Дархан Нэхий ХК-ийн үйлдвэрлэлийг явуулдаг гол 3 охин компани болох арьс шир боловсруулалтын Нэхий таннери ХХК, нэхий, савхин дээл, арьс ширэн гутал үйлдвэрлэлийн Нэхий гармент ХХК, дизайн боловсруулалт, тусгай захиалгын үйлдвэрлэлийн Як трейд ХХК-иуд үйл ажиллагаандаа ISO 9001:2015 олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ.
Дархан Нэхий ХК нь 48 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд малын түүхий эдийг хүлээн авч, бүтэн сарын турш боловсруулалт хийн хагас болон гүйцээн боловсруулсан нэхий, савхи, илэг, ширийг дотооддоо оёдлын үйлдвэрүүдэд нийлүүлж кластерийн бодлогыг дэмжин ажиллаж байгаа ба гадаад зах зээлд хагас боловсруулсан хөх ширийг экспортолж байна.
ISO 9001 гэрчилгээг авсан тохиолдолд үйлчлүүлэгч/хэрэглэгч нь тухайн байгууллагын дотоод процесс, үйл явцыг давхар хянаж, шалгах шаардлагагүй, тухайн хяналт шалгалтыг компани өөрийн дотоод аудит болон гадны баталгаажуулалтын байгууллагын тусламжтай хийчихсэн гэдгийг илтгэнэ. Ийм ч учраас ISO 9001 стандарт нь зарим нэг байгууллагын хувьд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд онцгой үүрэгтэй байдаг. ISO 9001 нь Чанарын Удирдлагын Стандарт тул бусад стандартын үндэс суурь нь болдог юм. Тодруулбал, машин тоног төхөөрөмжийн ISO/TSA 16949, агаарын тээврийн AS9100, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн ISO 13485 зэрэг салбарын стандартуудын үндэс нь буюу нэгэн чухал хэсэг нь болж орсон байдаг.
Эх сурвалж: МУЗГ