Зургийн тайлбар: Талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын Олон суваг дамжуулагчдын холбоо ГҮТББ-тай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн дамжуулж буй телевиз, сувгуудын үйл ажиллагаанд оюуны өмчийг дээдлэх, оюуны өмчийн мэдлэг мэдээллийг түгээх, зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулахад оршино.
Талууд Өргөн нэвтрүүлгийн телевиз болон сувгийн телевизүүдийн нэвтрүүлж буй контентуудад хяналт тавьж аливаа нэгэн оюуны өмчийн зөрчил, дутагдал илэрвэл Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зөрчил гаргасан телевизүүдийн эфирийг дамжуулахгүй байх, үйлчилгээний хөлсийг төлөхгүй байх зэрэг хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг хамтран явуулах юм.
Эх сурвалж: Оюуны өмчийн газар