Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхэллээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн эдлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах, мониторинг, дүн шинжилгээ хийх хүрээнд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Энэ хүрээнд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын Н.Булгамаа нартай уулзаж, хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, байдлын талаар мэдээлэл солилцож, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр анхаарах дараах асуудлыг тодотгож ярилцлаа.
Уулзалтаар
1. Санал авах байрны хүртээмжийг нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд ээлтэй байдлаар стандартад нийцүүлэн тохижуулах, ялангуяа санал авах байрыг тухайн барилгын 2, 3, 4 давхар болон В1 давхарт байрлуулахаас зайлсхийх.
2. Санал авах байрны үүд хэсэг өндөр довжоотой, орц, гарц нь хүртээмжгүй, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль тэмдэглэгээ, томруулдаг шилний хүрэлцээ хангалтгүй, хэсгийн хорооны ажилтнуудын зааварчилгаа сул, ойлгомжгүй зэрэг гомдол, мэдээлэл ХЭҮК-т УИХ-ын өмнөх удаагийн ээлжит сонгуулийн үеэр ирж байсныг энэ удаагийн сонгуулиар давтан гаргахгүй байх.
3.Нэр дэвшигч нь өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан 48 дугаар зүйлд заасан
- Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх
- Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх
- Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах
- Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх
- Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах
- Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхгүй байх хуулийн зохицуулалтын хэрэгжилтэд шат шатны Засаг дарга нар хяналт тавих
4. Санал авах өдрийн өглөө, оройн цагаар санал авах байрны гадаа бөөгнөрөл, ачаалал үүсэхээс сэргийлэх. Бүртгэлийн төхөөрөмж санал хураалтын өдрийн 22.00 цагт автоматаар унтардаг болон саналын хуудас хэрхэн бөглөх талаарх мэдээлэл, нөлөөллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх. Холбогдох хууль журамд заасны дагуу ажиглагчдад ялгавартай хандахгүй байхад анхаарах. Хяналтын тооллого хийх ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага болон сонгогчдын төлөөллийг ажиглагчаар оролцуулах боломжийг бүрдүүлж ажиллахыг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид СЕХ-нд зөвлөлөө.
СЕХ-оос брайль үсгээр санал авах хуудсыг бэлтгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх сайн дурынхныг ажиллуулах зэргээр Комиссоос 2021 онд өгсөн зөвлөмжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийн бүрэн эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгааг танилцуулаад санал авах байрыг стандарт, шаардлагад нийцүүлсэн орчин нөхцөл бүрдүүлэх талаарх сум, дүүргийн Засаг дарга нарын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахыг сануулсан гэдгийг танилцууллаа.
Улмаар саналыг дүнг тоолж, нэгтгэж буй процессыг иргэдэд хяналтын дэлгэцээр нээлттэй танилцуулахаар зохион байгуулалт, бэлтгэж байгаа бөгөөд иргэдийн гомдол, мэдээллийг сонгогчийн лавлах 1800-2800 тусгай дугаараар 08.00-20.00 цагийн хооронд хүлээн авч байгаа гэлээ.