болж байгаа нь энэ юм байна. Төв талбайг тойрсон олон асрын дунд шинэ Монгол гэрүүд ч харагдана. Баруун урд захаас эхлэн Эвсэл хоршоод, хойд хэсэгт нь аймгуудын төлөөлөл мөн зүүн болон голын хэсэгт нь дүүргүүдийн жижиг дунд үйлдвэрлэгчид байрлажээ. Гэвч эл хуль.
Асраар тойрвол эсгий шаахай, үндэсний дээл, арьсан тэлээ, давсан урлал нийтлэг. Харин гадаадын үйлдвэрлэгчдийн салхин хонх, гоёл чимэглэл, Япон,Солонгосын үндэсний хувцас зэрэг илүү содон байлаа. Гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг ч бас илүү татаж байгаа харагдсан. Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчид дундаас “сүүн зам” нэртэй цагаан идээний амталгаа гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг илүү татсан шинэлэг байлаа. Бас тоорцог малгай, үндэсний дээл жуулчдын дунд "мода"-наас гарсангүй.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 12-нд нээгджээ. Нийт 300 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч энэ ням гараг /2024.06.16/ хүртэл 10 мянга орчим бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна. Бор зүрхээрээ бизнесээ авч яваа тэдний хувьд үйлчлүүлэгчдээ татах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь толгойн өвчин. Иймд хэрэглэгчээ татах боломж нь энэхүү нээлттэй үзэсгэлэн худалдаа болохыг тэд санал нэгтэйгээр хэлж байсан юм.
- ЧОНЫН ХАРМАГ ЖИМСНЭЭС БИЗНЕСИЙН ГАРААГАА ЭХЛҮҮЛСЭН-
Баянхонгор аймгийн “Урт наст Эх” ХХК-ийн захирал н.Цэрмаа нутагтаа ургадаг Чонын хармаг жимсэнд дуртай байсан тул эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа олжээ. Тэрээр: “Чонын хармаг жимс нь манай нутагт элбэг ургадаг болохоор бизнесээ эхлүүлэх санаа төрсөн. Энэ жимс нь хараа сайжруулах, хавдраас сэргийлэх, хөгшрөлтийг удаашруулах, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжиж нойргүйдлийг багасгах болон чихрийн шижинг багасгах цус шингэлэх зэрэг эрүүл мэндийн ашиг тустай. Энэ ургамлыг 2016 оноос хойш судалж дээжээс нь БНСУ-д шинжлүүлсэн. Ингээд 2023 оны намраас эхлэн хүн орхоодой чонын хармагтай, витамин C-тэй, цэвэр чонын хармагтай гэж гурван төрлийн вакус гаргасан. Бараа бүтээгдэхүүнээ Баянхонгор аймгийн төв болон бүх сумдаар, мөн Улаанбаатар хотын И-март худалдааны төвийн Чингис, Хан-Уул, Баянгол гэсэн 3 салбараар худалдаалж байна. Манай хамт олон хүнд хэрэгтэй нэг ч гэсэн эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүсэж, зорьж ажилладаг гэлээ.
БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТОМ ДЭМЖЛЭГ БОЛЖ БАЙНА
Дундговь аймгийн “Ханд ээж” үүсгэн байгуулагч н.Баярхүү жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд гурван жил болж байна. Түүний хувьд бизнес эрхлэгчдийг дэмжиж бага хүүтэй зээлд хамрагдан үйлдвэрлэлээ эхлүүлжээ.Тэрбээр “Аливаа улс орны хөгжлийн суурь бол үйлдвэрлэл байдаг. Өдөрлөгөөр дамжуулан орон нутгийн үйлдвэрлэгчид бид бүхэн Улаанбаатар хотын иргэдэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна худалдаалах боломж бүрдэж байгаад баяртай байна. Мөн Монгол улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжиж бага хүүтэй зээл олгож байгаа нь үргэлжилж цаашид илүү өндөр дүнгээр олгож эхэлбэл маш хэрэгтэй юм” гэлээ.
Түүний хувьд гурван томоохон төслийг хэрэгжүүлэн ажилладаг байна. Энэ нь “Шимт бор” бордоо, хоёрдох нь “Тэжээлт бор” малын тэжээл, гуравдах нь анхаарал татсан нь “Монгол хүнийг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн” юм. Үүнд үсний цацлага, шампунь болон ядаргаа тайлах банын өтгөрүүлсэн ханд гэх зэрэг олон бүтээгдэхүүн бий.
ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ХҮМҮҮС МЭДЭХГҮЙ БАЙГАА НЬ МЭДЭЭЛЭЛ ХҮРЭХГҮЙ БАЙНА
Эсгий урлаач н.Эрдэнэцэцэг Чингэлтэй дүүрэгт хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг. Энэ буурай тэтгэвэр хүлээлгүй шаахай урлаж бас ном бичиж орлого олдог байна. Мөн онлайнаар сургалт явуулдаг тухайгаа ч ярьсан юм. Тэрбээр “Би өөрөө сурч мэдээд зогсохгүй, хойч үедээ хүргэх үүрэгтэй” гэж ойлгодог. Тиймээс өвлөн дамжуулагчийнхаа хувиар Цөөн хүнд биш, аль болох олон хүнд яаж хүргэх вэ? гэж бодсоны үндсэн дээр ном бол хэзээд хүний багш учраас эсгий урлалын бүх төрлөөр ном гаргаж нийслэлээс гадна орон нутгуудаар амжилттай түгээгээд өдөрлөгтөө хоёр дахь жилдээ оролцоод явж байна” гэлээ. Үргэлжлүүлэн “Миний анзаарч байгаагаар өдөрлөг зохиоход цаг хугацаа, мөнгө зарцуулсан атал олон нийтэд хүргэх талаар мэдээлэл маш муу явуулжээ. Та бүгд харж байгаа биз дээ, хүн цөөн байна. Ер нь л хүмүүс мэдэхгүй байна шүү дээ. Үйлдвэрлэгчид өөрсдөө сошиалаар зар түгээгээд байгаа хэдий ч албан ёсны мэдээ мэдээлэл маш ховор байна гэлээ.
-ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙГ ТАНИУЛАХ ТОМ БОЛОМЖ-
н.Мөнхцэцэг гурав дахь жилдээ өдөрлөгт оролцож байгааг хэлэв. Тэрбээр үндэсний дээл урладаг учраас “Сод мөнх урлахуй” гэж өөрийн үйлдвэрлэлээ нэрлэжээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцож буй сэтгэгдлээ цөөн хором хуваалцлаа. Тэрбээр “Жил бүр энэ өдөрлөг болохыг хүлээдэг болсон. Танилынхаа хүрээг тэлж найз нөхөдтэй болохын зэрэгцээ үйлчлүүлэгчээ татах том боломж гэж хувьдаа хардаг. Учир нь зөвхөн нийслэл, орон нутаг гэж зааглахгүй, 21 аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчид оролцох боломжтой, өргөн цар хүрээнд зохион байгуулагддаг нь давуу тал. Жижиг дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ олонд хүргэх тал дээр нэлээн асуудалтай байдаг. Харин сүүлийн 3 жилийн хугацаанд энэхүү өдөрлөгт оролцсоноор өөрсдийн үйл ажиллагаагаа нэг дор олонд хүргэж байгаадаа баяртай байна” гэсэн юм. Түүний хувьд 2014 оноос эхлэн үндэсний болон гоёлын хувцасны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өдөр тутмын болон залууст зориулсан загварыг түлхүү барьж ажилладаг нь түүний онцлог аж.
Б.МӨНХЗАЯА