Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өрхийн санхүүгээ хянах аргууд

Огноо
Унших
7 минут 55 секунд

Орлого тань нэмэгдсээр байгаа ч сарын эцсээр данс тань улайссан хэвээр байна уу? Өрхийнхөө хэрэглээнд хангалттай хүрэлцэх цалин авсан ч нэг л болж өгөхгүй найзаасаа мөнгө зээлэх шаардлагатай тулгарч байна уу? Хэрэв энэ асуудал таны гэр бүлд тулгараад байгаа бол мөнгөө үр ашигтай зарцуулж чадахгүй байгаа гэсэн үг юм.

Монгол улсад 2019 оны байдлаар 897,427 өрх аж төрж байна. Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаанд дүн шинжилгээ хийхэд сүүлийн хоёр жилийн өрхийн нийт зарлага орлогоосоо 4 хувиар өндөр үзүүлэлттэй гарсан бөгөөд 2016-2017 онуудад өрхийн энэ тоо 2 дахин их байсан юм. Өрхийн зарлага орлогоосоо хэдэн сараар хэтрэх нь өр хуримтлагдах гол шалтгаан болдог.

Зургийн эх сурвалж: ҮСХ

Элбэг хангалуун амьдарна гэдэг нь их мөнгө олохын нэр биш. Олсон мөнгөө үр ашигтай зарцуулахын нэр юм. Хэрэв та санхүүгийн сахилга батгүй, өрхийн төсвөө хянадаггүй бол орлого тань нэмэгдэхийн хэрээр зарлаг өсөж таниас нөгөө л нэг мөнгөтэй холбоотой асуудлууд салж өгөхгүй. Иймээс танд Монголбанкнаас гаргасан өрхийн төсөв ном дээр зөвлөмжийг  хүргэе.

Өрхийн төсөв зохиохдоо хамгийн багадаа 3 сарын турш орлого, зарлагаа нэг бүрчлэн бүртгэсэн байх ёстой. Бидний хамгийн гол асуудал бол орлого, зарлагаа бүртгэж хөтөлдөг байх явдал юм. Өрхийнхөө орлого, зарлагыг бүртгэснээр та ашиг, алдагдал болон цэвэр хөрөнгийнхөө дүнг тооцож чадна. Энд өрхийн гишүүд ямар нэгэн хэмжээнд бүгд оролцоотой байх ёстой. Төсвөө хэлэлцээд шийдвэрлэсэн бол аль болох чанд баримтлах нь зүйтэй. Санхүүгийн сахилга сайтай өрхүүд улирал, хагас болон бүтэн жилээр өрхийн төсвийн төлөвлөгөөгөө гарган мөрддөг. Үүний тулд ихээхэн хэмжээний орлого, зарлагаа урьдчилж тооцоолсон байна. Өрхийнхөө төсвийг тогтмол хөтлөх явцдаа тодорхой хугацаанд хянаж, шинжилгээ хийгээд өнгөрсөн хугацаанд ямар зүйлд мөнгө их зарцуулсан, юунаас хэмнэлт гаргаж чадсанаа дүгнэж байх шаардлагатай. Энэ үйл явцад хамгийн чухал нь өрхийн гишүүн бүр тооцоотой байх хандлагын болоод үйлийн өөрчлөлт бий болгож байвал үр дүн харагдана.

Зургийн тайлбар: Өрхийн төсвийн үндсэн ойлголтууд

Зургийн тайлбар: Өрхийн төсөв зохиох үе шатууд

-ӨРХИЙН ТӨСӨВ ЗОХИОХ АРГА-

1-р алхам: Орлогоо тооцох

+ Орлого-Юун түрүүнд өрхийн орлогын жагсаалтыг өгөгдсөн загварын дагуу гаргаж үзээрэй. Сар бүрийн орлогоо эх үүсвэрээр нь ялгаж бүртгээрэй. Жилийн эцсийн нийлбэр дүнг мөрийн дагуу нэмж гаргана.

зургийн тайлбар: Өрхийн орлогын ангилал

2-р алхам: Тогтмол зарлагаа тодорхойлох

-Тогтмол зарлага-Энэ нь сар, улирал, хагас жил тутамд төлвөл зохих дүн юм. Жишээ нь: Цахилгаан, байрны төлбөр, утасны төлбөр, авто машины татвар гэх мэт. Эдгээр зарлагыг олон сарын дундаж дүнгээр баримжаалан тооцно.

3-р алхам: Тогтмол бус зарлагаа тооцох

-Тогтмол бус зарлага- Улирал, цаг агаар, өрхийн гишүүдийн тоо, баяр ёслол зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан зарцуулагдах ба хугацаа, мөнгөн дүнгийн хэмжээ нь байнга өөрчлөгдөж байдаг зарлагууд энд хамаарна. Жишээ нь: Өрхийн гишүүдийн хэрэглээний зарлага, тухайлбал хоол хүнс, ахуйн хэрэглээ, хувцас, үзвэр үйлчилгээ, хандив, бэлэг, аялал зугаалга гэх мэт.

4-р алхам: Төсөв зохиох

= Төсөв. Орлого - тогтмол зарлага = Төсөв

Зарцуулах мөнгөний төсвөө сар сараар нь харах боломжтой болгох, үүний үр дүнд төсөв бага байгаа үеийг хэрхэн даван туулахаа төлөвлөх юм. Цаашид төлбөрийн ачааллаа тэнцвэржүүлэхийн тулд их хэмжээтэй, тогтмол дүнтэй зарлагад зориулан хуримтлуулах, зарим төлбөрийг хуваан төлөх гэх мэтээр зохицуулалт хийж болно.

5-р алхам: Гарт үлдэх мөнгөө тооцох = Гарт үлдэх мөнгө 4-р алхамд тооцсон төсвөөс тогтмол бус зарлагаа хасвал гарт үлдэх мөнгөн дүн гарна. Ирээдүйн худалдан авалтандаа зориулан хуримтлуулах, санхүүгийн гэнэтийн хямралд өртөхгүйн тулд гарт үлдэх мөнгийг аль болох нэмэгдүүлэхийг зорих хэрэгтэй.

Харин одоо өрхийн төсвөө хөтлөх хялбар аргуудыг санал болгоё.

Дугтуйт төсвийн арга

зургийн эх сурвалж: urkhiintusuv.mn

Зардлын төрөл бүрээр дугтуй бэлтгэн өрхийн төсвийнхөө тооцоог хуваарилж, төлөвлөгөөтэй зарцуулах арга юм. Америк болон Солонгос, Хятад улсад өргөн хэрэглэдэг. Энэ арга олон айл өрхөд үр ашгаа өгч чадсан байдаг. Дугтуйт төсвийн аргыг хэрэгжүүлэхийн өмнө орлого, зарлагаа бүртгэх бөгөөд түүнд үндэслэн орлого, зарлагаа төлөвлөнө. Өрхийн орлогыг зарцуулахын өмнө бага ч болов мөнгийг хуримтлалдаа тогтмол хийсний дараа хэрэглээнд хуваарилна. Орлого хэрэглээнээс илүү гарвал хадгаламжаа нэмэгдүүлэх нь зүйтэй. Энэ аргын гол агуулга бол өдөр болон сараар нийтлэг гардаг зардлуудаа тус тусад нь дугтуйнд хийнэ. Жишээ нь: Хоол хүнс 200000 төгрөг, унаа тээвэр 75000 төгрөг, өр зээл 280000 төгрөг, хадгаламж 200000 төгрөг гэх мэт.

Компьютерийн арга

зургийн эх сурвалж: urkhiintusuv.mn

Компьютер, гар утас дээр ажиллах дуртай хүмүүст олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн “Төсөвчин” хэмээх ашиглахад хялбар цахим хувилбарыг санал болгож байна. Өрхийн төсвийг цахим хэлбэрээр интернетэд холбогдсон үед компьютер, ухаалаг гар утсан дээр нэмэлт програм суулгахгүйгээр ашиглах боломжтой. Энэхүү програм нь төсвөө өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан хөтлөх боломж олгодог бөгөөд хэрэглэхэд маш хялбар юм. Уг үнэгүй аппликейшны “IOS” ба “Android” хувилбарууд байдаг. Өрхийн төсөв зохиохдоо тодорхой түвшинд алхамчлах хэрэгтэй. Жишээ нь: Өрхийнхөө орлого, зарлагыг бүртгэх, зарлагынхаа түүхийг дүгнэж, тэвчиж болох зардлаа олж илрүүлэн, өрхийнхөө төсвийг зохиох, өрхийн төсвөө чанд мөрдөн санхүүгийн сахилгатай байх.

Өрхийн төсвийн үндсэн зарчим

• Өрхийнхөө төсвийг нэг байлгаж, шийдвэрийг хамтдаа хэлэлцэж гаргах;

• Хадгаламжийнхаа дансыг хоёр хүний нэртэй, мөн хоёр хүний гарын үсэгтэй байлгах;

Хүснэгтийн арга

Өрхийн төсвийг янз бүрийн хэлбэрээр хөтлөх боломжтой. Энэхүү хүснэгтийн аргачлал нь сонгодог аргачлал ашигласан цаасан дээр бүртгэх хувилбар юм. Төсвөө ямар хугацаанд хөтлөхөө төлөвлөж, өөртөө зорилго тавиарай. Хоёр сарын дараа гэхэд та орлого зарлагаа харьцуулах боломжтой болно. Гурав буюу түүнээс дээш сарын дараа зарлага өндөртэй сар болон орлого, зарлага их хэлбэлздэг мөчлөгийг тодорхойлж чадна.

 

 

 

 

 

Япон улс Дижитал шинэчлэлийн яамтай болно
Япон улс Дижитал шинэчлэлийн яамтай болно
 
ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томиллоо
ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.