Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ 2024: Өнөөдөр дуусах гадаад дахь сонгогчдын бүртгэлд 34 улсын 10 мянган иргэн бүртгүүлээд байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 0 секунд

УИХ-ын 2024 оны сонгуулиар гадаад дахь иргэдийн саналыг ирэх сарын 20-23-ны өдрүүдэд авна. Ингэхдээ санал өгөх хүсэлтэй иргэд урьдчилан бүртгүүлэх учиртай. Тэгвэл эл бүртгэл зургаадугаар сарын 15-ныг хүртэл буюу өнөөдөр үргэлжлээд дуусах юм. Одоогийн байдлаар 34 улсын 10 мянга 221 иргэн бүртгүүлээд байгаа аж.

Гадаад улсад байгаа иргэд хэрхэн саналаа өгөх талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэвэл:

УРЬДЧИЛАН БҮРТГҮҮЛНЭ

Гадаад улсад суугаа иргэдийн хувьд санал өгөх процесс нь Монгол Улсад санал өгөхөөс ялгаатай. Иргэд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Мөн санал хураалтын өдрөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй.

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАА ОЧИЖ САНАЛАА ӨГНӨ

Саналын хуудсаа дугтуйлж битүүмжилнэ. Сонгогч зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэгэнд тухайн Улсынхаа цагаар 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг авч очин саналаа өгнө.

Санал авах байранд сонгогчийн иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж саналын хуудас, дугтуйн хамт өгдөг. Сонгогч санал тэмдэглэх бүхээгт орж саналын хуудас дээрх зааврын дагуу саналаа тэмдэглэж дугтуйд битүүмжлээд саналын хайрцагт хийж саналаа өгнө.

УИХ-ын тогтоолоор гадаад улс дахь санал хураалтыг зургадугаар сарын 20-ны пүрэв гарагаас эхлэн 23-ны бүтэн сайн өдрийн 22:00 цаг хүртэл дөрвөн өдрийн турш санал авахаар тогтоосон. Тиймээс гадаад улсад суугаа иргэд аль боломжтой өдрөө тааруулан очиж саналаа өгөх боломжтой.

САНАЛЫН ХУУДСЫГ ХЭРХЭН ТООЛЖ, БАТАЛГААЖУУЛЖ ХҮЧИНТЭЙД ТООЦОХ ВЭ

Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудсыг Төв комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсаас ирсэн саналын хуудсыг өөрийн байранд зургадугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас эхлэн тоолох үйл ажиллагааг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл салбар комиссуудаас ирсэн битүүмжлэл бүхий саналын хуудсыг нэг бүрчлэн задалж, санал тоолох төхөөрөмжид уншуулан дүнг гаргадаг. Уг үйл ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.

ХӨНДӨХ СЭДЭВ: Монголд 5-17 насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлт 10 жилийн дотор 2 дахин нэмэгджээ
ХӨНДӨХ СЭДЭВ: Монголд 5-17 насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлт 10 жилийн дотор 2 дахин нэмэгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.