2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр хаяанд ирсэн энэ цаг мөчид сонгогчдын өлөөлөлтэй уулзаж, сонгуулийн талаарх бодол санааг нь тольдохыг хичээлээ. Сонгуулийн ирц, идэвхийн талаар яригдахад залуучууд сүүл мушгиж, шүүмжлэл дагуулдаг. Энэ удаад өөрчлөгдсөн эсэх нь сонирхол татсан учраас бүх насны төлөөлөлтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсов. Харамсалтай нь залуучуудын хандлага өөрчлөгдөөгүй нь тэдний хариултаас тодорхой харагдлаа. “Саналаа өгөхгүй. Сонгуульд ач холбогдол өгдөггүй. Ажил, хичээл ихтэй, санал өгөх зав байхгүй. Сайн мэдэхгүй байна" гэх нэгэн хэвийн төвөгшөөсөн хариулт. Зарим нэг нь санал өгнө гэж хариулсан хэрнээ тойрогтоо нэр дэвшиж байгаа хүмүүсийнхээ талаар ямар ч мэдээлэл байхгүй. "Олонхоо л дагана даа. Аав, ээж хэнийг сонгоно. Тэрийг нь л сонгоно доо" гэх мэт өрөвдмөөр хариулт өгөх нь дэндүү харамсмаар.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын 2024 оны хүн амын нас, хүйсийн мэдээллээс харахад сонгуулийн насны нийт хүн амын 41 хувь нь 16-34 насныхан байна.
Эсрэг талд нь 35-аас дээш насныхны төлөөллийн хариулт талархмаар байв. "Дээл хувцсаа бэлдээд саналаа өгдөг. Сурталчилгааны хугацаанд сайтар судалж байгаад хийж бүтээх хүсэл эрмэлзлэлтэй шинэ залуу хүмүүсийг сонгоно. Бидний сонголтоос бидний хүүхдийн ирээдүй шалтгаалах учраас нухацтай хандах цаг нь ирсэн" гэх мэтчилэн нэгийг бодогдуулах хариултуудыг өгөв.
ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ: Сонгуульд ач холбогдол өгдөггүй. Өгөхийг ч хүсдэггүй. Учир нь бүгд худалч. Худал амлалт өгч сонгогдчихоод амлалтаа мартчихдаг ийм байхад хэн ч цаг заваа гарздаж сонгууль өгөхийг хүсэхгүй шүү дээ.
ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ: Хичээл ихтэй болохоор одоохондоо сонгуулийн талаар бодох ч сөхөө алга. Саналаа бол өгнө. Харж байгаад залуучуудынхаа төлөөллөөс сонголтоо хийх байх.
ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ: Сонгуульд идэвхтэй оролцохыг хичээдэг. Энэ жил саналаа өгнө. Одоохондоо ямар хүмүүс нэр дэвшиж байгааг нь сайн мэдэхгүй байна. Олонхоо л дагах байх. Аав, ээж хэнийг сонгоно. Тэрийг нь л сонгоно доо.
ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ: Сонгуульд саналаа өгч үзээгүй. Орон нутгийн хаягтай, хотод ажилладаг болохоор санал өгөх боломж байдаггүй.
ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ: Залуучуудын идэвх бага байдаг нь үнэн. Би ч адилхан. Сонгууль гэдэг залуус бидэнд нэг их хамаагүй, мэддэг ойлгодог хүмүүс нь л тэр улс төрөө хөөгөөд, өөрийгөө л хичээгээд сурах ёстой зүйлээ тултал сураад явахад болно гэж боддог байлаа. Сүүлийн жилүүдэд энэ бодол өөрчлөгдсөн. Хичээж сураад, хичээнгүйлэн ажиллаад байгаа хэрнээ бидний амьдралын чанарт ахиц гарахгүй байна. Энэ бол улс төрөөс шууд хамааралтай юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Тиймээс энэ жилээс сонгуульдаа идэвхтэй оролцоно гэж бодож байгаа.
35-ААС ДЭЭШ НАСНЫХНЫ ТӨЛӨӨЛӨЛ: Сонгуульд маш их ач холбогдол өгч саналаа өгдөг. Улс орон оршин тогтноход сонгууль шиг хэрэгтэй зүйл байхгүй. Харин муу хүмүүс гараад ирэхээр л дараа нь гутраад байдаг юм. 2020 онд ээ дээ мөн ядарсан юмнууд гараад ядраад дуусгалаа даа. Өнхөрч унаж, бүдэрсээр байгаад сонгуулийн хугацаа нь маргааш нөгөөдөр дуусах юм шиг байна. Дараагийнх нь ямар хүмүүс гардаг юм бол доо. Залбирч л суухаас даа.
35-ААС ДЭЭШ НАСНЫХНЫ ТӨЛӨӨЛӨЛ: Өнөөгийн монголын нийгэмд учраад байгаа бүх асуудал бидний сонголтоос шалтгаална. Бид сонголтоо зөв хийж чадахгүй байгаагийнхаа горыг өнгөрсөн жилүүдэд хангалттай амссан. Тухайн үеийн мөнгө төгрөг, эд материал, сайхан амлалт, уран цэцэн үгэнд итгэж сонголтоо хийчихдэг. Үүнийгээ л больчих хэрэгтэй. Энэ хүн ямар асуудал дэвшүүлж байна. Түүндээ хүрэхийн тулд юу хийж чадах вэ. Хувь хүн хүмүүжил нь ямар вэ. Мэдлэг боловсрол нь хэр вэ гээд асар их судалгаа хийж, эцсийн сонголтоо хийх хэрэгтэй. Улс төрийн хүчнүүдэд уриалахад монголчууд цөөхөн. 3-хан сая хүн амыг тэжээж чадахгүй, ажилтай байлгаж чадахгүй байгаа нь улс төрчдийн буруу гэж ойлгож байна.
35-ААС ДЭЭШ НАСНЫХНЫ ТӨЛӨӨЛӨЛ: Хүн бүр идэвхтэй оролцох ёстой. Тэгж байж бидний болон хүүхдүүдийн маань ирээдүй сайн сайхан байх болов уу гэж боддог.
35-ААС ДЭЭШ НАСНЫХНЫ ТӨЛӨӨЛӨЛ: Энэ жилийн сонгууль маш чухал. Нийгэм ямар байгааг сайтар эргэцүүлж бодоод зөв сонголт хийгээсэй гэж хүсэж байна. Тэр дундаа залуучууд маань маш их идэвхтэйгээр хамгийн зөв сонголт хийх нь чухал.
"Залуусын үнэлэмж, улс төрийн боловсрол, төлөвшил нь бага ч болов өөрчлөгдсөн болов уу" гэх хүлээлт энд хүрээд унтрав. Монголын маргаашийг бүр цаашлаад ирээдүй хойч ямар байх вэ гэдгийг шийдэх чухал сонголт хийх гэж буй залуусын төлөөлөл ийм сэтгэлгээтэй байгаа нь харамсалтай.
Юм бүхэнд л шахам миний эрх, би тэгэх ёстой гэх хандлага ноёрхож буй өнөө цагт залуус бид сонгууль өгөхийг дан ганц эрх гэхээсээ илүүтэй үүрэг хэмээн ухамсарлаж, хариуцлагатай сонголт хийдэг болохсон.