Монголбанк, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг хоёр дахин буурууллаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 54 секунд

Монголбанк, Хятадын Ардын банк хооронд 5 тэрбум юань буюу 1 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг хоёр орны худалдааг дэмжих замаар эдийн засгийг хөгжүүлэх, богино хугацааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх замаар санхүүгийн зах зээлийг тогтворжуулах гэсэн үндсэн 2 зорилгоор анх 2011 онд байгуулсан. Үүнээс хойш своп хэлцлийн ерөнхий гэрээний дүнг 2012, 2014 онуудад тус бүр 5 тэрбум юаниар нэмэгдүүлж 15 тэрбум юаньд хүргэсэн бол гэрээний хугацааг 2014, 2017, 2020, 2023 онуудад тус бүр 3 жилээр сунгаж ирсэн.

Монголбанк нь своп хэлцлийг 2012 оноос ашиглаж эхэлсэн ба 2012-2016 оны хооронд цэвэр өссөн дүнгээр нийт 12 тэрбум юань буюу тухайн үеийн ханшаар 1.8 тэрбум ам.долларыг ашиглажээ. Дээрх хугацаанд Монгол Улсын гадаад валютын улсын нөөцийн хэмжээ үргэлжлэн буурч, 2016 оны 10 дугаар сард 2010 оноос хойшхи хамгийн доод түвшинд буюу 1.04 тэрбум ам.долларт хүрсэн. Иймд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээтэй байдлын түвшнийг олон улсад мөрдөгддөг жишиг хэмжээнд хадгалах, иргэдийн төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, гадаад секторын хямралын үед хангалттай валютын нөөцтэй байх шаардлагын хүрээнд 2017-2022 онуудад своп хэлцлийн гэрээний хугацааг сунгаж, хүүг төлөх замаар өрийн дарамтыг хойшлуулж ирлээ.

Цар тахлын үеийн хямралын эдийн засаг 2022 оны сүүлийн хагасаас сэргэж эхэлснээр 2023-2024 онуудад төлбөрийн тэнцлийн урсгал данс ашигтай гарч, Засгийн газрын гадаад бондуудын дахин санхүүжилт амжилттай шийдвэрлэгдсэн. Улмаар гадаад валютын улсын нөөцөд үзүүлэх гадаад секторын дарамт харьцангуй тогтворжсон тул Монголбанк нь Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, Төв банкны хүүгийн зардал, алдагдлыг бууруулах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор ХАБ-тай байгуулсан своп хэлцлийн өр төлбөрөөс 2023 онд 1.5 тэрбум, 2024 онд 4.5 тэрбум юанийн эргэн төлөлтийг тус тус гүйцэтгэлээ. Ийнхүү 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар своп хэлцлийн ашиглалтын үлдэгдэл 6 тэрбум юань болж 2016 оны эцсийн түвшнээс 2 дахин бууруулж ажиллалаа.

ШҮҮХ: СЕХ-нд холбогдуулж гаргасан Б.Хурцын нэхэмжлэлийг өнөөдөр хэлэлцэнэ
ШҮҮХ: СЕХ-нд холбогдуулж гаргасан Б.Хурцын нэхэмжлэлийг өнөөдөр хэлэлцэнэ
 
МҮБХ: Допингийн төрлийн бодисын талаарх мэдлэг дээшлүүлэх хамтарсан сургалт зохион байгуулна
МҮБХ: Допингийн төрлийн бодисын талаарх мэдлэг дээшлүүлэх хамтарсан сургалт зохион байгуулна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц