Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн үйл ажиллагаанд зориулж гаргах зардалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд дараах байдлаар тодорхой заасан. Тухайлбал:
1.Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчид 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө Үндэсний Аудитын газарт зардлын данс нээсэн банкны нэр, дансны дугаарыг бүртгүүлэх;
2.Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчдэд зардлын данс нээсэн өдрөөс нь хойш сонгуулийн үйл ажиллагаанд зориулж мөнгөн хандив өгч болох бөгөөд иргэний хувьд арван сая төгрөг, хуулийн этгээдийн хувьд гучин сая төгрөгөөс хэтрэхгүй хэмжээтэй байх;
3.Хандив өгч байгаа иргэн нь нэр, хандивын эх үүсвэрийн мэдээлэл болон иргэний бүртгэлийн дугаар (регистрийн дугаар), хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ тус тус банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаах, буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэх;
4.Мөнгөн бус хандивыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуусах хугацаанд зөвхөн тухайн нэр дэвшигчид өгнө. Мөнгөн бус хандивын үнэлгээг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн хандивын гэрээгээр хэмжээг тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байх;
5.Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхлэн сонгуулийн тойрогт нэр дэвшигч 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх, нам, эвсэл 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд дээрх хуулийн 39.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас, дансанд шилжүүлэх хэлбэрээр тус тус зарлага гаргах;
6.Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигч авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нийтэд ил тод мэдээлж, Үндэсний Аудитын газарт хүргүүлэх;
7.Нам, эвсэл 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дотор, сонгуулийн тойрогт нэр дэвшигч 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор МУ-ын Ерөнхий аудиторын А/45 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын дагуу зардлын тайлангаа тус тус гарган хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж, Үндэсний Аудитын газарт тус тус хүргүүлэх зэрэг болно.
Дээрх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.21, 17.1.23, 17.1.25, 17.1.26, 17.1.27-д заасан хариуцлага хүлээх бөгөөд зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь дараагийн сонгуульд оролцоход нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохыг анхаарна уу.