Өсвөр насны хүүгээ утаснаас салгаж, хэрхэн ярилцах вэ? Энэ асуултын хариултыг олохын тулд Жэмие Кларк Монголыг зорин иржээ.
Жэмие Кларк Монголын алс хязгаар талыг моторт дугуйгаар туулахдаа салхины чимээ, моторын дуунд бодолдоо тэнүүчилнэ.
Хэдэн цагийн дараа зогсож, дуулгаа авангаа газрын зургаа нэг харлаа.
Энэ л ганцаардал, байгалийн гоо үзэсгэлэн, хувь тавилангийнхаа эзэн болж буй мэдрэмжийг өгдөг учир тэрбээр адал явдалд дуртай.
Гэвч хамт аялж буй 18 настай хүү нь түүний ард ирж моторт дугуйгаа унтраахад дөнгөж саяхан туулсан аялал нь түүнд шал өөр санагдана.
Түүний хувьд өөртэйгөө ганцаар байдаг гэдэг дасаагүй, түгшүүртэй зүйл аж.
“Бурхан минь, аймшигтай байлаа! Ингэж бодолтойгоо хоёулхнаа үлдмээргүй байна!”
Гэвч энэ л мэдрэмж анх тэр хоёрыг адал явдлаа эхлүүлэх шалтгаан болжээ.
Кларк бол цаначин, уулчин, адал явдал эрэлхийлэгч. Гэвч сүүлийн үед түүний хүү Кобе гэртээ байнга утсаа оролдож, тэдний харилцаа улам хөндийрсөөр байв.
Хүүгээ жаахан байхад Блэкбэрри утсаараа хамт байнга тоглодог байсан өөрийгөө ч буруутгаж үзнэ.
“Хувь хүн болон гэр бүлийн хүрээнд ямар нэгэн донтолт байгаа бол бид л үүнийг улам дэвэргэдэг. Төхөөрөмжийн хувьд мэдээж сайхан эд гэвч манай гэр бүлийг удирдаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн.” гэж Кларк BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Хэдэн жилийн өмнө 50 насны төрсөн өдрөө тэмдэглэх гэж гэр бүлээрээ алслагдсан цанын бааз руу явахдаа асуудлыг анх олж харжээ.
Тэр газарт ямар ч утасгүй интернет, хүлээн авагч байхгүй байв.
“Түүнээс өмнө хэзээ ч утасгүйгээр долоо хоног байж үзээгүй. Үнэхээр сонин байсан” гэж Кобе хэлэв.
Тухайн үед Кобе ард үлдсэн найзуудтайгаа холбогдох снэпчат, инстаграм гээд юу ч байгаагүйд уурласан гэдгээ ний нуугүй хэллээ.
Энэ асуудал аавд нь гэр бүлдээ бий болсон технологийн орон зайг ойлгож, хэрхэн засах талаар бодоход хүргэжээ.
Тэрбээр удаан хугацааны туршид Монголыг моторт дугуйгаар туулахыг мөрөөдсөөр байж. Харин одоо түүний хүү том болсон учир яагаад хүүтэйгээ хамт энэ аялалыг хийж болохгүй гэж?
Жил гаруйн өмнө хүүдээ хамт аялах санал тавьсан ч Кобе түүнд үгүй гэдэг хариултыг өгчээ.
Түүнээс хойш хүү нь моторт дугуй унах үнэмлэхээ авч, тэр хоёр урт хугацааны аялалд бэлдэж эхэлсэн байна. Аав нь хоёр ч удаа Эверестэд авирч байсан бол Кобед ямар ч туршлага байсангүй. Тиймээс ууланд авирах дасгал ч бас хийв.
Тэд долдугаар сарын 28-нд аяллаа эхлүүлж, дараагийн нэг сарын туршид 2200 км замыг моторт дугуй, морь, тэмээгээр туулсан байна.
Хэдийгээр аяллаа инстаграмдаа оруулмаар байсан ч, өөрсдийн зургаа буцаж очтолоо нэг ч хийхгүй гэж тохирчээ.
Кобегийн хувьд утаснаасаа хол байх нь яггүй сорилт болсон гэж хэлнэ.
“Бүх аяллын туршид утсаа санах мэдрэмж төрсөөр л байлаа. Уйдвал юүтүб, нетфликсээ асаагаад л болох байлаа. Харин оронд нь яах вэ? Оддыг ширтэж, гараараа оролдоно гэж үү?” гэж Кобе хэллээ.
Гэхдээ аавтайгаа хамт байж, аавыгаа таньж мэдэх нь их чухал байлаа. Зам дээр, майхандаа хоол хийж, хамтдаа байж өнгөрүүлсэн цаг хугацаа үнэ цэнтэй байсан гэв.
“Аав ажил, гэр бүлээсээ тусдаа байхдаа илүү миний үеийн юм шиг аашилдаг” гэж мөн хэлжээ.
Үүний адилаар Кларкт ч бас өдөр тутмын эцэг хүүгийн харилцаанаас гарсны дараа хүү нь ямар том болсныг анзаарчээ.
Намайг хүүгээ өөрөөр харахад хүргэсэн. Хүүгээ үргэлж л хүрмээ ширээн дээр орхиж, аягаа угаадаггүй чигээр нь бодож байж. Хүүгээ эр хүн болж байгааг, хүнд нөхцөл байдалд ямар хариу үйлдэл гаргаж буйг хараад гайхсан гэж Кларк хэлнэ.
Аялал дууссан учир одоо тэр хоёр сурсан зүйлсээ өдөр болгон амьдралдаа хэрэгжүүлэхээр хичээж байгаа гэв.
Кобе одоо технологийг хэрэглэж болох ч, зайлшгүй хэрэглэх ёстой зүйл биш болгохоор хичээж байна. “Хүмүүс хамтдаа байхдаа утсаа оролдохоос илүү амьд харилцаатай байх хэрэгтэй шүү дээ. Анхаарлаа хандуулахгүй байна гэдэг бүдүүлэг явдал” гэж Кобе хэлнэ.
Мэргэжилтний үг
Эцэг эхчүүдэд медиа, технологийн чиглэлээр боловсрол олгодог, ашгийн бус байгууллага “Common Sense Media”-ийн эрхлэгч Кэролин Кнорр “Хүүхэдтэйгээ ойр харилцаатай байхын тулд дэлхийн нөгөө талд очих шаардлагагүй. Гэртээ утас ашиглахгүй цагийг бий болгож болно. Аялал зугаалгаар явахдаа бас энэ дүрмийг баримталж болно шүү дээ” гэж хэлжээ.
Утас ашиглахгүй цагтаа тоглоом тоглож, гадуур алхаж, кино ч үзэж болно. Амарч байх үедээ утас ашиглахгүй байна гэдэг бараг л боломжгүй. Гэхдээ хүүхдэдээ ямар зуршлыг суулгамаар байна өөрөө эхлээд үлгэрлэж үзүүлэхийг Кнорр зөвлөж байна.
Ямар ч интернет, утасгүй зүгээр л суугаад хүн ёсоор харилцахын үнэ цэнийг ойлгуулах чухал. “Гэр бүлдээ цаг гаргахын тулд утсаа унтрааж байна” гээд илэн далангүй хэлэх хэрэгтэй.
Технологийн хөгжлийг буруутгах эсвэл хүүхдээ технологийг ашиглахад дургүйцэж болохгүй. Олон эцэг эх хүүхдийг нь технологи буруу хандлагатай болгоод байна гэж боддог.
Гэвч үнэндээ хүүхдүүд гэр бүлтэйгээ хамт байхаас илүү поп соёлыг сонирхох нь хөгжлийнх нь нэг хэсэг.
Өсвөр насны хүүхдүүд Тик Ток, Снэпчат сонирхох энгийн үзэгдэл. Гэхдээ тухайн аппликэшнийг хөгжүүлж буй хүмүүс хүнийг аль болох удаан хэрэглүүлж, зар сурталчилгаанаас мөнгө олох ашиг сонирхолтой байдаг гэж Кларк хэлжээ.
Эх сурвалж: BBC