Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Отгонхүү: Пүүжээ маань цай буцалгаад, дараа нь Монголоос авчирсан шуузаараа шөл хийсэн. Тухайн үед найзынхаа хийсэн хамгийн сүүлийн хоол гэж даанч санаагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
14 минут 5 секунд

Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргил руу авиралт хийхээр явсан уулчид болох Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар тавдугаар сарын 12-ны өдрөөс хойш сураггүй болсон тул 14-ний өдөр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Харамсалтай нь тавдугаар сарын 17-нд Ц.Өсөхжаргалын цогцсыг далайн түвшнээс дээш 8550 метр өндрөөс олдсон бол, 18-ны өдөр Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг далайн түвшнээс дээш 8400 метр өндрөөс олсон талаар Монголын Уулчдын үндэсний холбооноос мэдэгдсэн байдаг. Тэгвэл эрүүл мэндийн шалтгаанаар Д.Отгонхүү бууж, үлдсэн юм. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа өнөөдөр /2024.06.10/ ийн бичжээ.

"Багийн ахлагчийн хувьд сайхан ах болон сайн найзаа Эверест ууланд үлдээгээд ирсэнд уучлаарай. Ц.Өсөхжаргал ах, Л.Пүрэвсүрэн найзынхаа гэр бүл болон найз нөхөд, таньдаг бүх хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлал гуйж байна. Та хоёртойгоо оргил хүртэл хамт авирч, сүүлийн мөч хүртэл нь хамт байж, эх орондоо эрүүл саруул авчирч чадаагүйдээ үнэхээр их харамсаж байна. Миний хувьд туршлага дутсан, шерпагүй хоёуланг нь дээш нь авируулсан, сүүлийн үеийн байрлал заагч ашиглаагүй, багийн ахлагчийн үүргээ сайн биелүүлээгүй гээд зөндөө л алдаа гаргасан.

Эверест бол уулчин хүн бүрийн мөрөөдөл байдаг. Ууланд авирч эхэлснээс хойш хүн болгон л Эверестэд авирч, оргилд гарахыг мөрөөддөг.

Манай багийн хувьд өнгөрсөн жилээс Эверестэд авирах төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажилдаа орсон. Ууланд дан ганц эр зоригоор авирдаггүй ээ. Тухайн ууланд авирахаар бодож эхэлснээс хойш, бэлтгэл ба авиралтын төлөвлөгөө, авиралтын зам болон төрлөө сонгож, өмнө нь авирч байсан хүмүүсийн мэдээллийг авдаг. Мөн өмнө нь авирч байсан манай уулчдад үйлчилж байсан 8К компанийг сонгосон. 8К компаниас үндсэн отгийн бүх үйлчилгээ, 2-р отгийн хоол майхан, 3 болон 4-р отог дээр зөвхөн майхан ашиглах үйлчилгээг авахаар тохирсон билээ. Бид гурав ийм л төлөвлөгөөгөөр л явсан. Манай багийн хувьд сайн судалж үзээд шерпагүй буюу хөтөчгүй, Ц.Өсөхжаргал ахын хувьд хүчилтөрөгчтэй, Л.Пүрэвсүрэн бид хоёр хүчилтөрөгчгүй авирахаар зорьсон. Бид гурав бүх шийдвэрүүдээ байнга ярилцаж гаргадаг байсан.

Дөрөвдүгээр сарын 5-нд “Жи Си Ай” клубийн зургаан гишүүн, “Улаанбаатар аялагч” клубийн нэг гишүүн маань бид гурвыг Эверестийн үндсэн отог хүртэл гаргаж өгөхөөр цуг явсан. Дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс үндсэн отог хүртэл явах алхалт маань эхлэсэн. Замдаа зүүн Лобуче оргилд гарахаар бас төлөвлөсөн. Дөрөвдүгээр сарын 15-нд Гималайн нурууны зүүн Лобуче /6165м/ оргилд хоёр шерпагийн хамт, нийтдээ есөн хүний бүрэлдэхүүнтэй гарсан. Лобуче оргил өндөрт дасах болон биеийн бэлтгэлд сайн нөлөөлсөн.

Авиралтын дараа бүгдээрээ үндсэн отог дээр очиж, бусад багийн гишүүд маань буцаж, бид гурав авиралтаа хийхээр үлдсэн. Авирах хүртэл уул аргадах Пуржа ёслол, Хумбу мөсөн голын нэг удаагийн бэлтгэл, өндөрт биеэ дасгах хоёр удаагийн бэлтгэл хийсэн. Хоёр дахь удаагийн бэлтгэлээр 3-р отог буюу 7200 метр хүртэл бэлтгэсэн. Бэлтгэлийн хугацаанд хумбу мөсөн голын хана нурах, Лхоцегийн нүүрнээс чулуу нурах гэх мэт эрсдэлүүд гарч байсан.

Тухайн үед найзынхаа хийсэн хамгийн сүүлийн хоол гэж даанч санаагүй ээ. Тэр шөл үнэхээр гоё амттай байсан

8К компаниас зарим мэдээллийг буруу өгсөн байсан. Тэдгээрт залруулга хийе.

1. 8К компаниас 100% үнэгүй шерпа санал болгоогүй ээ. Авирах боломжтой шерпа олдвол нэмэлт төлбөр авахгүйгээр, шерпагийн гарын мөнгө болох 2500 $ болон авиралтын үед хөтчийн зарцуулсан хүчилтөрөгчийн мөнгийг төлж болно гэж хэлсэн. Манай багийн хувьд эхнээсээ шерпагүй авирна гэж төлөвлөсөн. Хэрвээ бэлтгэлийн үед бие дасахгүй хэцүү байвал шерпатай авирна гэж ярилцсан байсан. Хэрвээ шерпа авахаар бол мөнгө нь ч хангалттай байсан. “Мөнгөгүй байсан болохоор шерпа аваагүй” гэдэг ойлголт буруу. Өндөр авалтын бэлтгэлийн үед гурвуулаа биеийн болон сэтгэл санааны бэлтгэл сайн байсан болохоор шерпа аваагүй юм аа.

2. Цаг агаар муу байхад зөрөөд явсан гэсэн байсан. Энэ мэдээлэл ч гэсэн худлаа. Бид гурав цаг агаарын мэдээ хараад, 8К компанийн захирал Лакпагаас цаг агаарыг нягталж асуусан. Улмаар тавдугаар сарын 8-нд үндсэн отгоос гарахаар төлөвлөсөн байв. Харин тухайн өдөр нь Лапка маргааш нь гар гэж зөвлөсөн. Лакпа 5 сарын 9-Ингээд тавдугаар сарын 9-ний орой үндсэн отгоос хөдөлсөн. Хамгийн сүүлд цаг агаар харахад, тавдугаар сарын 13-нд цэлмэг, оргил дээр салхи 35-40км/цагийн хурдтай байсан. Тавдугаар сарын 12-17 хүртэл цаг агаарын мэдээ, салхины хурд зөрж байсан.

3.Өсөхөө ахын хувьд Непалд очихоос өмнө дөрвөн хүчилтөрөгч захиалсан байсан. Хүчилтөрөгчөө бүгдийг нь 4-р отгоос авахаар тохирсон байсан. Пүүжээ болохоор хамгийн эхний өндөр авалтын дараа үндсэн отгоос хоёр хүчилтөрөгч авсан. 4-р отгоос дээш 4-5 ширхэг хүчилтөрөгчтэй авирсан.

Тавдугаар сарын 9-ний орой 23.10 цагаас үндсэн отгоос хөдөлсөн. Үндсэн отгоос шөнөжингөө Хумбу мөсөн голоор явж, 1-р отог дээр үүрээр очиж, хэсэг унтаад цааш 2-р отог дээр тавдугаар сарын 10-ны өдөр очсон. Өмнөх бэлтгэл дээр мешок болон авиралтын комбинзон, бусад хэрэгтэй зүйлсээ 2-р отог дээр авчирсан байсан. Оройн хоолны дараа бид гурав амрахаар хэвтсэн. Миний хувьд зүрхнээс болоод тэр шөнө ерөөсөө унтаж чадаагүй. Эм уусан ч зүгээр болоогүй. Дээр нь бас хоолны дуршил буурсан.

Тавдугаар сарын 11-ний өглөөний цай уусны дараа бүх ачаагаа бэлтгээд 3-р отог руу хөдөлсөн. Ачаа 20 орчим кг байсан. Ачаа хүнд болохоор нэлээд удаан алхсан. 3-р отог дээр Өсөхөө ах түрүүлж очиж, Пүүжээ бид хоёр 40 орчим минутын дараа хүрсэн. Пүүжээ болохоор намайг хүлээгээд нэлээд удаан явсан. Бид хоёр хүчилтөрөгч үүрсэн болохоор ачаа хүнд байсан. 3-р отогт очиход 8К компаниас нэг майхан барьсан байсан.

Эхлээд Пүүжээ маань цай буцалгаад, дараа нь Монголоос авчирсан шуузаараа шөл хийсэн. Тухайн үед найзынхаа хийсэн хамгийн сүүлийн хоол гэж даанч санаагүй ээ. Тэр шөл үнэхээр гоё амттай байсан.

Оройн хоолоо идсэний дараа амрахаар хэвтсэн. Миний хувьд бас л сайн амарч чадаагүй, манай хоёр ч гэсэн ойр ойрхон сэрсээр босох цаг болсон.

Тавдугаар сарын 12-ны шөнө авч явах зүйлсээ цүнхэндээ хийгээд, Өсөхөө ахын хүчилтөрөгчийг 3-р отгоос хэрэглүүлж эхэлсэн. Үндсэн отгоос гараад манай хоёрын ядралт гайгүй, өндрийн нөлөөнд ч бага орж байсан. Хоёр хоног сайн амраагүй болохоор миний бие нэлээд суларсан, алхах тусам ядарч, зүрхний цохилт нэмэгдэж байлаа. Өглөө 08.00 цагийн үед 7400 метрийн орчимд зүрхний цохилт хүчтэй болсны улмаас 5-10 секунд манарсан. Цас бага зэрэг бударч, салхитай үед шилээ авч зүүснээс болоод нүднээс нулимс гарч эхэлсэн. Тухайн мөчид удаан бодсоны эцэст буухаар шийдсэн.

Дээшээ 20 орчим метр өгсөж Өсөхөө ах, Пүүжээ хоёр дээрээ очсон. Манай хоёр инээгээд “Зүгээр үү” гээд сууж байсан. Би хэсэг амьсгаа аваад, биеийн байдлаас болоод цааш явж чадахгүй, буух болсноо хэлсэн. Бас өндрийн нөлөөнд орж, ядарч байвал цуг буух уу гэж асуусан. Манай хоёр ч юм хэлээгүй ээ. Тухайн үед буухгүй гэдгийг би ч гэсэн мэдэж байсан. Яагаад гэвэл манай хоёрын биеийн байдал сайн, өндрийн нөлөөнд ч бага орж, оргил хүртэл авираад, бууж ирэх чадалтайг нь сайн мэдэж байсан.

Пүүжээ маань “Бүр болохгүй бол бид хоёр буугаад ирнэ ээ” гээд л инээгээд явсан даа

Пүүжээгээс хүчилтөрөгчөө хэрэглэхгүй юм уу гэж асуухад бие сайн, өндрийн нөлөөнд орох нь гайгүй болохоор 4-р отог хүртэл хэрэглэхгүй гэсэн. Хойно хүмүүс ирж, түгжрэл үүсгээд байсан болохоор удаан ярилцаж сууж чадаагүй ээ. Өсөхөө ах түрүүлээд алхаж байя гээд явсан. Пүүжээд гар станцаа, нэмэлт нэг батерейтэй гаргаж өгөөд явуулсан даа. Бусад хүмүүсээс битгий тасраарай, цугтаа яваарай гээд захиад л явуулсан.

Пүүжээ маань “Бүр болохгүй бол бид хоёр буугаад ирнэ ээ” гээд л инээгээд явсан даа.

Тухайн үед нийтдээ 50-60 орчим хүн 4-р отог руу авирч байсан. Бид гурав тавдугаар сарын 12-ны өдөр, өглөөний 08.00 цагт 7400 метрийн орчмоос л салсан. Харин манай хоёр 4-р отог буюу 7965 метрт өдрийн 13.40 минутын үед очсон байсан. 3-р отгоос 4-р отог хүртэл 11-12 цаг зарцуулдаг, зам нь нэлээд урт байдаг. Манай хоёрын хувьд 10 цаг зарцуулсан байсан. Энэ нь ядралт багатай 4-р отог дээр очсон байсан гэсэн үг. Миний хувьд тавдугаар сарын 12-ны орой 2-р отог дээр бууж ирсэн. Орой станцаар холбогдох гээд дуудсан, даанч хариу өгөхгүй байсан. Орой 4-р отог дээр хэдхэн цаг амраад авиралт эхэлсэн гэдгийг бол мэдэж байсан. Орой хариу өгөхгүй болохоор өглөө дахин холбогдъё гэж бодсон.

Тавдугаар сарын 13-ны өглөө 08.45 цагийн үед “Seven summit Treks” компанийн бууж байгаа хүмүүстэй 8600 метрийн өндөрт таарсан байсан. Тухайн үед манай хоёр дээшээ авирч байсан. Хоёулаа хүчилтөрөгчөө хэрэглээд авирч байсан гэж хэлсэн. Буухад зөрсөн Тенди гэдэг шерпагаас асуухад ядралт гайгүй авирч байсан гэж хэлсэн. Үүнээс гурван цагийн дараа 11.57-д, дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарсан.

Өсөхөө ах, Пүүжээ хоёр маань Эверестэд авирах, оргилд гарахын тулд маш их бэлтгэл хийж, маш их тэсвэр тэвчээр гаргаж, хүсэл мөрөөдөлдөө хүрсэн. Манай хоёр цаг агаар муудвал, өндрийн нөлөөнд орвол заавал оргилд гарахгүйгээр буцаад буугаад ирэх ухаантай уулчид. Бүх зүйл сайн байсан болохоор хүсэл мөрөөдлийнхөө оргилд гарсан. Даанч буух зам нь дардан байсангүй ээ.

Та хоёр маань авираад л буух хүчтэй байсан, даанч эверестийн салхи илүү хүчтэй байлаа. Магадгүй та хоёр маань бурхны оронд хэрэгтэй байсан болохоор бид бүгдээс аваад явсан байх. Ц.Өсөхжаргал ах, Л.Пүрэвсүрэн маань ямар ч нэр алдар, анхдагч байхын төлөө авирдаггүй. Ууланд авирах маш их дуртай, бас хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд авирдаг. Ууланд авирахад маш их эрсдэлтэй ч гэсэн, уулчин хүний хүсэл мөрөөдөл гэдэг илүү агуу. Та хоёр маань хүн бүрд сайн сайхныг хүсэж, тусалж дэмждэг, уулзсан хүн болгондоо л гэрэл цацруулж, урам зориг өгдөг байсан.

Та хоёроороо үргэлж бахархаж, дурсаж санаж явах болно оо. Сайхан ахыгаа, сайн найзыгаа маш их санаж, та хоёрынхоо орон зайг маш ихээр үгүйлж байна.

Улаанбаатар-Прага чиглэлд ирэх сараас 7 хоногт хоёр удаа  шууд нислэг үйлдэнэ
Улаанбаатар-Прага чиглэлд ирэх сараас 7 хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.