Засгийн газрын өнөөдрийн буюу 2024.06.06-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбар, өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг нийт 30 гаруй асуудлыг хэлэлцэж буй билээ.
Эдгээрээс гадна Тавантолгой түлш ХХК-ийн менежментийг нийслэл рүү шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж буй талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Тэгвэл Тавантолгой түлш ХХК-ийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүргийн хүрээнд анх байгуулагдсан байдаг.
Тус үйлдвэр нь өнгөрсөн хугацаанд нэг их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд 2018-2022 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд "Эрдэнэс Тавантолгой" ХК, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам(БОАЖЯ)-наас нийт 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг бол Нийслэлийн төсвөөс сайжруулсан шахмал түлшний тээвэр борлуулалтын урамшуулал, түлшний хадгалалтын зардалд болон хяналт шалгалтын зардалд
- 2019 онд 14 тэрбум төгрөг
- 2020 онд 15.4 тэрбум төгрөг
- 2021 онд 26.9 тэрбум төгрөг
- 2022 онд 28.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байдаг байна.